-Монголчуудад ажил хийхээс олсон мөнгөө даллаад орлого, ашгаа нэмэгдүүлнэ гэсэн бодолтой, тэр лүү хөтлөдөг багш, бясалгалч нар маш их бий болжээ. Бидний оюун санаа, шашин, шүтлэг үнэхээр мухардалд орсны шинж энэ биш гэж үү.-
Дээрээс цөмрөөд ороод ирэх нь үү гэлтэй дээд айлын залуу хэнгэргээ нүдэж, үсэрч гарна. Харин би зэрэгцээд паараа нүднэ. Доод айлын эгч байвал бид хоёртой “хоршин” бас паараа тогшино. Оройдоо манай гурав ингэж дуу, дуугаа авалцдаг ажилтай. Онгод тэнгэртэй болчихсон юмаа гэж аав нь учирладаг ч нимгэхэн хана, туургатай манай байранд тэрийг нь тэвчихүеэ бэрх. Уг нь хэлж үзсэн. Тэдний шал манай дээвэр, доод айлын эгчийн дээвэр манай шал юм шүү дээ гэж. Нэмэргүй шүү. Онгод, тэнгэртээ гээд эхнэр маань хэрүүл хийхгүй байхыг зөвлөдөг. Гэхдээ л би чаддаггүй, давхиад орчихдог. Уг нь СӨХ-ийн даргад байнга хэлдэг ч айдаг юм байлгүй “Тэгэж байгаад нэг хэлье” гэж аргалдаг. Орц байтугай, давхар болгонд нэг ийм нөхөртэй болж байна. Уламжлал, өвөг дээдсээ үгүйсгээгүй ч үнэндээ байнгын ийм нүргээнд байхад туйлын бэрх. Ядаж байхад хажуу айлын лам залуу хүж, арц уугуулж, хонх, дамраа тачигнуулан, дүнгэр дангар дуугаргана. Одоо би арц, хүжний харшилтай болсон. Манай давхарынхан бас л түүнээс айна. Өдөр болгон иймэрхүү үйлдэл хийдэг хэрнээ галын өрөөний тавилгаа ганц удаа тогтоотол хэргийн эзэд жигтэйхэн уурлаж “Унтаж, амармаар байна. Энэ нийтийн байр. Бусдын эрхээр чиний эрх хязгаарлагддаг юм” гэж ирээд л хэрүүл хийж, бүр дуудлага өгсөн байсан. Монголчууд бүхэлдээ мухар сүсэгт автсан гэдгийг л хэлэх гээд байгаа юм.
Тэр Б.Сарандаваа гэдэг хүний мөнгө дуудах лекцэнд ямар их хүмүүс цуглаж, мөнгөтэй болохоор мөнгө даллана вэ. Яасан олон хүн лам нараар заяа төөргөө засуулахаар Ганданд дугаарлана вэ? Түүнийх нь ачаар жийп унасан, гэдсээ унжуулсан лам нар яасан их олшироо вэ, та минь ээ?
Аугаа сэтгэгч А.Эйнштэйн нэгэнтээ “Буддын шашин бол шинжлэх ухаанд хамгийн ойр шашин” хэмээн хэлсэн гэдэг. Хүн төрөлхтөн зөвхөн өөрөөсөө гэгээрлийг хайх ёстойг сургаж бурхан гэж огтоос байдаггүй хүн та гэгээрэлд хүрэх аваас өөрөө бурхан хэмээн айлдсан Сиддартагийн сургааль 2500 гаруй жилийн урт удаан хөгжлийнхөө туршид хэдэнтээ гуйвсаар иржээ. Тухайн үедээ хинду шашин болон хүн амаа кастын системээр ялгаж дарангуйлдаг байсан Энэтхэгт түүний үзэл санаа асар хурдан түгэн тархсан байдаг.
Бурхан багшийн сургааль энгийн нэгэнд ойлгоход төвөгтэй ид шидтэй зүйл мэт санагдаж олон нийт ид шидийн эрэлд хатжээ. Бурхны шавь нараас тусламж гуйх болов. Хариуд нь мэдээж өргөл барьц өргөнө. Хөдөлмөр эрхлэхгүйгээр ашиг орлого олоход улайрсан авилгалч лам нарын бүхэл бүтэн арми ингэж бий болсон юм. Аюул зовлон, гай гамшиг, өвчин зүдгүүрээс авран хэлтлэх маань мэгзэм, судар ном, мэргэ төлөг зохиогдох болов. Буддагийн хэлсэн сургааль ор үндсээрээ гажуудлаа. Эхнэр хүүхэд, эцэг эхээсээ ангижирч ертөнцийн хэрэг явдлыг тунгаан бясалгаж үнэнийг олсноор хүн төрөлхтнийг мунхагийн харанхуйгаас гаргах учиртай ариун сургаалийг дэргэдийн шавь нар нь салхинд хийсгэж орхив.
