Өмнөд Солонгосын засгийн газар “Севол” гатлага онгоцны ослын нэг жилийн ойн дээр амь үрэгдсэн зорчигчдын ар гэрийнхэнд олгох нөхөн төлбөрийн асуудлыг шийджээ. Ингэхдээ хохирогчдын нас, орлогыг харгалзан харилцан адилгүй нөхөн төлбөр олгохоор шийдвэрлэсэн байна.
Жиндо арлын ойролцоо живсэн “Севол” онгоцны ослоор амь үрэгдсэн ахлах сургуулийн сурагчдын гэр бүл тус бүрд 380 мянга ам.долларыг олгох бол багш нарт 700 мянга, үлдсэн зорчигчдод 550 мянга хүртэлх ам.долларын нөхөн төлбөр олгох аж. Мөн ослоос амь аврагдсан 172 хүнд тодорхой хэмжээний нөхөн төлбөр өгөхийг мэдэгджээ. Үүний зэрэгцээ хохирогчдын ар гэрийнхэн цаашид олон нийтийн хандивын сангын мөнгөн тусламж, даатгалын нөхөн төлбөр зэргийг авах аж.
476 хүнтэй “Севол” гатлага онгоц өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 16-нд Жиндо арлын ойролцоо живсэн юм. Ослоор 304 хүн амь үрэгдсэний 250 орчим нь сурагч байсан юм. Ансон хотын Данвон ахлах сургуулийн 325 сурагч 14 багшийн хамт Чежү арлын аялалаас буцаж явжээ.
Сөүлийн шүүх “Севол” хөлгийн ахмад И Жун-Сукийг ажил үүрэгтээ хайнга хандсан хэрэгт буруутган 36 жил шоронд хорих ял оноосон юм. Түүнчлэн живж буй гатлага онгоцыг хамгийн түрүүнд орхисон хөлгийн багийн 13 хүнийг 20 хүртэл жил шоронд хорих ялаар шийтгэжээ.
“Севол” гатлага онгоцны ослын дараа далайн тээврийн “Чонхэжин Марин” компанийн эзэн Ю Бён- Ун болон гэр бүлийнхнийх нь олон гэмт үйлдэл илэрсэн билээ.
Б.АНХТУЯА
Эх сурвалж: ВВС