Боснийн Сербийн генерал асан Младичийг 1990-ээд оны дундуур Югославийн дайны үеэр олон мянган лалын шашинт иргэдийг зэрлэгээр хоморголон хөнөөсөн хэргээр яллаж буй. Өмгөөлөгч нь Младичийн биеийн байдлаас болон Олон улсын шүүхэд шилжүүлэхийг эсэргүүцсэн боловч эмч нар түүний бие үүнийг даана гэж үзжээ. 69 настай генералыг өнгөрсөн пүрэв гаригт Бельградын Лазарево хотоос баривчилсан билээ. Радко Младичийг сүүлийн 16 жилийн турш эрэн сурвалжилж байсан юм. Харин өчигдөр Бельградын шүүх Радко Младичийг НҮБ-ын хуучин Югославийг хариуцсан шүүхэд шилжүүлэх шийдвэр гаргасан байна. Сербийн дотоод хэргийн сайд Младичийг Гааг руу шилжүүлэх гэрээнд гарын үсэг зурсан ажээ. Сербийн Засгийн газар Радко Младичийг бурханчлан шүтдэг хэт үндсэрхэг үзэлтнүүд эсэргүүцэн жагсаал цуглаан гарахаас эмээн өмнө түүнийг шилжүүлсэн нь таамаглаж байснаас ч хурдан бүтлээ гэж Бельград дахь BBC-гийн сурвалжлагч өгүүлжээ. Генерал Младичийг шүүх шүүх хурал болох хүртэл НҮБ-ын олон улсын шүүхийн өндөр хамгаалалт бүхий хорих байранд эмчийн хяналтан дор хорьж байх юм байна. Мягмар гаригийн өглөө Младичийг охинтой нь уулзуулахыг зөвшөөрчээ. Түүний охин Ана Младич эцгийнхээ үйлдсэн харгис гэмт хэргийн талаар сониноос олж уншсаныхаа дараа 1994 онд амиа хорлохоор завдаж байсан гэдэг. Тэрбээр охинтойгоо уулзах үедээ лаа асаан, ганц улаан сарнайтай цагаан цэцгийн баглаа ширээн дээрээ тавин хүлээж байсан гэнэ. Младичийг баривчилсныг олон улс сайшаан хүлээж авсан юм. Энэ түүхэн үйл явдал Сербийг Европын холбоонд элсэхэд чухал алхам болно гэж ажиглагчид үзэж байна. Радко Младич төрсөн хүүдээ 1995 оны долдугаар сард Боснийн Сребренице хотод лалын шашинтнуудыг хоморголон устгасан аллагад өөрийгөө буруугүй гэж хэлсэн гэнэ.
Радко Младичийг Гаагийн шүүхэд шилжүүллээ
Боснийн Сербийн армийн командлагч асан Радко Младичийг Гааг дахь НҮБ-ын Олон улсын шүүхэд шилжүүлэхээр Нидерланд руу илгээлээ. Сербийн шүүх түүний давж заалдсан хүсэлтийг няцаасан даруйдаа НҮБ-ын Олон улсын шүүхэд илгээв.
Н.Энх