“Mongolia Mining-2015” үзэсгэлэн гарч байна

Хуучирсан мэдээ: 2015.04.01-нд нийтлэгдсэн

“Mongolia Mining-2015” үзэсгэлэн гарч байна

“Буянт-Ухаа” спорт цогцолборын ордонд өнөөдөр “Mongolia Mining-2015” үзэсгэлэн нээлтээ хийгээд байна. Үзэсгэлэнд 10 гаруй орны 100 шахам компани оролцож, сүүлийн үеийн дэвшилтэт технологио танилцуулж байгаа юм. Мөн Монгол Улсын уул уурхайн салбарт хууль эрх зүйн орчин ямар байгаа, тусгай зөвшөөрөл олгох үйл явц ямар шатанд байгаа тухай мэдээллийг авч болохоор байна. Ашигт малтмалын газраас өгч байгаа мэдээллээр хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлийн лиценз 2671 аж. Үүнээс 1398 нь ашиглалтын тусгай зөвшөөрлийнх бол 1273 нь хайгуулын тусгай зөвшөөрөл юм байна. Нийт талбайн хэмжээгээр нь авч үзвэл 10.4 сая га газрыг хамрах бол Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 6.7 хувийг эзэлж буй ажээ. Мөн энэ оны эхний хоёр сарын байдлаар экспортод гаргасан уул уурхайн нэр төрлийн бүтээгдэхүүний хэмжээг авч үзвэл жоншны хүдэр 32.5 мянган тонн, төмрийн хүдэр 790.3 мянган тонн, зэсийн бяажмал 205.8 мянган тонн, цайр 17.4 мянган тонн, алт 2.5 тонн, нүүрс 1710.6 мянган тонн юм байна. Дэлхийн зах зээлд эрдэс баялгийн үнэ унасан нь манай улсын татварын орлого төвлөрүүлэлтэд сөрөг нөлөө үзүүлж  буй ажээ.

“Mongolia Mining-2015” үзэсгэлэн энэ сарын 3-ныг хүртэл үргэлжилнэ. Үзэсгэлэнд ОХУ, Хятад, Герман, Польш зэрэг 10 шахам орны 100 гаруй компани оролцож уул уурхайн салбарт ашиглагддаг тоног төхөөрөмж, машин механизмуудаа танилцуулж байгаа юм.

Г.НАРАН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж