Т.Аюурсайхан Э.Бат-Үүлийг шүүхэд өглөө

Хуучирсан мэдээ: 2015.04.02-нд нийтлэгдсэн

Т.Аюурсайхан Э.Бат-Үүлийг шүүхэд өглөө

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга Т.Аюурсайхан Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл болон Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийг шүүхэд өгөхөөр нэхэмжлэл гаргажээ. Тэрээр өнөөдөр 10.00 цагт Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхэд нэхэмжлэлээ хүлээлгэн өгсөн байна.

Учир нь НИТХ-аас гаргасан нэгдүгээр эгнээнд байрлуулсан тээврийн хэрэгслийг ачих үнэ хуулийн дагуу бус тогтоогдсон, дугуй түгжих үйл ажиллагаа хууль бус гэсэн шийдвэрийг эсэргүүцсэнтэй холбоотой аж. ШӨХТГ-аас энэ асуудлыг ачих үйлчилгээний хөлс хууль бусаар тогтоосон үеийн иргэдийн хохирлыг барагдуулах, дугуй түгжих ажиллагааг зогсоох шаардлага хүргүүлсэн ч НИТХ-аас эсэргүүцэн тус газрыг эрхийнхээ дагуу ажиллахгүй байгааг хэлж байсан юм.

Шүүхийн нэхэмжлэлийг хүлээж авах үгүй нь долоо хоногийн дараа шийдэгдэх ажээ.

-Нийслэлийн Засаг даргыг ямар үндэслэлээр шүүхэд өгч байгаа юм бэ?

-Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 16.4.6 дэх заалт, Хууль зүйн сайдын тушаалаар батлагдсан зориулалтын чирэгч автомашин ашиглан тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх журамд заасны дагуу ЦЕГ-ын дарга зөөж шилжүүлэх төлбөрийг тогтоох эрхтэй байтал Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл өөрт олгогдоогүй эрхийг эдэлж, хууль бус захирамж гаргасны улмаас 9230 жолоочийг 70-80,000 төгрөгөөр торгож нийт 647,7 сая төгрөгөөр хохироосон. НИТХТ-ийн хувьд Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд заасны дагуу нэгдүгээр эгнээнд тавьсан тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэхээр зохицуулсан байхад дугуй түгжихээр журам гаргаж хуулиас өөр зохицуулалт хийсэн нь хууль бус болж, нийт 11746 жолооч иргэдийг  234,9 сая төгрөгөөр хуульд заагаагүй үндэслэлээр торгож хохироосон.

-ШӨХТГ, Нийслэлийн засаг даргын захирамж, НИТХ-ын тэргүүлэгчдийн тогтоолыг шалгах эрх байгаа юм уу?

ШӨХТГ нь Өрсөлдөөний тухай хуульд заасны дагуу ИТХ, Засаг даргын шийдвэрийг шалгах, зөрчлийг арилгуулах, захиргааны шийтгэл ногдуулах эрхтэй. Жирийн иргэдэд хууль үйлчилдэг, эрх мэдэлтнүүдэд үйлчилдэггүй байж таарахгүй. Нийслэлийн шийдвэр гаргагчид зөрчлөө хүлээн зөвшөөрөхгүй, иргэдэд учруулсан хохирлоо барагдуулахгүй байгаа тул ШӨХТГ хуульд заасан эрхийнхээ дагуу шүүхэд өгч байна.

-Дугуй түгжих ажиллагааг цаашид үргэлжлүүлэх ёстой юу?

Дугуй түгжих ажиллагаа хууль бус учраас зогсох ёстой.

Автомашин зөөж шилжүүлэх төлбөрийг ЦЕГ-ын дарга 55,000 байхаар тогтоосны дагуу зөөж шилжүүлэх ажиллагаа үргэлжилж байгаа. Гагцхүү үүнийг хуулийн дагуу хийх ёстой. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль болон Хууль зүйн сайдын тушаалаар батлагдсан зориулалтын чирэгч автомашин ашиглан тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх журамд замын хөдөлгөөний аюулгүй байдлын улсын байцаагч зөөж шилжүүлэх шийдвэр гаргана, ингэхдээ автомашины гадна талд үзлэг хийнэ гэж заасан байгаа. Ачигч компаниуд асуудалд хэтэрхий ашгийн төлөөх сэтгэлгээгээр хандаж, хүнтэй байхад нь зөөх, автомашинд гэмтэл учруулах зэргээр иргэдийг хохироох явдал байгаа тул улсын байцаагчийн шийдвэрээр үзлэг хийсний дараа зөөж шилжүүлэх ёстой".

Т.ДАРХАН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж