“Мобиком” хууль зөрчсөөр байх уу?

Хуучирсан мэдээ: 2015.04.03-нд нийтлэгдсэн

“Мобиком” хууль зөрчсөөр байх уу?

Нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч, монгол хүний сайн сайхны төлөө гэх уриатай ажилладаг “Мобиком”-ынхан Монголын хуулийг зөрчсөөр байна. Тодруулбал, тус компанийн үйл ажиллагаатай холбоотой ШӨХТГ, ОБЕГ-аас  гаргасан шийдвэрийг “Мобиком”-ынхон огт хэрэгжүүлэхгүйд байгаа юм.

“Скайтел” компани 15 жилийнхээ ойг тохиолдуулан Чингэлтэй дүүргийн дөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “ТахьКо” компанитай түрээсийн гэрээ байгуулж, орчин үеийн харилцаа холбооны Олон улсын стандарт хангасан “Загвар” шинэ үйлчилгээний төвийг ТЕДИ төвтэй залгаа байранд нээжээ.  Гэтэл Мобикомын удирдлагууд “ТЕДИ” төв дээр “Скайтел, “Мобиком”-ын үйлчилгээний заал болон гар утасны худалдааны төвүүдийг холбож байсан үүд хаалга, хүзүүвчээ түгжин үйлчлүүлэгчдийн эрх төдийгүй, галын аюулгүй байдлыг гарцыг хаан дээрэнгүй авирлаж байгаад түрээслэгчид нь гомдолтой байгаа юм байна. Түрээслэгчдийн зүгээс компанийн удирдлагуудад удаа дараа хүсэлт тавьсан ч хүлээж аваагүй аж. Тиймээс түрээслэгчид ШӨХТГ болон ОБЕГ-т хандан гомдол мэдүүлсэн байна.  Өөрөөр хэлбэл, түрээслэгчийн болон худалдан авагчийн эрхийг зөрчиж байна хэмээн “Мобиком”-ыг буруутгажээ.

Түрээслэгч нарын гомдлын дагуу “ТЕДИ” төвд Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн гал түймрийн улсын хяналтын байцаагч н.Мягмаржав,  Онцгой байдлын ахмад П.Элбэгсайхан нар ажиллаж, “Мобиком”-ынхан “ТЕДИ” төвөөр үйлчлүүлж байгаа түрээслэгч болон үйлчлүүлэгчийнхээ эрхийг зөрчин, тэдний амь, нас эд хөрөнгийг эрсдэлд оруулж, нээлттэй байх галын гарцыг хаасныг нь тогтоосон байна. Гал түймрийн улсын байцаагчдын энэ оны хоёрдугаар сард гаргасан 10/08 тоот “Зам гарц хаасан зөрчлийг арилгуулах тухай”  заавал биелүүлэх дүрмийг “Мобиком”-ынхон  биелүүлээгүйгээр барахгүй үүнээс болж өнөөдөр “ТЕДИ” төв дээр багагүй бужигнаан үүсээд байгаа аж.

ШӨХТГ-ын улсын байцаагч Г.Энхманлай, Ж.Одсүрэн нар  мөн энэ оны нэгдүгээр сард түрээслэгчдийн гомдлыг дагуу шалгалт хийж “Мобиком”-ын удирдлагууд Гамшгаас хамгаалах тухай хууль, Галын аюулгүй байдлын тухай хууль, Өрсөлдөөний тухай хууль, Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах тухай хуулиудыг зөрчиж байгааг тогтоож, уг хаалгыг нээхийг шаардсан  ч мөн л хаданд хашгирсантай адилхан үйлдэл болж. 

Ийнхүү Монголын хуулийг зөрчин, төрөөс тавьсан шаардлагыг үл биелүүлж байгаа “Мобиком”-ын “даам гарсан” үйлдлийг зүгээр л хараад суух уу.  Том компани гэхээрээ жижиг түрээслэгчдийн эрх ашгийг зөрчих нь ингэхэд зөв үйлдэл гэж үү.

 М.ЯЛАЛТ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж