Багануур, Налайх дүүрэгт хот байгуулах асуудлыг хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2015.04.03-нд нийтлэгдсэн

Багануур, Налайх дүүрэгт хот байгуулах асуудлыг хэлэлцэнэ

НИТХ-ын ээлжит хуралдаан өнөөдөр Хангарьд ордонд болж Багануур, Налайх дүүрэгт хот байгуулах тухай асуудлыг хэлэлцэхээр болжээ. Нийслэлийн нутаг дэвсгэрийн тэнцвэрт хөгжлийг хангах, Улаанбаатар хотын хэт төвлөрлийг сааруулах зорилтын хүрээнд нийслэлийн дагуул, хаяа хот, тосгоныг хөгжүүлэх бодлогыг хэрэгжүүлж Багануур, Налайх дүүрэгт иргэдийн оролцоотойгоор хот байгуулах шийдвэр гаргах, хотын дүрэм батлуулах ажлыг Нийслэлийн Засаг дарга захирамж гарган өнгөрсөн онд эхлүүлсэн юм.

Өмнө Налайх дүүргийн 7, Багануур дүүргийн 5 хороо, дүүргийн боловсрол, эрүүл мэнд болон томоохон аж ахуйн нэгжийн ажилтнуудын дунд нийт 18 удаагийн уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулсан бөгөөд уулзалт, хэлэлцүүлэгт 1500 гаруй иргэн оролцжээ.

Багануур нь 1978 онд нүүрсний уурхай байгуулагдсанаар бүтээн байгуулалтын эх ажлын суурь тавигдсан бөгөөд одоогийн байдлаар 27936 хүн амтай, 62020 га газар нутагтай нийслэлийн нэг дүүрэг юм. Улаанбаатар хотын 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын дагуу Багануур хотын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь нүүрсний уурхай, эрчим хүч, нүүр боловсруулах, нано технологи, барилгын материал, хөнгөн хүнсний үйлдвэр, эрүүл мэнд, тээвэр ложистикийн төв байхаар тусгасан. 2030 он гэхэд Багануур хотын хүн ам 60000 орчим болж, хүний амын 80 хувь нь орон сууцанд амьдрахаар төлөвлөсөн бөгөөд дүүргийн газар нутгаас хөдөө аж ахуй, ойн болон усан сан бүхий болон улсын тусгай хэрэгцээний газраас бусад газрыг хамруулсан 24710 га газрыг шинээр байгуулагдах хотын эдэлбэр газарт хамруулж болох талаар нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын танилцуулгад дурдсан байна.

Налайхын хувьд 1962 онд их уурхайг түшиглэн Налайх хот байгуулах тухай БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 88 дугаар зарлиг гарч хот байгуулах их үйлс эхэлсэн бөгөөд 1992 онд батлагдсан Монгол Улсын Үндсэн хуулийн дагуу Налайх дүүрэг болсон. Тус дүүрэг нь 33200 хүн амтай, 68760 мянган га нутаг дэвсгэртэй. Улаанбаатар хотын Ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Налайх хотын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь өрхий аж ахуй, тээвэр ложистик, бөөний худалдаа, хүнсний үйлдвэрлэл, барилгын материалын үйлдвэрлэл, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, шинэ технологи нутагшуулах парк байна. 2030 он гэхэд Налайх хотын хүн ам 65000 орчим болно гэж төлөвлөсөн бөгөөд дүүргийн газар нутгаас хөдөө аж ахуй, ойн болон усан сан бүхий болон улсын тусгай хэрэгцээний газраас бусад газрыг хамруулсан 20533 га газрыг шинээр байгуулагдах хотын эдэлбэр газарт хамруулж болох талаар танилцуулгад дурджээ.

Л.ХАЛИУ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж