“Монголын эдийн засгийн форум-2015” чуулга уулзалт “Монгол Улсын алсын хараа” сэдвээр үргэлжилж байна.
Монгол Улсын анхны Ерөнхийлөгч асан П.Очирбат 25 жилийн өмнө “Монгол Улс Азийн бар орон болно” гэсэн уриалга дэвшүүлж байсан. Харин өнөөдөр эргээд харахад тэр зорилгод хүрсэн үү, ер нь Монгол Улсад алсыг харсан бодлого байна уу” гэдгийг энэ сэдвийн хүрээнд хөндөж байна.
Ерөнхийлөгч асан П.Очирбатын тодорхойлсноор, Монгол Улс 25 жилийн хугацаанд зургаан удаагийн УИХ-ыг сонгож, гаргаж ирсэн ч 14 удаа Засгийн газраа өөрчилжээ. Үүнээс нэг Засгийн газар нь өөрсдийн хүсэлтээр огцорсноос биш бусад 13 нь УИХ-аас гаргасан санаачлагаар огцорч байсан аж. Тодруулж хэлбэл, УИХ нь Засгийн газарт ажил хийх боломж олгож байсан удаагүй гэнэ. Мөн өнгөрсөн 25 жилийн түүхээ эргээд харвал олсон ололт бий. Нэг жишээ татахад иргэдийн өвөрт гар утас нь багталцахаа больсон. Малчны хотхоноос бар орнуудтай ярилцах боломжтой болсон гээд жишээ татвал бар орон болох элемэнт явж байна гэж Ерөнхийлөгч асан П.Очирбат тодотгов.
Төрийн соёрхолт, Ардын жүжигчин Д.Сосорбарам “Алсын хараа гэхээс илүүтэй ойрын хараагаа сайжруулж, ажил хийхгүй бол Авлигатай тэмцэх газар гэдэг аймшигтай газар бий боллоо. УИХ хүнээ өмөөрсөн хууль батлах хэрэгтэй байна. Үүний тулд Авлигатай тэмцэх газрын асуудлыг яаралтай хэлэлцэж, тийм нүсэр том биш, жижиг бүтэц болгон өөрчлөх. Хууль зүйн яамны харьяанд ч юм уу шилжүүлэх. Авлига өгсөн хүнтэй нь ганцхан тэмцэх биш авсантай ч бас тэмцэх. Хүндээ боломж олгосон хууль баталж байж алсын хараатай улс болох учраас нэн даруй энэ асуудлыг хэлэлцэх.
Хоёрдугаарт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн Хариуцлагын тухай хуулийн төслийг УИХ энэ хаврын чуулганы эхэнд хэлэлцэн батлах шаардлагатай. Дээрээсээ эхэлж хариуцлагатай болох шаардлага байна” гэсэн юм.
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт “Монгол Улсын төрийн бодлого тогтвортой биш, сонгуулиас сонгуулийн хооронд өөрчлөгдөж байгаа нь намууд төрийн бодлогыг тал тал тийш нь чангаадагтай холбоотой. Энэ байдлыг засч залруулахын тулд Үндэсний хөгжлийн урт удаан хугацааны бодлоготой болохоор УИХ-ын төвшинд ажлын хэсэг ажиллаж байна. Бодлоготой болох нь нэг хэрэг, гол нь энэ бодлогыг тууштай хэрэгжүүлэхэд гарц гаргалгааг гаргасан, тогтвортой орчинг бий болгосон, улс төрийн намууд нь энэ бодлогыг хэрэгжүүлэхийн төлөө нэгддэг байж, алсын хараатай бодлого хэрэгжих нэг үндэс болно. Ийм бодлоготой болохын төлөө УИХ ажиллаж байна” гэсэн юм.
Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт “Өнгөрсөн 25 жилийн түүхээ эргээд харахад ололтууд бий. 1990 онд Монгол Улс ардчилсан үзлийг сонгож байхад төсвийн дийлэнх хэсэг нь ЗХУ-ын тусламжаас бүрддэг, түүхий эдээ тус улсад гаргадаг бүтэцтэй байсан. Одоо бол төсвийн 70-80 хувийг хувийн хэвшил бүрдүүлж байна.
Дэлхий дээр улсаа тууштай тогтвортой бодлогоор хөгжүүлж чадсан дөрвөн орон бий. Хятад, Турк, Сингапур, БНСУ” болно гэлээ.
Хэлэлцүүлэг үргэлжилж байна.
Г.ДАРЬ