МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, Барилга хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар, Гадаад хэргийн дэд сайд Н.Оюундарь, Эрүүл мэнд, спортын дэд сайд Н.Атармаа нар өнгөрөгч өдрүүдэд Сэлэнгэ аймгийн Мандал, Баруунхараа, Шаамар, Алтанбулаг, Сүхбаатар, Хөтөл, Дархан –Уул аймгийн Хонгор, Дархан сумдад ажиллаж, орон нутгийн зарим үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцан, хаврын чуулганаар хэлэлцэхээр төлөвлөсөн хуулийн төслүүдэд иргэдийн саналыг сонслоо. Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн хувьд олонх сумд нь эрчимжсэн мал аж ахуй, фермер,үр тариа, хүнсний ногоо тариалдаг. Энэ утгаараа иргэдийн хамгийн их хөндөж байсан сэдэв нь ногоочдыг төрөөс урамшуулах, хүнсний ногоо худалдаалах боломжоор хангах, импортын хүнсний ногооны татварыг нэмэгдүүлэх, зоорьны хүрэлцээ, ахмад настны тэтгэврийн зээлийн хүүг бууруулах зэрэг асуудал байв. Шаамар сумын хувьд 3900 гаруй хүн амтай, газар тариалан, жимс, жимсгэнэ, зөгийний аж ахуй эрхэлдэг гэдгээрээ өвөрмөц онцлогтой сум. Тус сумын иргэдийн хувьд ногоочдод төрөөс урамшуулал олгох, зөгийний аж ахуй эрхлэгчдийг дэмжихийг хүсч байлаа. Ажлын хэсгийнхэн дээрх асуудлуудыг тухай бүрт нь судалж, боломжтойг нь хурдан хугацаанд шийдэх, судлах байдлаар анхаарч ажиллахаа илэрхийлсэн.
Аймаг, сумын Засаг даргыг иргэдээс сонгохыг дэмжив
Ажлын хэсгийнхний зорилго нь Засгийн газрын үйл ажиллагааг танилцуулахаас гадна хаврын чуулганаар хэлэлцэх гол гол хуулиудад иргэдийн саналыг тусгах байсан. Энэ утгаараа Үндсэн хуульд өөрчлөлт оруулахдаа сум, аймгийн Засаг даргыг иргэдийн санал хураалтаар сонгох уу, эсвэл ИТХ-ын хэдэн хүний саналаар сонгох уу гэдэг дээр иргэдийн саналыг авсан юм. Иргэдийн уулзалт болсон бүх сумдад аймаг, сумын Засаг даргыг иргэд өөрсдөө сонгохыг 100 хувь дэмжсэн. Мөн Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулахдаа УИХ-ын гишүүн бүр тойргоос сонгогддог байх саналыг илэрхийлж байв. Өөрөөр хэлбэл Сэлэнгэ, Дарханынхан намын жагсаалтаар гишүүн болдогийг таслан зогсоох ёстой гэсэн байр суурийг хэллээ. Энэ мэтчилэн хаврын чуулганаар хэлэлцэх хуулийн төслүүдэд үнэтэй санал хэлсэн юм. МАН Засгийн газарт хамтарч ажиллаж байгаагийн хувьд дээрх саналуудыг хуулийн төслийг хэлэлцэх явцад намын, бүлгийн байр суурь болгон баримтлахаа илэрхийллээ. МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт орон нутгийн иргэдтэй уулзах үеэрээ эдийн засгийн нөхцөл байдлаа сайжруулахын тулд Монгол Улс намчирхсан, улстөржсөн байдлаас гарах ёстой гэдгийг онцолсон. Тэрбээр “Бид ашигтай болгон Ардын намынх, алдаатай болгон Ардчилсан намынх гэж ярихгүй. Аливаа орны эдийн засгийн бодлого нийгмийн амьдрал нь улстөрийн тогтвортой бодлоготой уялдаж байдаг. Тиймээс МАН улстөржихгүй, ТУГ бодлого баримтална” гэв. ТУГ гэдэг нь “тогтвортой тодорхой, уялдаатай урт хугацааны, гарц гаргалгаатай” гэсэн үгсийн товчлол юм байна. Иргэдийн зүгээс ч Засгийн газрыг “би чи, танай нам, манай нам” гэж талцаж, улстөржихгүй ажиллахыг сануулсан юм.
Чөлөөт бүс хэмээх үлгэрт итгэсээр байх уу?
Хорин жил ярьсан ч хөгжлийнхөө голдрилд ч ороогүй сэдэв олон бий. Үүний нэг нь чөлөөт худалдааны бүс. МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогтоор ахлуулсан Ажлын хэсгийнхэн Сэлэнгэ аймагт Ажиллах үеэрээ Алтанбулагийн чөлөөт худалдааны бүс, хилийн боомтын үйл ажиллагаатай танилцсан. Засгийн газар солигдох тоолонд шинэ захирагч томилогдож, 30 гаруй хүнийг улсын төсвөөс цалинжуулан, жилдээ 200 сая төгрөгийг төсвөөс зарцуулдаг, хэдэнтээ нээлтээ хийсэн ч хувийн хэвшлийнхний хэдэн контейнероос өөр бүтээн байгуулалтгүй, улсын төсвийн 22 тэрбум төгрөгийн хөрөнгөөр цэвэр, бохир усны шугам, цахилгаан дамжуулах шугам тавьсан ч бүрэн дуусаагүй, 170 гаруй аж ахуй нэгжээс газрын төлбөрт 3 сая 200 мянган төгрөгийг хураахаас хэтэрдэггүй. Энэ бол Алтанбулагийн чөлөөт худалдааны бүсийн өнөөгийн дүр зураг. Сүхбаатар хот руу 24 км шугам бохир усны шугам татсан ч эхэн, адагтаа холбогдоогүй аж. Түүнчлэн 12 дэд станцын шугам барьсан ч сумын малчин тэрхүү шугамаас цахилгаан татах эрхгүй, долоон гүний худгаас нэг айл, нэг гудамж ус авах боломжгүй байгаагаас чөлөөт бүсийн хөгжилд нутгийн иргэд эргэлзэж эхэлжээ. Өнгөрсөн зургадугаар сард сүр дуулиантай нээлтээ хийсэн чөлөөт бүсэд жил орчмын хугацаанд хоёр архины дэлгүүр, нэг гутлын дэлгүүр, хөрөнгө оруулагчдын байрлуулсан хэдэн контейнер, хашаа хайснаас өөр хийгдсэн ажил алга. Дэд бүтцийг нь шийдээгүй байж хөрөнгө оруулагчдаас газрын төлбөрт мөнгө нэхэж, мөнгөө төлөөгүй бол газрыг нь хураана хэмээн сүрдүүлдэг зэрэг асуудал зөндөө. Тиймээс төрөөс чөлөөт бүсэд онцгой анхаарал хандуулж, зөв менежментээр удирдахгүй бол дараагийнн 20 жилд ч бахь байдгаараа үлдэх магадлал өндөр байгааг орон нутгийн удирдлага, иргэд анхааруулж байлаа. Харин ОХУ-Монгол Улсын боомтоор нэвтрэх тээврийн хэрэгсэл, иргэдийн тоо эрс өсчээ. Энэ нь ОХУ-д харилцан визгүй зорчиж эхэлсэнтэй холбоотой юм байна. Алтанбулаг сумын иргэдийн хувьд жижиг оврын автобусаар хил гарч, бараа бүтээгдэхүүн, хүн тээвэрлэх замаар амжиргаагаа залгуулдаг байсан ч визгүй болсноос хойш D ангиллын тээврийн хэрэгслийн 2000 зөвшөөрөл дуусч иргэд, аж ахуй нэгжийн дунд үл ойлголцол үүсчээ. Жижиг оврын автобусанд олгодог 2000 зөвшөөрлийг хоёр улсын Засгийн газрын түвшний асуудал учир Гадаад хэргийн дэд сайд Н.Оюундарь анхааралдаа авч, хурдан хугацаанд шийдвэрлэхээ илэрхийлсэн юм.
Ажлын хэсгийнхэн дараа нь Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар суманд ажиллаж, иргэдтэй уулзсан. Сүхбаатар сумын иргэдийн хувьд Сонгуулийн тогтолцоог өөрчлөх саналтай байгаагаа илэрхийлж байлаа. Танхимд цугласан иргэд УИХ-ын сонгуулийн тогтолцоо мажаратор системээр буюу 76 гишүүн бүгд ард түмнээс сонгогддог байхыг 100 хувь дэмжсэн. Түүнчлэн Үндсэн хуульд өөрчлөлт оруулахдаа засаг захиргааны нэгж, түүний удирдлагыг томилохдоо хүн амын тоог харгалзах, ИТХ-ын 24 хүн биш сум, аймгийн ард иргэдээс Засаг даргыг сонгодог байх саналыг хэлж байв.
Монгол Улсын хөдөө аж ахуйн салбарыг мал аж ахуй, газар тариалан бүрдүүлдэг. Газар тариаланг дотор нь үр тариа, төмс хүнсний ногоо гэж ангилж буй. Тэгвэл улсын нийт үр тарианы хэрэгцээний 55 хувь, төмс хүнсний ногооны 40 хувийг Сэлэнгэчүүд хангадаг аж. Энэ утгаараа ухаж биш ургуулж, тарьж” амьдардаг ард түмнийг төрөөс бодлогоор дэмжих чиглэлд анхаарч, иргэдээс ирүүлсэн үнэтэй саналыг хуульд тусгаж ажиллахаа илэрхийллээ.
С.ОТГОНСҮРЭН