Дайн эхлүүлэхэд хүргэсэн хутичууд гэж хэн бэ?

Хуучирсан мэдээ: 2015.04.02-нд нийтлэгдсэн

Дайн эхлүүлэхэд хүргэсэн хутичууд гэж хэн бэ?

ДЭЛХИЙ ДАХИНД


 

Арабын хойгийн орнуудад энх амгалан тогтохгүй бололтой. Тэнд "Исламын улс" Сири, Иракт сүйтгэж байгаагаас ч дор ихээхэн сүйрэл дагуулах шинэ дайн эхлээд байгаа. Үүний хажуугаар  Йемен улсын дотоодод тогтворгүй байдал ихэссэнтэй холбоотойгоор тус улсын шийтийн хутичуудын эсрэг Саудын Арабын арми дайралт хийж эхэлсэн билээ. Арабын хойгийн найман орныг Саудын Араб цэргийн эвсэлдээ элсүүлж ийнхүү Йеменд дайтаж эхлээд байна.

 

 

Одоогийн байдлаар Йеменийн шийтийн хути босогчдын эсрэг цэргийн ажиллагааг эхлүүлсэн Саудын Арабыг АНУ, Их Британи ч дэмжсэн тухай "Al Arabiya" телевиз мэдээлээд байгаа.

 

Хутичуудын эсрэг байлдааны ажиллагаа явуулах тушаалыг Саудын ван Салман бен Абдель-Азиз өнгөрсөн пүрэв гаригийн шөнө өгсөн юм. 100 гаруй байлдааны онгоцоор агаарын дайралт хийж, хуурай замын 150 мянган цэрэг байлдааны ажиллагаа явуулахаар энэ тушаалд төлөвлөгджээ. Арабын хойгийн бусад улсууд болох Арабын Нэгдсэн Эмират 30, Бахрейн, Кувейт тус бүр 15, Катар 10, Иордан 15 байлдааны онгоцыг агаарын цохилтод дэмжлэг үзүүлэхээр илгээсэн аж.

 

 

Арабын хойгт оршдоггүй ч Египет, Пакистан хоёр улс Йеменд хийх байлдааны ажиллагаанд туслуулахаар Тэнгисийн цэргийн болон агаарын хүчнээсээ илгээхээр мэдэгдээд байгаа. Африкийн Судан улс 15 сөнөөгч онгоц болон хуурай замын цэргээр дэмжлэг үзүүлэх гэнэ. Булангийн орнуудаас зөвхөн Оман л энэ цэргийн ажиллагаанд оролцохгүй гэдгээ мэдэгдээд байгаа юм.

 

 

Тэгвэл булангийн орнуудыг ийн нэгдсэн хүчээр цохилт хийхэд хүргэсэн Хутичууд гэж хэн бэ?

 

 

Хути буюу бүс нутагтаа ихэвчлэн хоусистууд гэгддэг энэхүү бүлэглэл 1994 онд байгуулагдсан бөгөөд 2004 онд зэвсэглэж Йеменийн хойд нутгийг хяналтдаа оруулан салан тусгаарлахыг оролдсоор ирсэн юм. Тэднийг 100 гаруй мянган дайчидтай хэмээн албан ёсоор үздэг. Хусейн Бадраддин аль Хути хэмээх толгойлогчтой хоусистууд исламын шийт урсгалыг шүтдэг. Ер нь Йемен бол хүн амын 40 хувь нь шийтүүд оршин суудаг улс юм.

 

 

Тиймээс хүн амын бараг тал хувийн дэмжлэг авдаг гэдэг утгаараа сүннитүүдээс бүрдсэн төр засгаа төдийлөн үл тоомсорлодог билээ. Улмаар өнгөрсөн ес болон арваннэгдүгээр сард нийслэл Сана хотыг эзлэн авч ерөнхийлөгчийг огцруулснаа зарласан. Йеменийн ерөнхийлөгч Абд Раббу Мансур Хади өргөөнөөсөө зугтан гарч Саудын Араб руу дүрвэж тус улсын дэмжлэгийг хүссэнээр энэхүү дайны эхлэл тавигдсан юм.

 

 

Сүннитийн олонхтой Саудын Арабын хувьд хөрш Йеменд 100 гаруй мянган зэвсэгт дайчидтай шийтийн бүлэглэл улс орноо бүхэлд нь хяналтдаа авахыг зүгээр хараад сууж тэсэхгүй нь мэдээж хэрэг тул ийнхүү Мансур Хадигийн хүсэлтийг ёсоор болгож Арабын лигийн орнуудыг уриалан Йеменд дайралт хийж байгаа нь энэ.
 

 

Байлдааны ажиллагааг хоусистууд энхийн хэлэлцээрт орох, есдүгээр сард эзэлсэн байрлалуудаа орхиххүртэл явуулах тухай Саудын Араб мэдэгдээд байгаа. Тэгвэл шийтийн Хути бүлэглэл ч саудчуудын хүссэн зоргоор дайран эзэлсэн газар нутгаа орхих бодолгүй гэдгээ мэдэгдээд байгаа. Тиймээс Йеменийн газар нутагт 200 мянга хол давсан цэргийн хүчний тулгаралт болох нь тодорхой болоод байна. АНУ энэ цэргийн ажиллагаанд оролцохгүй бөгөөд холбоотой орон болох Саудын Арабын талд цэргийн зөвлөгөө өгч ажиллах юм.

 

 

Олон улсын хэвлэлүүдээр хэдийгээр Йеменд тогтворгүй байдал үүссэн нь сайн хэрэг биш боловч бүхэл бүтэн тусгаар улсын дотоод хэрэгт оролцох төдийгүй цэрэглэн дайрсаныг буруушааж байгаа юм. Орос, Хятад зэрэг НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд багтдаг орнууд энэ тухай үзэл бодлоо илэрхийлж Саудын Арабын цэргийн ажиллагааг шүүмжилсэн байна.

 

 

Мөн олон улсын ажиглагчдын анхаарлыг татаж байгаа нэг асуудал бол Йеменийн дайнд Иран улс хэрхэн хандах вэ гэсэн асуултын хариу. Иран улс нь шийтүүдийн эх орон гэдэг утгаараа шашин нэгт хоусистуудыг дэмжиж байнга зэвсэг хэрэгслээр хангаж, туслаж ирсэн. Сүннитүүдийн удирдлагатай Арабын орнууд ийнхүү шийт босогчдыг дарахаар цэрэг хөдөлгөж байгааг Иран улс хэрхэн хүлээн авах нь сонирхолтой.

 

 

Харин Америк тэргүүтэй өрнөдийн гүрнүүд энэ ажиллагааг битүүхэндээ дэмжиж байгаа гэхэд болно. Ер нь саудчууд Йеменийг үргэлж бүс нутагт тогтворгүй байдлыг бий болгодог гол эх үүсвэрт тооцож ирсэн. Ялангуяа хоусистуудын сэтгэлийн хөөрөл, амжилт нь Саудын Арабын Вант улс дахь исмаилит, шиитүүдийн цөсийг хөөргөх аюултайд тооцдог. Үүнээс гадна Арабын хойгт болон тэр дундаа Йеменд явуулж буй “Аль-Каида”-ийн үйлдлүүд саудчуудын санааг зовоож байгаа. “Аль-Каида” бүлэглэл цаашдаа Саудын Арабт стратегийн довтолгоо хийх зорилго агуулан Йеменийг модон морь болгон ашиглаж байгаа гэх таамаглал ч бий. Тиймээс барын зулзагыг бага дээр нь дарах Саудын Арабын эртний төлөвлөгөө одоо л биеллээ олж байгааг олон улсын хэвлэлүүд онцолж байна.

 

Т.АНУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж