Ууршин дэгдэх, урсан одох эрдэнэ

Хуучирсан мэдээ: 2015.04.02-нд нийтлэгдсэн

Ууршин дэгдэх, урсан одох эрдэнэ

 Дэлхийн усны өдөрт

Дэлхийн усны өдөр жил бүрийн гуравдугаар  сарын 22-нд болдог. Монголчууд бид энэ өдрийг бусад тэмдэглэлт өдрүүд шиг нэг л өдөр усны тухай асуудлаар амьсгалаад, хэдэн тоо сонсоод  өнгөрөх мэт ойлголттой явдаг байж болох юм. Тэгвэл бидний чандмань эрдэнэ гэж нэрлэдэг, амьдралын эх булаг болсон усны асуудал  цаг хугацаа өнгөрөх тусам цэнхэр гарагийн өнцөг булан бүрт хурцдаж,  нөгөө талаас эдийн засгийн  үнэ цэнэ нь улам бүр өссөөр байна.  Энэ ч утгаараа дэлхийд нэг өдрөөр хязгаарлах биш, шийдэл хайсан нэлээд том асуудлуудыг урт хугацаанд тавьдаг. Дэлхийн усны өдрийн хамгийн том арга хэмжээ болох дөрвөн  жилд нэг удаа болдог усны форум БНСУ-д ирэх сарын 13-17-нд болох гэж байна. Харин манайд УСУГ-аас энэ сарын 22-ноос зургаадугаар сарыг дуустал гурван сарын хугацаанд усны өдрийг тэмдэглэх нь. Дэлхий нийтэд “Ус тогтвортой хөгжил” гэсэн шинэ хандлага бий болж, усны асуудал эдийн засагт хүч түрэн орж ирж улмаар орон бүр тэргүүлэх салбар болгон  авч үзэж байна. Хамгийн сүүлд гэхэд Японд усаар явдаг автомашин үйлдвэрлэж байгааг бид УИХ-ын даргын айлчлалын үеэр  харсан.  Энэ мэт цэнхэр сувдыг  эдийн засгийн үр ашиг талаас нь харж, үйлдвэрлэлд өргөн утгаар ашиглаж байхад монголчууд бид  зөвхөн хүн, малын ундаа, хир буртаг арилгагч  мэт эртний бодлоо тээсээр суух нь хэр зохилтой вэ? Бодох л асуудал. Бусадтай адил техник технологийн эрин зуунд  амьдарч байгаагийн хувьд  усыг тэр энэ дэвшилтэт үйлдвэрлэл, технологт ашиглана гэж бодох биднээс хол хамгийн ойрын сэтгэлдээ тээх бодол усны нөөцийн асуудал. Бид тэртээгээс өнөө болтол усны гачигдал зовлон амсахгүй ирсэн ч суурьшмал амьдралын шинэ хэв маяг монголчуудыг усны хомсдолд оруулах аюултай. Үүнийг хаана хаанаа ярьдаг ч ярианаас хэтрэхгүй байгаа нь амны хишигтэй монголчуудад аюул нүүрлэхгүй гэх газаргүй. Ялангуяа нэгэн цагт 500-хан  мянгуулаа амьдарч байсан нийслэлийн хүн ам өдгөө 1.3 сая болж өссөн нь аюулын харанга дэлдэх цаг хугацааг улам бүр наашлуулж байгаа хэрэг.

160-170 орчим мянган шоо метр. Энэ бол УСУГ-аас нийслэлчүүдийн хэрэгцээнд зориулж хоногтоо нийлүүлж буй усан хангамжийн  хэмжээ. Гэтэл нөгөө талд Улаанбаатарт 320-330 мянган шоо метр ус  хэрэглэж байна гэсэн тоо бас бий. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр дээрх 160-170 мянган шоо метр ус бол зөвхөн УСУГ-аас нийслэлийн хүн амын хэрэгцээнд нийлүүлж байгаа нь. Харин 220-230 мянган шоо метр усны тухайд гэвэл УСУГ-т бүртгэлгүй Улаанбаатар хотыг тойроод айл өрхүүдийн хашаанд маш олон тооны худаг байдаг. Дээр нь нэмээд ТЭЦ-3, ТЭЦ-4 гэсэн цахилгаан станцууд өөрсдийн гэсэн усан хангамжийн системтэй аж. УСУГ-ын харьяаны усны ундаргаас биш ч гэсэн Улаанбаатар хотын усны эх үүсвэр болох Нисэх, Шувуун Фабрик орчмоос авдаг байна. Бас болоогүй ээ,  үүн дээр сүүлийн жилүүдэд Богд уул, Яармаг чиглэлд өргөжин тэлж буй орон сууцны хорооллууд мөн өөрийн гэсэн усан хангамжтай. Эдгээрийг нэгтгэхээр Улаанбаатар  хотын хэмжээнд дээр хэлсэн хоногт 320-330 мянган шоо метр ус хэрэглэж байгаа тоо гардаг байна.  Тиймээс ч  Засгийн газраас Улаанбаатар хотын усан хангамжид анхаарч, дэмжлэг үзүүлсэн учраас  2014 онд  Японы буцалтгүй тусламжаар байгуулсан Гачууртын усан хангамжийн систем, БНСУ-ын буцалтгүй тусламжийн Яармагийн усан хангамжийн систем, мөн Засгийн газрын хөрөнгө оруулалт хийсэн  Нисэх орчмын усан хангамжийн  системийг тус тус шинээр ашиглалтад оруулжээ. Ингэснээр  Улаанбаатар хотын усан хангамж хоногт даруй 70 мянган шоо метр ус олзворлох хүчин чадлаар нэмэгдэв.

Энэ нь нэг талаас сайхан мэдээ ч нөгөө талаас нь харвал Улаанбаатарын гүний усны нөөц дундрах уаг хугацааг наашлуулахад нөлөөтэй. Үүнээс гадна гэр хорооллыг барилгажуулах, гэр хорооллыг инженерийн шугам сүлжээнд холбох  гээд том зорилтууд байна. Засгийн газраас ч  орон сууцжуулах том хөтөлбөрүүд хэрэгжүүлж буй. Маш олон хувийн компаниуд барилга барьж байна. Энэ барилгажилтийн үйл явц усны хэрэглээг маш ихээр  нэмэх нь мэдээж. Гаднын байгууллагууд болон манай эрдэмтэн мэргэдийн судалгаагаар Улаанбаатарын  хотын  хоногийн усны хэрэглээ 2018-2020 оны түвшинд 400 мянган шоо метрт хүрнэ гэсэн тоо бий. Ийнхүү хэрэгцээ  ихээр  нэмэгдээд эхлэхээр гүний усны нөөцийн асуудал тун ноцтой асуудал болж хувирах юм.

Усны салбарынхан “Пристеж” группийн судалгааг нэлээд чухалчилж үздэг байна. Тус байгууллагаас гаргасан судалгаанд Монгол Улсын нийт усны нөөцийн 90 хувь нь  гадаргуугийн, 10 хувь нь гүний ус гэсэн тоо нүднээ дурайна. Гэтэл манай хэрэглээний систем тэрхүү алт шиг аравхан хувь руугаа чиглэсэн нь хамгийн аймшигтай. Улаанбаатарт усны шугам хоолой тавигдаж эхэлсэн  тэртээ 1940, 1950-иад оноос хойш өдий болтол гадаргуугийн 90 хувийн усны нөөц рүүгээ орохгүй байгаа нь манайхны   “Сүх далайтал үхэр амар” гэдэг биз ээ. Гэтэл даяаршиж буй нийгэмд бид хэдий болтол ийм амар амгалан, амны хишигтэй найдан амьдрах билээ. Зүгээр дотоод өөрчлөлтэй бодоод үзсэн ч 500 мянга байсан хүн ам нь хэд болсон билээ, өдөртөө хотоор хөлхөх автомашины тоо хэдэн зуун мянгаар тоологдоно, барилгажилт гээд бодохоор гүний 10 хувийн усандаа найдаад суух ямар ч боломжгүй. Дээр нь дэлхий нийтийг түгшээсэн цаг агаарын дулаарал, хуурайшилтын асуудал орно.  Наад зах нь Монголын цан хүүрэгтэй тэсгим өвөл биднээс холдож байгаа нь мэдрэгдэж байна.  “Хуурай жил чийгтэй жилийн цикл 12 жилээр өөрчлөгддөг. Азаар сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотын хувьд харьцангуй чийгтэй жилүүд үргэлжилсэн. Хоёроос гурван жилийн дараагаас хуурай жилүүд эхэлнэ. Магадгүй энэ жилээс эхлэхийг ч үгүйсгэхгүй. Тэгээд ирэхээр эх үүсвэрийн байдал нэлээд хүндэрнэ. Таваас зургаан жилийн дараа гүний усны түвшин нэлээд доошлох дүр зураг ажиглагдаж байна. Эрдэмтэн мэргэд энэ асуудал дээр маш их санаа зовж, хэлж ярьж байгаа. Үүнтэй холбогдуулаад усан хангамжийн системийг өөрчлөх асуудал ч тодорхой хэмжээнд нийслэлчүүдийн өмнө тулгарна” хэмээн УСУГ-ын дарга С.Үнэн хэлж байна. Эрдэмтэн, мэргэжилтнүүдийн хэлж буйгаар өнөөдрийн байдалдаа ямар нэгэн арга хэмжээ авахгүй, гүний усаа хэрэглэсээр байх юм бол 2018-2020 он гэхэд Улаанбаатар хот ундны усны хувьд  үнэхээр  том асуудалтай нүүр тулахаар байгаа юм. 

