Түүх үргэлжлэхийн эх буюу “Театрын өндөр ээж”

Хуучирсан мэдээ: 2015.03.31-нд нийтлэгдсэн

Түүх үргэлжлэхийн эх буюу “Театрын өндөр ээж”

БНМАУ-Монгол Улсад орчин үеийн тайзны урлаг үүсэж хөгжсөн 80 жилийн ойг тохиолдуулан Д.Нацагдоржийн нэрэмжит Улсын драмын эрдмийн театрын түүхийг “Алтан тайзны эзэд” номонд баринтагласан уран бүтээлчид хийсэн ажилдаа сэтгэл ханалгүй, тухайн үед цуглуулсан баримтаа эргэн сөхсөөр уншигч Танаа толилуулан буй “Театрын өндөр ээж” ном төрсөн хэрэг. Шинэ сэргэгийн эрэлчин Та нэгэнт уншсан болохоор юун тухай өгүүлэв гэдгийг давтан нурших хэрэг лав үгүй. Гэхдээ энд нэмж тодруулмаар зарим нэг зүйл байгаа тул эрхэм уншигч Таны үнэт цагаас хэдхэн хором хумслахаар зүрхлэв. Болгоогтун.

Аливаа түүхэн том үйл явдал тэр тусмаа 80 жилд болж өнгөрсний тухай “тогтоосон хэмжээтэй” нэг номонд өгүүлнэ гэдэг тун амаргүй ажил. Байгууллагын сонирхол, тэр тусмаа байгууллагыг тухайн үед удирдаж байгаа хүмүүсийн хүсэл сонирхолд ч автахаас өөр аргагүй байдаг. Тийм болохоор тухайн үед цугларсан материалаа нэмж баяжуулан УДЭТ-ын түүхийг нэгэн хүний намтар гэнэ үү, нэг хүний дурсамж гэнэ үү юутай ч өвөрмөц гэмээр цонхоор өнгийн харж өгүүлэн буй нь сонирхолтой санагдаж байгааг юуны өмнө онцолъё.

Монгол оронд 1930-аад онд өрхөө татан утаагаа уугиулсан хэмээх урлаг уран сайхны анхдагчдаас арай хойхно буюу 1940-өөд онд Монголын урлагт хөл тавьсан Лха.Долгор гуайн намуухан хүүрнэх дурсамж ч манай намтар судлалын чиглэлээр ажиллаж байгаа судлаачид, бүтээл туурвил хийж буй зохиолч, сэтгүүлчдийн анхааралд лавтай өртөхөөр болж гэж мөхөс надад санагдана. Тийм ээ, “өндөр ээжийн дурсамж” өөрийгөө жижиглэж, хамтран ажиллаж байсан өрөөл бусдыг бахдан өргөж, өөр ертөнцөд заларсан өмнөх үеийнхнийгээ босгон амьдруулж байх шиг санагдахын учир би ингэж хэлж зүрхлэв.

Номын зохиогчид Лха.Долгор гуайн талаар өгүүлэхдээ “Хөдөөх хууччуулын хэнэггүй жишгээр гэх үү, … өөрийн түүх намтраа сүрхий мэддэг нэгэн биш… Нүүдэлчин монголчууд бид… хувийн намтартаа … нэг их анхаарал тавьдаггүй улс” гэж гол баатраа зэмлээд байна уу, аль эсвэл хэнэггүй цөлх монголчууддаа хандаад байна уу хэмээн халаглах хэрнээ театрын хийгээд тодорхой уран бүтээлчийн холбогдолтой адармаатай зүйлийг хэн нэгнээс асуун тодруулах гэхээр “За наадахын чинь талаар Лха.Долгор гуай л мэднэ; Долгор эгчээс л асуу; Долгор эгчээс заавал лавлаж шалгаарай” гэж олон хүн хэлж байсан тухай өгүүлсэн байгааг Та лав анзаарсан байх. Өөрөөр хэлбэл, театрын олон үеийн уран бүтээлчдийн дунд хүлээн зөвшөөрөгдсөн “хүн судар” ажээ хэмээн номын зохиогчдыг дуу алдуулаад байгаа хэрнээ өөрийнхөө тухай хэлж ярих болохоор хашин морь шиг байгаа нь бас сонин биш байна гэж үү?

Монгол Улсын ХХ зууны түүх хэт улстөржиж, МАХН, түүний удирдагчид болон намын тодруулсан цөөхөн гол баатруудыг тойрон бичигдэх маягтай байсан болоод тэр үү сүүлийн хорь гаруй жилд хувь хүний дурсамж, аймаг, сумын түүх, тайлбар толь гээд олон ном гарах болсныг бид мэднэ. Эдгээр номыг харж байхад өнгөрсөн цаг үед хэлэгдэж яригдах нь бага байсныг тодруулах, эсвэл дор дорын оруулсан хувь нэмрээ илэрхийлэн харуулахыг хичээн чармайж байгаа нь харагддаг. Чухам ийм нийтлэг гэмээр хандлага дээр “Өндөр ээж”-ийн хүүрнэл-дурсамж ялгарч байгаа болохоор л “анхааралд өртөх” ёстой болжээ гэж хэлсэн хэрэг.

Амьдрал өнгөрсөн, өнөө хийгээд ирэх цагийн харилцаа холбоогоор нөхцөлддөг. Манай уран бүтээлчид ХХ зуунд үндэсний хийгээд дэлхийн сонгодог хэмээгдэх зохиол бүтээлийг тайзны хийгээд дэлгэцийн болгох адармаатай ажилд хөл тавьсан улс. Өнөө үеийн уран бүтээлчид эхэлсэн ажлыг үргэлжлүүлэх гэж түүчээлэн зүтгэж байгааг бид харж байна. Монголын урлагийг нэгэн уран барилга гэвэл үе үеийн уран бүтээлчид тухайн барилгын тоосго болж таарна. Энэ зүйрлэл зарим хүнд доромж мэт санагдаж болох юм. Би үүнийг хамгийн наад зах нь алдарт Шекспирийн жүжгийг тавих гэж 1950-аад оноос эхэлсэн оролдлого тасралтгүй үргэлжилж байгаатай холбон хэлж байна. Эгэл борог ухаанаар бодоход өмнөх хийснээ, уран бүтээлчид түүний дотор жүжигчид юу бодож, юу сэдэж, юуны талаар маргалдан, юунд хүрч байсныг мэдэхэд илүүдэх гэж үү? Тайз, дэлгэцийн урлагийнхны хувьд чухам үүнийг л танин мэдэж, тайлбарлан өгүүлэхийн гинжин хэлхээ гэх бус уу? Ингээд бодвол Лха.Долгор буурайн намуухан, тун ч цэгцтэй, учир шалтгааныг тайлбарлан өгүүлэх дурсамж хүүрнэлийн ач холбогдол илүү тодрох мэт санагдана бус уу? Бас цээж түхэлзүүлэн, энгэр дэр дэх одон тэмдэгээ хажигнуулан “би… би л…” хэмээн чанга дуугарлаа гээд алсдаа нүргэлэх чимээ нь ихэсдэггүй юм уу даа хэмээн санагдаж байна.

Амьдрал баян болохоор Монголын ХХ зууны тайзны урлагийн гэх үү нийгмийн амьдралыг нэг хүний дурсамж-хүүрнэл хэмээх цонхоор харах гэсэн оролдлогоос ч олон зүйл харагддаг юм байна хэмээн хэлэх гэж баахан нуршлаа. Түүхээ мэднэ гэдэг дурсах, бахархахын нэр. Тэр тусмаа хэн нь хэн байсан бэ гэдгийг мэднэ гэдэг үндэстэн хэмээгдэхийн эх сурвалж биш гэж үү? Улс үндэстэн дурсан бахархах өнгөрсөн үетэй байх аваас ирэх цагийн их салхинд цээж тэнэгэр, толгой гэдгэр сөрөн зогсож, хөгжил дэвшлийн шинэ шинэ өндөрлөг рүү илүү их эрч хүчээр зүтгэнэ хэмээхүйд хэн эргэлзэнэ.

Түүх гэдэг үлгэр биш. Түүх өчигдрөөс, аав ээж, өвөө эмээгийн, өмнөх үеийнхний намтраас эхлэн хөвөрдөг гэж энэ ном өгүүлнэ бус уу? Чухам ийн санагдах учраас БНМАУ-ын гавъяат жүжигчин Лхамжавын Долгор гуайн хүүрнэлийг голлосон “их санаатай” товхимол өнгөрсөн үеийн сургамж, их дурсамжийн эх, урагш даллах урам, уриалан дуудах өндөрлөг яав ч мөн гэдэгт мөхөс би огтхон ч эргэлзэхгүй байна.

Шинэ сэргэгийн эрэлчин эрхэм уншигч Таны оюуны цангааг тайлах номын хур арвин байх болтугай.


Н.ПҮРЭВДАГВА
Эх сурвалж: "ЗУУНЫ МЭДЭЭ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж