Гадаадын хөрөнгө оруулалт тэгтэй тэнцсэн хийгээд эрдэс баялагийн орлого хүлээж байснаас тун тааруухан үзүүлэлтэй байгаа энэ үед Монголын эдийн засгийн зургаа дахь удаагийн чуулга уулзалт болж байна. Өмнөх жилүүдтэйгээ харьцуулахад тун даруухан хэмжээнд болж буй энэхүү чуулга уулзалт ерөнхийдөө Монголоос зугатсан мөнгийг яаж буцааж авчрах вэ гэдэг сэдвийн хүрээнд өрнөсөн юм. Оролцогчдын хувьд урьд өмнөх жилүүдээс илүү төр засагт итгэл алдарсан, хувийн хэвшлийнхэн урам муутай байгаа нь илэрхий.
Ялангуяа төр засгийн тогтворгүй байдал эдийн засагт муугаар нөлөөлж буйг хэлэх, шүүмжлэх хүмүүс ч олон байв. Эцэст нь энэ бүхний буруу Үндсэн хууль гэдгийг ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт шүүмжилж, харин эцэг хуулийг өөрчлөхдөө хувийн хэвшлийнхнийг ч бас оролцуулах хэрэгтэй МХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважав хэлэв. Хамгийн хөгжилтэй нь индэр дээр суусан УИХ, Засгийн газрын төлөөлөгчдөд хандан танхимаас нэг залуу “Та нар хэлсэн үгэндээ итгэлтэй байна уу” гэж асуухад хэн нь ч дуугарч чадаагүй юм. Төр төлөөж байгаа хүмүүс нь өөрсдөдөө, төрдөө итгэж чадахгүй байхад ард түмэн итгэж чадах уу?
Энэ удаагийн чуулга уулзалтаар урьд, өмнө хөндөгдөж байгаагүй шинэ сэдвүүдийг ч хэлэлцсэн. Тухайлбал, “Ажил хэрэгч үдийн зоог” арга хэмжээний хүрээнд М.Энхсайхан сайдын тавьсан илтгэл олны анхаарлыг татсан юм. Тэрбээр “Супер цикл: Баян ба ядуу” сэдвээр илтгэл тавьсан бөгөөд “Богинохон хугацаанд Монголын эдийн засаг хоёр оронтой тооны өсөлтийн амжилтын нууцыг Оюутолгой төслөөс хайх хэрэгтэй”-г онцлов. Мөн энэ төсөл бол улс төрийн төсөл биш цэвэр бизнесийн төсөл шүү гэх үгийг тэрбээр зүгээр ч нэг илтгэлдээ дурдчихаагүй байх.
“Оюутолгойгоос авсан 150 сая ам.долларын урьдчилгаа, Чалкогоос авсан 350 сая ам.долларын зээл бүгдээрээ “ард түмэн”-ийн халаасанд орсон. Гэвч ард түмэн алга болсон мөнгийг бусдын халааснаас хайдаг. Энэ бол алдаатай бодлогын төлбөр. Байгалийн баялгаас олох орлого хамгийн тогтворгүй байдаг. Нэгдүгээрт, шавхагдаж дуусдаг, хоёрдугаарт шинжлэх, ухаан технологийн нөлөөгөөр хэрэглээ нь улам бүр буурч буй, гуравдугаарт, суперцикл дагаж үнэ нь өсч, унаж байдаг” хэмээн М.Энхсайхан сайд илтгэлдээ дурдсан юм.
Мөн дараагийн нэг сонирхолтой сэдэв бол “Их танхим”-д болсон Төрийн хяналт-шалгалт, түүний эдийн засагт үзүүлэх нөлөө сэдвийн хүрээнд сүүлийн үед багагүй асуудал үүсгээд байгаа Татварын хууль болон хуулийн байгууллагынхны зүгээс бизнесийн салбарт үзүүлдэг дарамт шахалтын талаар хөндсөн юм.
АТГ-ын Мөрдөн байцаах хэлтэсийн дарга Ө.Энхтөр хэлэхдээ тус байгууллага жилд татварын хэргээр 300 хүнийг шалгадаг. Үүний арван хувьд эрүү үүсгэдэг гэсэн юм. Үүнтэй холбоотойгоор маргаан дэгдсэн нь Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн шинжээчийн асуудал. Шинжээчийг мөрдөн байцаагч томилдог. Гэтэл тэр нь цаг үеийнхээ шаардлагыг хангаж байгаа эсэх, мөн шинжээч нэхэмжлэгч болон шүүгдэгчдэд аль алинд нь таалагдахгүй бол яах вэ гэдэг асуудлыг хөндсөн. Ө.Энхтөр дарга болон Эрдэнэбат прокурорын зүгээс бүх юм хууль дүрмийн дагуу явдагийг тайлбарласан. Харин УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэлийн хувьд шинжээчдэд сэтгэл дундуур явдаг, үүнээс болоод Монголын нэр хүнд унаж, манай улсаас мөнгө зугатах нь аргагүй шүү дээ гэсэн тайлбар хэлэв. Өнөөдрийн хувьд олон улсын нягтлан бодох хэлээр мэргэшсэн хүн Шүүхийн шинжилгээний хүрээлэн, Татварын ерөнхий газар байгаа гэдэгт тэрбээр эргэлзэж буйгаа нуугаагүй. Харин төрийн бус байгууллагынхан үнэндээ Монголд татварын хянан шалгалт хийдэг мэргэжлийн, мэргэшсэн хүн хэрэгтэй байгааг дуулгав.
Эдийн засгийн чуулга уулзалт маргааш үргэжилнэ.
Гэрэл зургийг Э.ЭНХБАТ
Б.ХОНГОР