Зургаан хувийн өсөлттэй эдийн засгийг сайжруулах амлалт авсан Шийдлийн Засгийн газар “Эдийн засгийг хүндрэлээс гаргах хөтөлбөр”-өө УИХ-аар батлуулаад сар гаруй болж байна. Энэ хөтөлбөрийг “Мөрөөдлийн жагсаалт” болгохгүйн төлөө ажиллаж буйгаа Засгийн газар 100 хоногийнхоо ойн үеэр дуулгасан.
Арван таван оны эдийн засгийн өсөлт гурван хувьтай гарахыг Азийн хөгжлийн банк “зөгнөж”, харин төсвийн алдагдал 1.4 тэрбум хүрч магадгүй байгааг Сангийн сайд дуулгав. Гэхдээ эдгээр тоонууд бол зөвхөн төсөөлөл. Засгийн газар эдийн засагт хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлаа хийж чадах юм бол харьцангуй өөдрөг үзүүлэлт гарч болохоор байна.
Засгийн газрын “А” төлөвлөгөөнд Тавантолгойн ордыг стратегийн хөрөнгө оруулагчдад даатгах, Оюутолгойг гацаанаас гаргаж, далд уурхайн бүтээн байгуулалтад шаардлагатай хөрөнгийг олон улсын арилжааны банкуудаас авах, мөн Гацууртын ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах зэрэг ажлууд багтсан. Чухам үүний тулд цэнхэр, улаан хослолоор засгаа гоёсон шүү дээ. Харамсалтай нь гаргасан бодлого хэр ахицтай байхыг хэлэхэд хэцүү байна. УИХ төдийгүй танхимынх нь зарим сайд хүртэл эсэргүүцэж байгаагаас харвал энэ Засгийн газрын эрдэс баялгаа эргэлтэд оруулах төлөвлөгөө талаар өнгөрч магадгүй гэх эх сурвалж байна. Уг нь Засгийн газрын “А” төлөвлөгөө хэрэгжвэл ойрын хугацаанд Тавантолгойгоос дөрвөн тэрбум ам.доллар, Оюутолгойгоос мөн ийм хэмжээний мөнгө орж ирэхээр яригдаж байгаа юм. Дээр нь Гацууртын ордын 200 сая долларыг тооцвол Монголын эдийн засагт чамгүй мөнгө орж ирэх урьдчилсан тооцоо бий.
Засгийн газрын “А” төлөвлөгөө их л саад бэрхшээл дунд урагшлах нь. Хэдийгээр өнгөрсөн амралтын өдрүүдэд “Рио Тинто”-гийн гүйцэтгэх захирал ноён Сэм Улаанбаатарт ирсэн ч монголчуудын хүлээж, хүсч байсан хариултыг хэлээгүйг бас бодолцох хэрэгтэй.
Гэвч, хоёр Энхболд Тавантолгойд таагүй хандаж байгаагаа хэвлэлээр илэрхийлсэн. Дээр нь Гацууртын ордыг ухуулахгүй гэсэн иргэний хөдөлгөөнийхний тэмцэл даамжирсан. Тэгэхээр Засгийн газрын “А” төлөвлөгөө их л саад бэрхшээл дунд урагшлах нь. Хэдийгээр өнгөрсөн амралтын өдрүүдэд “Рио Тинто”-гийн гүйцэтгэх захирал ноён Сэм Улаанбаатарт ирсэн ч монголчуудын хүлээж, хүсч байсан хариултыг хэлээгүйг бас бодолцох хэрэгтэй.
Гэхдээ мэдээж, “лам олдохгүй бол буцахдаа зална” гэгчээр Засгийн газарт давхар нэг төлөвлөгөө байж таараа. Тэр юу вэ? Засгийн газрын “Б” төлөвлөгөөгөөр эдийн засагт хоёр тэрбумын доллар орж ирэх үүд нээгдсэн явдал. Өөрөөр хэлбэл, намрын чуулганы хаалтын өдөр буюу сар шинийн битүүнд баталсан Өрийн удирдлагын хуулиар Шийдлийн Засгийн газрын гадаад зээллэгийн боломж 600 сая доллараар нэмэгдсэн билээ. Хуулинд улсын өр, засгийн өрийг ялгаж өгснөөр Ч.Сайханбилэгийн танхим 600 гаруй сая долларыг зээлэх чадамжтай болсон гэсэн үг.
Харин 1.4 тэрбум доллар бол арилжааны банкуудаас босгох боломжтой мөнгөний хэмжээ. Шинээр баталсан Өрийн удирдлагын тухай хуульд "Баталгаа гаргуулагч нь хийх гадаад зээллэгтэйгээ тэнцүү хэмжээгээр өөрийн эзэмшиж байгаа Засгийн газрын үнэт цаасыг барьцаалсан тохиолдолд тухайн зээллэгийн нийт дүнд Засгийн газрын өрийн баталгаа гаргаж болох бөгөөд үндэсний мөнгөн тэмдэгтийн ханшийн зөрүүнээс үүсэх эрсдлийг баталгаа гаргуулагч этгээд хариуцахаар баталгааны гэрээнд тусгана" хэмээн зааснаар Засгийн газрын үнэт цаас ЗГҮЦ худалдан авсан банкуудад 1.4 тэрбум ам.доллартай тэнцэх гадаад валютын эх үүсвэр татах бололцоо нээгдсэн хэрэг. Эдгээр боломжууд гарч ирснээр Засгийн газар Өрийн удирдлагын тухай хуулийн хүрээнд 2015-2016 онд хоёр тэрбумыг эдийн засагт оруулах эрх зүйн чадамжтахй болсон гэж ойлгох хэрэгтэй.
Түүнчлэн батлагдсан цагаасаа л эхлээд хэл ам дагуулж, хамгийн муу хэрэгжсэн хуулиар тодроод байсан урт нэртэй хуулийн зарим заалтыг өөрчилснөөр алтны салбарын хөрөнгө оруулалт нэмэгдэж, Монголбанкинд тушаах алтны хэмжээ эрс өсөх боломжтой болсон. Өнгөрсөн 2014 онд Монголбанкинд нийтдээ 13 тонн алт тушаасан нь алтны рояльти татварыг 2.5 болгон бууруулсны үр дүн. Тиймээс Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журамд өөрчлөлт оруулснаар алтны салбараас дор хаяж 300 сая доллар, цаашлаад 1.5 тэрбум доллар орж ирэх нөхцөл бүрдсэнийг эх сурвалжууд онцолж байна.
Гэхдээ Засгийн газарт давхар боломж байгаа гээд анхны зорилгоосоо ухарч болохгүй. Аливаа улсын хувьд хөрөнгө оруулалтыг татах нь хамгийн эхний бодлого. Зөвхөн Тавантолгой, Оюутолгойн асуудлаас Монголд цааш, цаашдаа орж ирэх долларын урсгал нэмэгдэх үү, үгүй юу гэдэг нь шийдэгдэнэ. Засгийн газрын “А, Б” төлөвлөгөө аль аль нь хэрэгжиж чадвал уг нь Монголын эдийн засагт ашигтай. Гэвч, ард түмэнд хүсэл байгаад ч улстөрчид хясвал яалтай билээ.
Ж.НЯМСҮРЭН