Инээдмийн баярын өдөрт зориулан нийгмийн сэдэвт шог хошин богино өгүүллэгийн “Вакцин” наадмын тэргүүн байрын шагналт, шог зохиолч Д.Буянгийн өгүүллэгийг хүргэж байна. Д.Буян нь 2014 онд “Тэнэг явахын жаргал” номоо уншигч олондоо өргөн барьсан бөгөөд худалдаанд гарсан цагаасаа хойш уншигчдын талархлыг хүлээж, эрэлттэй байгаа юм. Уг ном нь шог хошин өгүүллэгээс гадна шог өгүүллэгийн сонсох CD-ний хамтаар уншигчдадаа хүрч байгаа билээ. “Тэнэг явахын жаргал” номонд орсон өгүүллэгийг Инээдмийн баярын өдөрт зориулан уншигчдадаа хүргэж байна.
УЛАМЖЛАЛТ ЭХО ОНОШИЛГОО
Би гэдэг хүн шинжилгээ өгөхөөр “Дамбийжаа” уламжлалт эмнэлгийг зорилоо. Очиж очиж ийм нэртэй эмнэлэг байхдаа яахав дээ. Алхан хээгээр чимсэн “Жа лам” нэртэй хаалгыг зөөлхөн онгойлгоод “Орох уу?” гэвэл өндөг шиг мулзан эр бийрээр бичиж байснаа “Та үзүүлэх нь үү, ормой, орсугай” гэдгийн. Эмч гэхэд цагаан халаат өмсөөгүй, хээ хуар болсон монгол дээлэн дээр нэл угалж оёсон, тэмээний хоргол шиг бөөрөнхий мөнгөн товчтой хүрэм, 32 угалзтай монгол гутал, хэт хутга зүүсэн байхыг хараад гайхав. За тэр ч яахав, ямар ч байсан эмчийн өрөөнд очер дугааргүй шууд нэвтэрнэ гэдэг чинь миний хувьд оны онцлох үйл явдал. Уламжлалт эмнэлгийн эмч маань энгэрээ уудлаж атгасан гартай дүйцэхээр хаш цагаан хөөрөг гаргаж ирээд тамхиладгийн. “Даага далантай бяруу булчинтай” гэж урд нь огт сонсож байгаагүй уламжлалт мэндчилгээ нь дууссаны дараа зээрийн арьсан дээр худам монгол бичгээр бичсэн нэг юм харуулж “Манай уламжлалт эмнэлгийн дотоод дүрэмтэй танилц” хэмээв. Манай үеийнхэн хуучин монгол бичиг яаж мэдэх билээ “Зөвшөөрч байна аа” гэлээ. Эмч арслантай авдарнаас сангийн бойпор гаргаж ирээд “За ямар ч байсан чиний хар хорыг арилгахын тулд Ногоон Дарь эхийн зүрхэн тарнийг хөгжөөнө өө” гэдгийн. Тэгээд л нөгөө мулзан эр чинь толгойгоо одон бөмбөг шиг хөдөлгөж, унзад хоолойгоор,
Ум дарэ дүдарэ ум Жэвзүнма магма долмала чанцалло гэснээ хамгийн сүүлд нь “Пад суухай” гэж дуусгаад “Ямар нэгэн гомдол санал байхгүй бол наад орон дээрээ гараад хэвт” гэж тушаав. Ор нь бол орчин цагийн дөрвөн дугуйтай хагалгааны ор биш хуучны нэл хээ хуар болсон майга хөлтэй модон ор гээд бодчих. Аргагүй л уламжлалт эмнэлэг гэдэг нь энэ байж. Намайг уламжлалт орон дээр хэвтүүлэн цээжин биеийг минь хүйтэн зүйлээр арчаад л байлаа. Нүднийхээ булангаар сэмхэн харвал “Еэ бүү үзэгд” эмчийн резинэн бээлий тэр чигээрээ цус. Гарт нь баатар эрсийн атаатан дайсны толгойг бөнжгөс хийтэл цавчдаг уртаа махир сэлэм гялалзана. “Хөөе яаж байна эмч ээ. Яадаг муу хар алуурчин бэ?” гэж байдгаараа сандран өндийх гэвэл эмч миний цээжин дээр хүчтэй дарж хэвтүүлээд:
-Та тайвшир. Таны гэдсийг зүсчихсэн болохоор хамаагүй хөдөлбөл эд эрхтэн чинь шалан дээр унаж хагарч гэмтэхээс авахуулаад амь насаа ч алдаж магадгүй гэж тайван өгүүлэв. Тэгснээ нөгөө муу алуурчин чинь хувийн эмнэлгээ магтаж гарлаа.
