"Гэгээн Муза-2015" наадам энэ жил 12 дахь удаагаа ирэх тавдугаар сарын 17-23-ны өдрүүдэд болох гэж байна. Одоогийн байдлаар тус наадамд нийт хот, хөдөө орон нутаг, олон улсаас гээд 47 бүтээлийг ирүүлээд байгаа бөгөөд тус бүтээлүүдийг хүүхдийн, ганц хүний, драмын, дуулалт жүжиг гэж дөрөв ангилан шүүх ажээ.
Өнгөрсөн оны арвандугаар сард Ереван хотноо болсон Олон улсын театрын институтийн 34 дүгээр их хуралд тус байгууллагын Монгол дахь төвийн Ерөнхийлөгч, ардын жүжигчин С.Сарантуяа, боловсролын хорооных нь тэргүүн, ардын жүжигчин төрийн шагналт Н.Сувд нар оролцож, “Гэгээн муза”-г олон улсын наадамд албан ёсоор бүртгүүлснээр энэ удаагийнх онцлогтой болох нь. Түүнчлэн “Гэгээн муза” наадмын шүүгчээр “Би Эдип Пиаф байна” жүжгийн зохиолч Нина Мазур оролцохоор болжээ. Тэрбээр энэ үеэр ганц хүний жүжгийн зохиол хэрхэн бичих талаар зөвлөгөө өгөх гэнэ.
Эх сурвалж: www.urlag.mn