Тэгвэл одоо яах вэ? Улаанбаатар хотын ундны усны нөөц ёроолдоо хүрээд,  аюул нүүрлэх үед “Өнгөрсөн борооны хойноос дах нөмрөх” хэрэг үү. Урьдчилж юу  хийх ётой вэ, юу хийж чадах вэ бид. Хамгийн тодорхой ганцхан шийдвэрлэх асуудал байгаа нь гадаргын усны хэрэглээнд нэн яаралтай шилжих ажлыг цаг алдахгүй эхлүүлэх явдал гэнэ. Энэ тухай бид анх удаа сонсож байгаа биш. Сүүлийн жилүүдэд Туул, Сонгинын усан цогцолбор байгуулах маш том төсөл эхлэх нь ээ, эхэлж байна  гэж албаныхан ч  хэчнээн их ярьж,  хэвлэлийн бид ч  мөн их бичив дээ. Өнгөрсөн жил уг цогцолборыг концессын гэрээгээр барихаар боллоо гээд ЭЗХЯ хувийн хэвшилтэй гэрээ хүртэл хийж амжсан. Гэтэл засаг солигдоод, хямрал болоод Эдийн засаг хөгжлийн яам нь ч татан буугдаж, хөөрхий  хариуцаж авсан хувийн хэвшлийн компанийн хувьд хэрхэх нь тэнгэр мэдэх хэрэг болов бололтой дог оо. Уг нь бол  УСУГ-аас санаачлаад 2013 оны 6 сарын 13-ны өдөр Нийслэлийн удирдлагын зөвлөлийн зөвлөгөөнийг  Тэрэлж, Туул голын бэлчирт зохион байгуулж гадаргын усны цогцолбор барих боломж нөхцөл байгааг учирлаж тайлбарласан. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн удирдлагын зөвлөлөөс  Туул голын усан цогцолборын бүтээн байгуулалтыг хийх нь зүйтэй. Гадаргуугийн усан  хангамжид яаралтай шилжих  хэрэгтэй  гэсэн түүхэн гэмээр шийдвэр гаргасан байдаг.

Туул голын бэлчирээс авахуулаад их хэмжээний гадаргын ус урсаж, ууршиж алга болдог тухай  манай эрдэмтэн  мэргэдийн бүр  1980-аад оноос эхлээд хийсэн судалгаа  байдаг. Гаднын судалгааны  байгууллагуудын судалгаанууд  ч бэлээхэн бий аж.  Гадаргуугийн ус ашиглахтай холбоотой тодорхой хэмжээний мастер төлөвлөгөөнүүдийг ч Франц, Япон, Орос улсын  тусламжтайгаар хийж байжээ. Судалгаагаар Улаанбаатар хотын зүүн хэсэг болох  Тэрэлжийн орчмоос нааш хэд хэдэн усны хөндлүүр байна. Тэдгээрийг ашиглаад усан  цогцолбор барих далан байгуулах замаар усан сан үүсгэх боломжтой гэж үзсэн байдаг. Мөн УСУГ-ын дарга С.Үнэнгийн хэлж буйгаар дэлхий нийт ийм усан сан байгуулж гадаргын усаа ашигладаг бөгөөд  нэлээд өндөр өртөг зардалтай ч манайд азаар газрын налуугийн байдал нь  аятайхан байгаа учраас усан санд хуримтлуулсан ус өөрийнхөө урсгалаар хүрээд ирэх боломжтой гэнэ. Энэ бол зардал бага гарах нэг давуу тал юм. Бүх улс орон ийм гадаргын усны системтэй. Гэтэл манайх далан байгуулна, усан сан үүсгэнэ гээд ярихаар байгаль орчноо гэмтээж сүйтгэх юм бодоод байдаг нь буруу. Энэ бол тийм биш. Харин ч эсрэгээрээ Европын улс орнууд яагаад таатай  уур амьсгалтай,  ногоон байгууламж ихтэй байдаг нь  гадаргуугын усан системд шилжсэнийх аж. Тиймээс манайх ч гэсэн дэлхийн том хотуудын тоонд орсных ийм маягаар гадаргуугийн усны хэрэглээнд шилжих шаардлага тулгарч буй.

Эрчимтэй яригдаж байсан Туулын усан цогцолборын асуудал хариуцсан Ажлын хэсэг  ЭЗХЯ-наас БОНХЯ руу шилжсэн сураг дуулдаад,  унтаа байдалтай болсон нь их хотын усан хангамжийн асуудлыг унтах нойр, идэх хоолтойгоо хамт бодон явдаг ус сувгийнхны хувьд  үнэхээр гайхал төрүүлсэн, хүлээж тэвчишгүй асуудал болон хувирчээ. Тиймээс УСУГ Туулын усан цогцолбор барьж байгуулах ажлыг нэгэнт өөрсдөө санаачилж, асуудлыг мэдэж байгаа учраас орхихгүйгээр авч явж энэ онд тус цогцолборын зураг төсөл, ТЭЗҮ-ийг тооцож гаргуулахаар шийдсэн байна. Эцсийн эцэст 2018, 2020 он тулж нийслэлийн усан хангамжид том аюул нүүрлэхэд улс төрчид болон ажлыг би, чи хийнэ гэж хоорондоо булаацалдсан яам, тамгын газар биш УСУГ-ынхан хар толгойгоор хариуцах учраас ийнхүү дээрх асуудал руу ханцуй шамлан орж байгаа аж. Тиймээс тус газар 2015 оны бизнес төлөвлөгөөндөө Туулын усан цогцолборын ТЭЗҮ-ийг нарийвчлан хийлгэх, зураг төслийг гаргуулахаар  түүхэндээ байгаагүй том мөнгө буюу 3.0 тэрбум төгрөг төсөвлөсөн байна. “Бид өндөр түвшний зураг төсөлтэй байж  Туул голын цогцолборыг байгуулах асуудлыг ярина. Ямар компаниар, төр засгийн ямар дэмжлэгээр хийлгэх вэ,  хөрөнгө санхүүг хэрхэн шийдэх вэ гээд явахаар сайтар бэлдсэн зурагүйгээр явах аргагүй. Энэ жилдээ багтаад тендерийг нь зарлана. Гэтэл зургийн ажлын даалгаврыг  манай газар дангаараа хийх боломжгүй. Энэ дээр эрдэмтэн мэргэд, төрийн байгууллагууд, нийслэлийнхээ туслалцааг авна. Бүр болохгүй бол гаднын байгууллагын зөвлөх  үйлчилгээг авах санаатай байгаа талаараа УСУГ-аас хэллээ.

Усны мэргэжлийн битгий хэл, иргэд бидний нүдээр харахад л 2020 он гэхэд өнөөдрийн эрчимтэй өрнөсөн барилгажилт, автомашины тоо, Улаанбаатарын хүн амын тоо хэд болж өссөн байх вэ гэдэг  ойлгомжтой байна. Тиймээс гадаргын усны хэрэглээнд шилжих дээрх ажлыг цаг алдахгүй эхлэх нь зүйн хэрэг. Төр, засгийнхан ч ийшээ эргэн нэг хараасай билээ. Амны хишигтэй монголчуудад дандаа аз тохионо гэж юу байх билээ, аюул хэлж ирдэггүйг саная.

А.МИНЖИН

Эх сурвалж: "ТОЙМ" сэтгүүл

 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж