
Жил бүрийн тав, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гаригийг бүх нийтээр мод тарих үндэсний өдөр болгон зарласугай гэсэн зарлигийг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гаргасан байна. Энэ талаар дөнгөж сая Ерөнхийлөгчийн Байгаль орчны бодлогын зөвлөх н.Зоригт сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Зарлигийн дагуу ирэх тавдугаар сарын 15-ны өдөр орон даяар мод тарих хөдөлгөөн өрнөх аж. Энэ ажилд зөвхөн харьяалах төрийн байгууллагуудаар хязгаарлахгүй, төрийн бус байгууллагууд, тэр дундаа иргэдийн оролцоог идэвхжүүлэхэд чиглэх юм байна.
Зарлигийг хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд мөн үндэсний сан байгуулна. Түүнд хуримтлал бий болгож, түүнээсээ мод тарьсан иргэдэд урамшуулал олгоно. Мөн жил бүрийн хавар, намар мод тариад орхичихгүй. Түүнийгээ жилийн турш арчилж, хамгаална. Энэ ажлыг ихэвчлэн ажилгүй байгаа иргэд болон тэтгэвэрт гарсан ахмад настнуудыг цалинжуулах замаар арчлах хүнтэй байлгах талыг бодолцож, бусад орны туршлагаас судлахаар болж байгаа гэсэн мэдээллийг Байгаль орчны бодлогын зөвлөх мэдэгдлээ.
Г.Дарь