-Монголчууд бидэнд олсноо хадгалах сав байна уу-
Монголын эдийн засгийн өсөлт 17 хувьтай гарч олон улсын атаархлыг төрүүлж байсан нь ердөө дөрвөн жилийн өмнө. Эрдэс баялгаа эдийн засгийн эргэлтэд оруулж, чамгүй мөнгөтэй болсон ч монголчууд түүнийгээ улсаараа хувааж, идээд дуусгачихсан билээ. Өнөөдөр улсын төсөв нь улайчихсан, тэр их мөнгийг үрэн таран хийсэндээ дээр дооргүй харамсан халаглах. Үнэндээ бол нэг нь амалж, нөгөө нь нэхэж байгаад идчихсэн тэр их хөрөнгийг хадгалсан бол өдийд эдийн засаг элгээрээ хэвтэх шахаа ч бил үү, яаж мэдэх вэ?
Бодлогын сайндаа ч биш, эрдэс баялгаа эдийн засгийн эргэлтэд оруулсны хүчинд монголчууд баяжихыг шахсан юм. Харамсалтай нь шинэ баян цээж өвчтэй гэгчээр хэтэрхий үргэлгэн загнасныхаа үр дагаврыг өнөөдөр хангалттай амсч буй.
Эдийн засгийн чуулга уулзалтын үеэр Н.Золжаргал нэгэн чухал сэдвийг хөндсөн нь Монгол Улс хуримтлалын сантай болох тухай. Тэрбээр олсноо тараагаад, хуваагаад идэх биш хадгалах, хадгалснаа арвижуулах тухай ярьсан хэрэг.
Улс орон битгий хэл хувь, хүн айл өрх хүнд хэцүү цагт хэрэглэх мөнгөө цааш нь далд хийж хадгалдаг. Харин монголчууд бидэнд олсноо хадгалах сав байна уу?
Тавантолгойг эдийн засгийн эргэлтэд оруулж, Оюутолгойг гацаанаас гаргаснаар Монголын эдийн засагт багагүй ам.доллар орж ирэх урьдчилсан тооцоо байгаа. Хамгийн багадаа, бас ойрын хугацаанд Тавантолгойгоос дөрвөн тэрбум ам.доллар, 30 жилдээ 94 тэрбум ам.долларын ашигтай байхаар яригдаж буй. Харин энэ их мөнгийг эдийн засагт зөв шингээхийн тулд бид хуримтлалын сантай байх ёстой.
Монголын эдийн засгийн гол тулгуур салбар бол уул уурхай. Гэвч, уул уурхай бол тогтвортой, найдвартай орлогын эх үүсвэр биш. Уул уурхайн салбараас хамааралтай хувьд, үнийн мөчлөгөөс нь монголчуудын амьдрал шалтгаалдаг болоод удаж байна.
Өчигдөрхөн өндөр үнэтэй байсан эрдэс баялгийн үнэ унаснаар өнөөдөр улсын төсөв нь улайчихсан, дээр дооргүй хямралтай байна. Хэрэв бид өнгөрсөн жил олсноо хувааж идээд дуусгачихаагүй байсан бол “үүцээ” гаргаж ирээд хямралыг санаа зовохгүйгээр давчих бэлтэй ч, бэнчинтэй ч байх байжээ.
Гэхдээ эдийн засгийн хямрал монголчуудыг олон зүйл сургаж байгаа. Хийнэ, хэрэгжүүлнэ гээд орхичихсон бүхнээ шийдэхээс өөр арга зам ч үлдсэнгүй. Өнөөдөр бид хуримтлалын сантай болж чадахгүй бол маргааш эдийн засагт хэдэн арван, хэдэн зуун тэрбум доллар цутгаж ирээд ч нэмэргүй. Урьдын адил архи, талхны мөнгө болоод дуусах биз.
Ямар ч эрсдэлтэй үед Монгол бэлтгэлтэй байх ёстойг эдийн засгийн хямрал мэдрүүлж байна. Монголд гаднаас орж ирснэ доллар болгоныг хурааж, засгийн өсөлтийг мөнгөн хуримтлуулал болгосноор манай эдийн засаг дархлаатай, өрсөлдөх чадвартай болно. Үүний тулд Баялгийн сан, Ирээдүйн өв сан, Тэтгэврийн сан, Төсвийн тогтворжуулалтын сангуудаа зөв зохистой бүрдүүлэх, хөрөнгөжүүлэх асуудал өнөөдрийн улстөрчдийн, эдийн засагчдын ярих сэдэв нь, хийх ажил байх ёстой юм.
Төв банкны санаачлагаар Шийдлийн Засгийн газэр бондын эх үүсвэрээр тэтгэврийн даатгалын санг хөрөнгөжүүлж, Монголбанкны эзэмшиж буй Ипотекийн зээлээр баталгаажсан үнэт цаасыг тэтгэврийн даатгалын сангийн активт хөрвүүлэх замаар Орон сууцны санхүүжилтын урт хугацааны тогтвортой тогтолцоог бий болгох, тэтгэврийн даатгалын тогтолцоог шинэчлэх зорилт тавин ажиллаж буй.
Тэтгэврийн сан олон жилийн турш урд хормойгоо авч, хойд хормойгоо нөхөх маягаар явж ирсэн. Энэ гажиг тогтолцоо эцэс сүүлдээ эдийн засгаа татан унагах эрсдэл хүргэх аюултай. Ёроол нь цоорсон шуудай шиг болсон энэ санг эрүүжүүлж, ипотекийн зээлтэй холбосноор нэг сумаар хоёр туулай буудах боломж бүрдэх юм.
Эцэст нь орж ирсэн болгоноо хувааж идээд дуусах уу, хуримтлуулж мөнгөжих үү гэдгээ сонгох, шийдэх цаг аль хэдийнэ болсон байна. Тансаг хэрэглээтэй ядуу Монголоороо үлдэхгүйн тулд шүү дээ.
Ж.ЭРХЭС