-Манай түүхчид их муухай улс. Дамбийжааг маш буруугаар ард түмэнд тайлбарлаж өгсөн байдаг юм. Жа лам чинь одоогоос 100 жилийн өмнө зүрх шилжүүлэн суулгах хагалгааг амжилттай хийж байсан хүн болохоос биш адгийн муу зандалчин биш байхгүй юу гэж ирээд солиорч гарав. Тэгж тэгж резинэн бээлийтэй гараа миний хөндий цээж рүү лавхан явуулаад зүрхийг минь гаргаад ирлээ. Нөгөө эмч чинь:
-Паах та чинь зүрхээ гамнаж байхгүй яасан муухай дүүрсэн амьтан бэ? Энэ зүрхэнд чинь эрүүл хэсэг даанч үлдсэнгүй. Маш олон хүүхэнд дурлаж шархлуулсаар байгаад зүрх чинь шатаад дуусчээ гээд надад тал тоосго шиг нүүрс үзүүллээ. Мулзан эр өврөөсөө нүдний шил гаргаж зүүгээд миний зүрх биш ээ, шатсан нүүрсийг эргүүлж тойруулан харснаа “Та таван настай байхдаа “Цогт тайж” киног үзээд ардын жүжигчин Цогзолмаад дурлан зүрхний өвчин чинь сэдэрч. Дараа нь 18 настайдаа “Хань” киног үзээд төрийн шагналт жүжигчин Н.Сувдад дурлаж зүрхний өвчин чинь хүндэрчээ. Эцэстээ “Би чамд хайртай” киноны Үрлээд дурлаад зүрх чинь шатжээ” хэмээн санаа алдав. Ахиад гэдсэн тушаа гараа хийж тоос сорогчийн дотор гаргаад ирдэг байгаа. Нөгөөхөө сэгсэрвэл дотроос нь яс үснээс өгсүүлээд пийжүүний төмрөн бөглөө, бэлэн гоймонгийн амтлагч, сонины тасархай, 100 гр “Ерөөл” архины шил хүртэл гарч ирдгийн. Эмч ярвайж ирээд “Ходоод чинь хотын захын хогийн савнаас долоон дор байна” гэж бухимдав. Тэр дараа нь уушгийг толгойн тушаа сэгсэрвэл өрөө нэл утаа, тоос тортог болж хоолой ам гашуун оргиж хоёр нүднээс нулимс бороо шиг сад тавиад эхэллээ.
-Танайх Улаанхуаранд байдаг уу. Уушиг чинь 100 жил хөөлөөгүй яндангаас долоон дор юм. Тамхи, хотын утаа хоёрт түлэгдээд уушиг чинь шүүрэн шанага л болж. Элэгний хувьд ярилтгүй. Элэг чинь уусаад алга болчихож. Оронд нь эр хонины элэг шилжүүлэн суулгахаас хэмээн ажилдаа оров. Гаргаж оношилсон бүх эрхтнээ буцааж хийгээд гэдсийг маань оёхдоо өлзий хээ гаргаж оёсон гээд бод. Уламжлалт эмнэлгээс намайг гарахад эмч маань янжуур гаргаж ирээд “Өнөөдрийн ажил дууссан. Хүндхэн хагалгаа хийлээ” гэж хэлээд тамхиа зуув. Тэгснээ халааснаасаа асаагуур гаргаж тамхиа асаах гэснээ нэгийг санав бололтой. “Өө манайх чинь уламжлалт эмнэлэг шүү дээ” гэж мулзан толгой руугаа чад хийтэл алгадаад өмднийхөө халааснаас хоёр чулуу гарган гал гаргахаар үрж эхлэв. Хоёр чулуугаа харшилдуулсаар уламжлалт эмч маань ард хоцорлоо хөөрхий.
Д.БУЯН