-Нэгэнт бизнес хийж байгаа хүн ашиг олохын төлөө л зүтгэнэ. Тэрнээс та нар бол их Чингисийн удам, эсвэл монголчууд бол дэлхийд байж болох ардчиллын бүх амжилтыг эвдсэн хорвоод хосгүй ардчилагчид гээд өөрт унац байхгүй бизнест орох нь юу л бол-
Монголын өнөөгийн байр байдлыг товчхон дурьдвал бид дампуурлын ирмэгт байна гэж хэлмээр байна. Улс төрийн байдал нь тогтворгүй учраас гадны хөрөнгө оруулалт зогссон, мөнгөгүй учраас банкууд нь зээл өгөхөө больсон, эдийн засгийн эргэлтийн хүч нь суларсан, баян хоосны ялгаа илт газар авсан, хамгийн гол нь олигархуудын зах зээлээ булаацалдсан тэмцэлд эрх баригчид, хэвлэл мэдээллийнхэн гээд бүгд татагдан орсон, унхиагүй улс төрийн намуудтай, иргэний дайны хөлд нэрвэгдээгүй болохоос украинтай тун ижил төстэй нөхцөл байдалд дөхөж очлоо.
Украинчуудын ярих нь, жил гаруйн өмнө хэн ч өнөөдрийн бий болоод байгаа иргэний дайн, ядуурал, өлсгөлөн болон асар их үзэн ядалтыг төсөөлж байгаагүй, нэг л мэдэхэд бүх зүйл хяналтаас гарч, үйл явдлууд шил шилээ даран, гэрлийн хурдаар өрнөсөн гэх юм билээ. Мэдээж Украины хол ойрын хөршүүд зүгээр суугаагүй нь ойлгомжтой ч, тэдэнд тоглох боломж олгосноороо украинчууд өөрсдөө буруутай. Ядуу, өлсгөлөн хүний бие нь турахаас гадна тархи нь бас “ турдаг “ бололтой. Тэр чиний дайсан гээд нэгийг нь нөгөө руу нь турхираад тавихад гүйж очоод л алж орхино.
Монголд ийм сценари давтагдахыг үгүйсгэх арга байхгүй. Үүнээс бултах, сэргийлэх боломж бидэнд бий юу? Байгаа, дугуйг шинээр зохион бүтээх гэж оролдохоо үтэр түргэн зогсоовол, улстөрчид нь тодорхой бүлгийн, тодорхой олигархийн эрх ашгийн төлөөлөл байхаа боливол, банкны салбар дахь чөлөөт өрсөлдөөнийг дэмжвэл, хамгийн гол нь газрын баялгаа хурдан эргэлтэд оруулж чадвал манай эдийн засаг дорхноо сэргээд ирнэ. Амьдралдаа, авч байгаа цалиндаа сэтгэл хангалуун, гэдэс нь цатгалан хүн нийгмийн эрс тэс өөрчлөлт, элдэв хувьсгалыг дэмжих нь юу л бол.
Ер нь бид өөрсдийгөө бусдаас илүү гарахгүй, бас дутахгүй ухаантай үндэстэн гэдгээ эхлээд хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу. Монгол ухаан гэж байхгүй, байлаа ч олон улсад хүлээн зөвшөөрөгдөхгүй. Яахав, оросуудтай тэмцэж байна гээд АНУ болон европчуудаас мөнгө салгаад байгаа украин ухаан, өнөөгийн тавьсан өрөө нацистуудын дайны үеэр учруулсан хохиролд шингээж бодоод цайруулах гэсэн грек ухаан гээд жишээ бий л дээ. Гэхдээ ийм ухаанаар амжилтанд хүрэхэд амар биш, тэгээд ч өнөөдрийн гарсан шинэ гар утас технологийн хувьд маргааш нь хуучирдаг ийм хурдацтай хөгжлийн эрин үед цаг их алдах аюултай. Цаг алдвал бидний хойч ирээдүй, Монголын тусгаар тогтнолын асуудал эгзэгтэй байдалд тулж ирнэ.
Шинэ юм сэдэх оролдлого хийлгүй, асуудлыг монгол ухаанаар шийдэх гэлгүй ердөө л гадны туршлагыг шууд хуулж ашиглая. Хэрвээ олон улсын стандартад нийцсэн гэрээг хөрөнгө оруулагчидтай хийх чадваргүй бол, үүнийгээ хүлээн зөвшөөрч байгаа бол гайгүй хэрэгжээд явж байгаа өөр улсын ижил төстэй гэрээг хуулж хэрэглэе. Яагаад болохгүй гэж. Нэг талаас цаг хугацаа хэмнэнэ, нөгөө талаас олон улсын арбитрийн шүүхийн өмнө ялагдаж, их өрөнд унах магадлал нь бага шүү дээ. Энэ тал дээр тун амжилттай яваа казакууд эсвэл азерчуудаас суралцахад оройтоогүй байна. Назарбаев эсвэл Алиеваас барууны хөрөнгө оруулагчидтай хийсэн зарим гэрээний хуулбарийг гуйж үзье, зүгээр өгөхгүй гэвэл худалдаж авъя.
Одоогийн Монголын улстөрчид болон хөрөнгө оруулагчдын хоорондох зөрчлийг хараад ойлгоход хэцүү болж ирлээ. Үнэхээр гадны хөрөнгө оруулагчид Монголыг шулж мөлжих гээд байна уу? Ерөөсөө хөрөнгө оруулагчид гэж хэлсэн амандаа хүрдэггүй, гэрээгээ биелүүлдэггүй, татвар төлөхөөс бултдаг луйварчид байдаг юм уу? Эсвэл орох оронгүй, багтах шингэх газаргүй болсон гадны луйварчид Монголд хөрөнгө оруулах гэж улайраад, бид тэднээс эх орноо, эд баялгаа хамгаалах гэж тэмцээд Монголын эдийн засаг сэргэж өгөхгүй байна уу?
Дотоодын ч бай, гадаадын ч бай аливаа хөрөнгө оруулалт бол бизнес гэдэгтэй та бүхэн санал нийлэх болов уу. Нэгэнт бизнес хийж байгаа хүн ашиг олохын төлөө л зүтгэнэ. Тэрнээс та нар бол их Чингисийн удам, эсвэл монголчууд бол дэлхийд байж болох ардчиллын бүх амжилтыг эвдсэн хорвоод хосгүй ардчилагчид гээд өөрт унац байхгүй бизнест орох нь юу л бол.
Асуудал зөвхөн хөрөнгө оруулагчдад зөвхөн байна уу гэтэл үгүй бололтой. Байгалийн баялагт тулгуурласан төрөлжөөгүй эдийн засагтай зарим улсыг судаллаа. Жишээ нь, бидний нэг л тоож өгөхгүй байгаа, туршлагаас нь бага ч болов судлахгүй байгаа, удирдагчид нь алгасч Герман руу нисээд байгаа Казакстанд асуудал арай өөр байдаг бололтой. Тэд гадныхантай хэл амаа тун сайн ололцож байна. Хөрөнгө оруулагчидтай хамтран ашигтай ажиллаад казакууд өнөөдөр доошоо орсонгүй, харин ч өөдлөн дэвшиж, бүр мөнгө нь ихдээд шинэ нийслэл байгуулаад авсан.
Тэнд ЗХУ задарснаас хойш нэг л хүн эзэн сууж байгаа. Хэрвээ 1989 онд Казакстаны коммунист намын нэгдүгээр хүн болсноос нь хойш тооцвол Н.Назарбаев тус улсыг 26 жил тасралтгүй удирдаж байна. Өөртөө олон газар хөшөө босгуулсан, гэр бүлийн гишүүдийн нийт хөрөнгө нь долоон тэрбум ам.доллараас аль хэдийн хол давсан, сөрөг хүчин, хүний эрх, авилгал болон хэвлэлийн эрх чөлөөний үзүүлэлтээр дэлхийн хэмжээнд тун доогуур үзүүлэлттэй гардаг гээд түүнийг муулах, жигших шалтгаан олон бий. Бүр өөрийгөө үндэсний лидер хэмээн Үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулж, насаараа тус улсын ерөнхийлөгч байх замаа засчихсан. Ийм муухай хүнийг казакууд түлхэн унагахыг оролдохгүй нь тун хачирхалтай. Европд дүрвэж гараад, дараа нь амь тавьдаг хүргэнийг нь эс тооцвол энэ 26 жилийн туршид түүний эсрэг боссон, төрийн эргэлт эсвэл өнгөт хувьсгал зохион байгуулах гэсэн нэг ч оролдлого гарсангүй.
Асуудлын гол нь казакуудын хүлцэнгүй дорой, Назарбаевын чекист арга барилд бус, харин Казакстаны нийгэм-эдийн засгийн тогтвортой байдал, иргэдийнх нь амьжиргааны түвшинтэй шууд холбоотой болов уу. Казакуудын хувьд өөрсдийнх нь орлого нэмэгдэж /нэг хүнд ногдох ДНБ нь 13 609 ам.доллар, монголчууд 4 056 ам.доллар. Асар их зөрөө? Дэлхийн банк. 2014 оны байдлаар/, улс орон нь тогтвортой хөгжиж, дайн дажингүй байвал тэднийг Назарбаев эсвэл түүний гурван эхнэрийн нэг нь удирдах тийм ч чухал биш бололтой. Казакчуудын ихэнх нь Назарбаев бол тийм ч сайн хүн биш, гэхдээ тэр олсныгоо иргэдтэйгээ хуваалцдаг учраас бас тийм ч муу хүн биш гэх юм билээ.
XXI зуун гарчаад байхад XIII зууны домгоор амьдрахад арай л хүнддээд байна шүү. Их хаанаа түр мартаад баян болсон хойноо мандуулъя.
А.АРВИН