Өчигдөр Дархан-Уул аймгийн хэвлэл мэдээллийн ажилтнууд, сэтгүүлч нарт болон арилжааны банкны удирдлагуудад зориулсан сургалтыг Монгол банкнаас зохион байгуулсан юм. Монгол банкны олон нийттэй харилцах хэлтэс одоогоос жилийн өмнө байгуулагдсан бөгөөд анх удаа орон нутагт сургалт зохион явуулж байгаа нь энэ гэлээ. Тэд Монгол банкнаас хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах стратеги, мөнгөний бодлого, тус банкны шинэчлэгдсэн цахим хуудаснаас хэрхэн хэрэгтэй мэдээллээ бага хугацаа зарцуулан олж авах вэ зэрэг үндсэн гурван сэдвийн талаарх мэдээлэл хийсэн. Ялангуяа нийгэмд мэдээлэл түгээдэг хүмүүс нь сэтгүүлч байдаг учраас тэдэнд Монгол банкны үйл ажиллагаа, мөнгөний бодлогын талаар үнэн бодит мэдээллийг хэрхэн боловсруулж хүргэх талаар танилцуулахыг гол зорилгоо болгосон байна. Сэтгүүлч нар буруу, ташаа мэдээлэл хийснээс шалтгаалж, нийгэмд олон сөрөг үр дагавар гарах магадлалтай байдаг. Эдийн засагтай холбоотой ямар нэг асуудал гарвал тэрийг л Монгол банктай холбож эхэлдэг. Гэвч хуулиараа Монгол банк өөр үүрэг хүлээсэн байдаг гээд энэ өдрийн сургалт эхэлсэн юм. Манай мэдээллийн сайт үзэгч та бүхэнд Монгол банкны үйл ажиллагаа, шийдвэртэй холбоотой мэдээллийг хүргэдэг. Өмнө нь мөнгөний буруу хэрэглээ, инфляцийг нэг оронтой тоонд барих бодлого, хуучин мөнгөн тэмдэгт худалдаж авах, борлуулах журмын талаар зэрэг мэдээллийг бэлтгэж байсан. Харин цаашид Монгол банкны зүгээс хэвлэл мэдээллийнхэнтэй илүү ойр ажиллахаар боллоо. Төв банкны үндсэн зорилт болон мөнгөний бодлогын талаар иргэдэд нээлттэй, үнэн мэдээлэл хүргэхэд хамтран ажиллана гэсэн юм.
М.Дэлгэржаргал