Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол Улсын Их Хуралд тайлангаа тавьж буй анхны төрийн тэргүүн болж байгааг УИХ-ын дарга З.Энхболд өчигдөр “ММ” агентлагт өгсөн ярилцлагынхаа үеэр онцолжээ. Ирэх баасан гаригийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд 14.00 цагт өнгөрсөн нэг жилийн ажлын тайлангаа тавих болсон тухай чуулганаар хэлэлцэх асуудлын дараалалд орсон байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц. Элбэгдоржийн өнгөрсөн нэг жилийн тайланг parliament.mn сайтаас бүрэн эхээр нь уншиж, танилцах боломжтой аж.
Мөн УИХ-ын дарга өчигдрийн ярилцлагаараа чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлаас гадна төрийн албан хаагчдын халаа сэлгээний асуудлаар УИХ-ын байр суурийг илэрхийлсэн байна. УИХ-ын даргын хэлснээр бол, “Хэд хэдэн яамны сайд нар улс төрийн албан хаагч атлаа төрийн үйлчилгээний албаны олон тооны ажилтныг халж сольсон хариуцлагагүй үйлдлүүд гарч байна. Ганцхан жишээ дурдахад, Хөдөлмөрийн сайдын тушаалаар 57 хүнийг ажлаас халсан байна. Төрийн албан хаагчийг ийнхүү халж, солих нь улс төрийн албан хаагчдад хуулиар хориотой. Засгийн газрын гишүүд, сайд нар энэ хууль зөрчсөн үйлдлээ даруй засч, залруулахгүй бол УИХ хариуцлага тооцох болно гэдгийг мэдэгджээ. Түүнчлэн “Ноолуурт татвар ноогдуулна гэж хэвлэл мэдээллийн хэрэгслээр явж буй асуудал нь худал цуурхал, УИХ ийм хуулийг батлахгүй. Өргөн барихгүй. Зарим ченжүүд УИХ-ын нэрийг барьж худлаа цуурхал гаргасан байна. Ченжүүд ноолуур татвартай болох учраас 70.000 төгрөгөөр авах ноолуурыг арай хямдаар авъя гэдэг. Дахин хэлье, УИХ ноолуур дээр татвар тавихгүй. Энэ асуудал зах зээлийнхээ жамаар явна” албан ёсны байр суурийг илэрхийлсэн нь нийгэмд хүлээлт үүсгэсэн олон асуултад хариу өгсөн явдал боллоо.
Ярилцлагыг энэхүү линкээр үзнэ үү.