Мэдээж шавь болгон нь муу байсангүй. Багшийн сургаалийн гажуудлыг засч залруулах гэж шашны хэд хэдэн реформыг хийсэн авч аанай л амжилтанд хүрсэнгүй. Ямартай ч Зонховагийн үүсгэсэн шашны реформоор лам нарыг эхнэр авах, өргөл барьц шунахыг хоригложээ. Энгийн жирийн хүмүүст бурхны сургаалийг илүү хялбар ойлгох “Бодь мөрийн зэрэг” зохиолоо туурвив. Зонховагийн шинэчлэлт ямартай ч жишиг тогтоож чадсан болов уу. Харин Монгол, Төвд хоёр л энэ шинэчлэлтийг улам гажуудуулж юу ч үгүй холион бантан болгож чадсан гэлтэй.
ХХ зууны эхэн үе гэхэд, Монголын насанд хүрсэн эрчүүдийн талаас илүү хувь нь лам болж жалга болгонд шахуу сүм, хийд баригдаж ямар ч нүгэл хилэнц хийсэн өргөл барьц сайн өргөвөл арван цагаан буяныхаа замаар орно гэсэн мухар сүсэг нийтээр хавтгайрсан талаар бид бишгүй ярьдаг. Одоо харин тэр цаг дахиад иржээ. Зуд болоход нохой зоолно гэгчээр улс гэр уруудан доройтож, хүн зон ядуурч, зовох тусам шар малгайтан лам нарын хэтэвч түнтийх болов.
Хүний хөгжлийн явцад олон ч мэргэн сартваахь нар энэ үзэгдлийн эсрэг тэмцсэн боловч тэр дорхноо л хүчин мөхөсдөж мухардалд орж байжээ. Харин Төвд, Монголоос бусад азийн орнуудад буддын шашин жинхэнэ утгаараа цэцэглэн хөгжиж байсан нь олон олон ном, зохиолд тэмдэглэгдсэн байдаг. Шашны дампуурлыг коммунистууд багалзуурдан хөнөөсөн 70 жил өвгөдийн цус, нулимас дундуур Монголыг чирч гулдарсаар авч гарлаа.
1990 он гарлаа. Ардчилсан хувьсгал ялав. Шашин сэргэлээ. Одоо л дампууралгүй, шашингүй үзлийн доор хүмүүжсэн нийгэмд Будда бурхны шашин жинхэнэ утгаараа хөгжинө гэж найдацгааж байлаа. Харамсалтай нь ийм зүйл болсонгүй. Улам бүр прагматик, мухар сүсэгийн “симбол” болон шашин эргэж ирлээ. Лам нар бусдыг харааж ерөөж, хувь заяаг нь төлөгдөж, өргөл барьцаар засч залруулна. Хулгай хийсэн, хүн айлгаж ичээсэн, мөнгө төгрөг луйвардсан этгээдүүд луйврын мөнгөөрөө нүглээ цайруулах болов. Өнөөдөр хөдөөгүүр явбал улстөрчидтэй адилхан царайтай яасан их бурхны хөшөөг олж харна гээч. Иргэдийн татвараас суйлсан мөнгөөрөө гэмээн цайруулж, нүглээ наминчилан суварга босгогчид яасан их олширсон гэж бодож байна. Сүүлийн үед улстөрчдийн дунд нэгэн шинэ хэлц үг гарах болсон нь “Суварга босготлоо нүгэл хийгээгүй” гэх үг. Дээд түвшиндээ ч мухар сүсэгт хүлэгдсний нэгэн баталгаа нь энэ.
Лам нар баяжин жийп унан тансаглаж, сургааль зөрчин эхнэр авч хүүхэнтэй зугаалж, орой үдшийн цагаар пиво, архи зооглоцгооно. Караокед ч унзад хоолойтой шаггүй дуучид гэдгээ батлан хүүхнүүдийг татна. Шашны тухай ийм л ойлголттой болов. Шашны номоо үнэн зөв уншиж байгаа эсэхийг хэн ч мэдэхгүй. Ална ч гээд байна уу, аварна ч гээд байгаа юм уу, бүү мэд. Ийм л шашны дарангуйлал, мухар сүсэг өнөөдрийн Монголыг ёстой сэнсрүүлж байна.
Дээрээс нь бөө ламын аль нь мэдэгдэхгүй нөхдүүд жалга болгоноос шахуу тодордог болж. Авилгалынх нь хэмжээ бүүр ч тодорхой 10-20 сая төгрөг. Хувцас хэрэглэл, идээ будаа, архи дарсных нь үнэ багтдаг гэнэ. Онгод дуудаж бөө болоод дараа нь бурхны ном сургааль, тарни шившлэгээр зам мөрийг нь засч суух юм.
Шашны сургааль хэрхэн гажууддагийн сонгодог жишээг зурхайч лам нар гаргууд сонгодог хувилбараар нь үзүүлж байна.
Үнэхээр энэ чинь үнэнд хүрэх бурхан Буддагийн номлол мөн гэж үү. Христчүүд өнчин ядуусыг өргөж тэтгэж, өглөг хандив өргөж байхад буддын лам нар эсрэгээр нь сүсэгтэн олноос өргөл хандив нэрээр дээрэм хийж суух.
Аймаг болгон бурхан багшийн сэрэг дүр, өч төчнөөн суваргыг хэдэн тэрбум төгрөгийн санхүүжилтээр босгож байна. Ядахнаа цөөхөн ч гэсэн айл өрхийг гэр сууцтай, ажил төрөлтэй болгосон бол бусдыг энэрэхүйн бурхны сургаальд нийцэхсэн. Сүүлдээ бүр улсын төсвөөс 500 саяар нь хөрөнгө босгож сүм барьж байгуулдаг болж. Энэ ч арай хэтэрнэ ээ. Төр нь шашнаа хүндэтгэнэ гэснээс биш татвар төлөгчдийн мөнгөөр шашны үйл ажиллагааг санхүүжүүлнэ гэж заагаагүй байлтай.
Өнөөгийн лам нарыг ажиглаж суухад өмнөх нийгмийн хатуу чанга бодлого тэдний биологийн хэрэгцээнд таатайгаар нөлөөлөө юу гэх нүгэлт бодол тархинд эргэлдэх юм. Тэд гэр бүлтэй. Үр хүүхэдтэй. Өмссөн хувцасыг нь эс тооцвол хар хүнээс ялгаагүй хүмүүс. Энэ талаар “Монголын нэгэн хамба лам бяцхан охин дагуулж ирээд өөрийнхөө хүүхэд гэж танилцуулахад эвгүй байдалд орсон” хэмээн Далай лам дурссан байсан. Лам хуваргуудын хийж болохгүй хориг цээрт эхнэр авах үйлдэл хориотой байдаг бол үүнийг зөрчих нь манайд энгийн үзэгдэл. Зөвхөн Монголын бурханы шашинтны төв Гандантэгчилэн хийд өдгөө 800 гаруй ламтай. Тэднээс ахмадууд нь буюу 1990 онооос өмнөх лам хуваргууд гэр бүлтэй гэсэн болхи статистик бий.
Хувь хүний эрх учраас тэднийг тоочих боломжгүй гэж өөрсдөө тайлбарладаг юм билээ. Далай ламыг хүртэл унтууцуулаад байгаа нь Монголын буддизм ингэхэд тэс өөр зүг рүү өөрөөр хэлбэл, улам бүр харанхуй руу яваад байгааг гэрчилж байгаа юм биш үү. Өөрийн биеэ золин байж сүсэгтэн олноо гэгээрэлд хөтлөх учиртай бурхны шавьд итгэхэд бэрх болжээ. Монгол хар хүний ядмаг философиосоо салаагүй тэдэнд, тэднийг тойрон хүрээлэгчдэд энэ тухай хэлээд ч хэрэггүй байж мэднэ. Монголчуудад ажил хийхээс олсон мөнгөө даллаад орлого, ашгаа нэмэгдүүлнэ гэсэн бодолтой, тэр лүү хөтлөдөг багш, бясалгалч нар маш их бий болжээ. Бидний оюун санаа, шашин, шүтлэг үнэхээр мухардалд орсны шинж энэ биш гэж үү. Сошиал ертөнцөөр дүүрэн солиотой тарнийг уучлалт гуйж байгаад явуулдаг бүхэл бүтэн арми бий. Ингэж л мухардалт ортлоо бид унаж байна.
Л.НАРАНТӨГС
Эх сурвалж: "NEWS WEEK" сонин