ЭДИЙН ЗАСГИЙН ЧУУЛГАН-2015
“Монголын эдийн засгийн чуулган-2015” чуулга уулзалтыг зохион байгуулах ажлын хэсгийнхэн хэвлэлийн бага хурал хийж, салбар хуралдаануудад ямар асуудлыг хэрхэн хэлэлцсэн тухай танилцуулж, сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.
Эдийн засгийн чуулга уулзалтад дотоод, гадаадын 1500 төлөөлөгч оролцож байгаа ажээ. Тэдний 200 нь хэвлэл мэдээллийнхэн бөгөөд хэвлэлийнхний хувьд шууд нэвтрүүлэг бэлтгэн цацаж, маш идэвхтэй оролцож байгааг Эдийн засгийн форумын захирал Б.Лакшми тодотголоо. Нийт төлөөлөгчдийн 50-60 орчим нь гадаадын хөрөнгө оруулагчид ажээ. Энэ удаагийн форумд гадаадын хөрөнгө оруулагчдыг олноор нь оролцуулахыг зориогүй гэдгийг зохион байгуулагчид тодотгож байлаа. Учир нь бидэнд дотроо хэлэлцэж шийдэх, нэг мөр ойлголтод хүрэх асуудал зөндөө байгаа учир гадныхан гэхээсээ дотоодын төлөөллийг илүүтэй багтаасан байна. Маргаан мэтгэлцээнтэй суурь асуудлаа дотооддоо хэлэлцэн шийдсэний дараа гадаадын хөрөнгө оруулагчдыг урих нь зөв гэсэн байр суурийг илэрхийлж байлаа.
О.Амартүвшин-“Сео” клубын ерөнхийлөгч, UFC группын ерөнхийлөгч
-Эдийн засгийн чуулган маань “Итгэлцэл” гэсэн үндсэн сэдвийн хүрээнд өрнөж байна. Итгэлцэл хаана алдарч байна вэ гэхээр төрийн хяналт шалгалтын тэр цэгийг хөндөхөөс аргагүйд хүрч байна. Төрийн хяналт шалгалт үндэслэлгүй байх, бизнесийнхэнд дарамт учруулах, цаашлаад Эрүүгийн хэрэг үүсэх хэмжээнд хүрчихээд байгааг голлон хөндөж байна. Татвар, гаалийн байцаагч, мэргэжлийн хяналтынхны хяналт шалгалтад учир дутагдалтай зүйл маш их байгааг хөндөн ярилцлаа. Алдаа онооны босго намхан, эрүүгийн хэрэгт татагдахад ойрхон байдаг юм байна. Тиймээс төрийн хяналт шалгалтыг тодорхой болгох ёстой. Бизнесийнхний маргаан мэтгэлцээний гол сэдэв татварын маргаан юм. Үүнийг төрийнхөн ч хүлээн зөвшөөрч байгаа.
Б.Батсайхан-“Mongolia Opportunities Partners”-ийн захирал
-Миний хувьд “Монгол Улсын зээлжих зэрэглэл” салбар хуралдааныг хөтлөн явууллаа. Эдийн засгийн чуулганд анх удаагаа хөндөн ярьж буй сэдэв. Монгол орны эдийн засгийн орчин, зээлээ эргэн төлөх зэрэглэлийн талаар ярилцсан. Харамсалтай нь манай улсын зээлжих зэрэглэл муудаж байгаа. Салбар хуралдаанд маань Фич рэйтингс компанийн Ази, Номхон далайн зээлжих зэрэглэлийн дэд захирал Андрю Фэннэл оролцсон. Манай улсад зээл олгох, хөрөнгө оруулалт хийхэд хэр зэрэг эрсдэлтэй вэ гэдэг асуудлыг тойрч ярилцлаа. Фич рэйтингсийн гаргасан зэрэглэлээр манай улсын зээлжих зэрэглэл В болж буурсан төдийгүй хандлага нь сөрөг гэсэн дүгнэлт гаргасан байгаа нь гадаад орчны итгэл тун маруухан байгааг харуулж байна. Тэгэхээр санхүүжилт татахад улам л хүндэрч байна гэсэн үг.
Д.Нэргүй-МҮИС-ийн Инноваци, эрдэм шинжилгээний асуудал эрхэлсэн дэд захирал
-“Уур амьсгалын өөрчлөлт ба эдийн засаг, нийгмийн хөгжил”салбар хуралдаанаараа бид олон улсын болон Монголын эрдэмтэн судлаачдын судалгаанд тулгуурлан ярилцсан. Даян дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн сангаас агаарын хэмийн өөрчлөлт гурван градусаар өсөхөд өнөөгийн эзологийн тэнцвэрт байдал 60 хувиар доошлоно гэсэн судалгааг гаргасан байгаа юм. 2030 он хүртэл ногоон хөгжлийн бодлого бус саарал бодлого хэрэгжүүлсээр байх аваас тухайн үед хүмүүсийн хэрэгцээ нөөцөөсөө хоёр дахин давна гэж үзсэн байгаа юм. Өнөөдөр Монгол Улсын орон сууцны нэг оршин суугч өдөрт 240 литр ус хэрэглэж буй бол 20 жилийн дараа 10 дахин бага буюу 20 литр ус л хэрэглэх боломжтой болох юм гэж үзжээ. Тиймээс энэ мэт санаа зовоох үзүүлэлтүүдийг хэлэлцээд “Өнөөдөр л орлого олж байвал маргааш хамаагүй” гэж хандаж болохгүй гэдгийг хэлэлцсэн. Ер нь манай улс экологийн үнэт зүйлсээ тодорхойлъё гэдэгт санал нэгдсэн. Дараагийн нэг чухал асуудал бол “Ногоон хөгжлийн бодлого”-ыг бусад салбарын бодлогод суулгах. БСШУЯ л гэхэд НҮБ-аас санхүүжилт авч, хог хаягдлыг ангиалах талаарх мэдлэг олгох төсөл хэрэгжүүлсэн. Гэтэл тэрхүү мэдлэгээ гэртээ хэрэгжүүлэх нөхцөл нь бүрдээгүй байна. Энэ мэт анхаарах зүйл маш их байна гэлээ.
“Монголын эдийн засгийн чуулган-2015” чуулга уулзалт маргааш үргэлжилнэ.
Гэрэл зургийг Э.ЭНХБАТ
Д.ЦЭЦЭЭ