“УБТЗ”-ын салхивчийг нээе

Хуучирсан мэдээ: 2015.03.31-нд нийтлэгдсэн

“УБТЗ”-ын салхивчийг нээе

“УБТЗ”-ын дарга албаны мөнгөнөөс 600 мянгаар гутал,1.8 саяар хүрэм, 200 саяар L570, 1,5 тэрбумаар орон сууц худалдан авсан гэх мэдээлэл цахим ертөнцөөр багагүй шуугиан тарьж байна. 

Ичмээр хэрэг л дээ. Гэхдээ төмөр замын дарга нар “Идэхгүй байна” гэдэг түүхэнд байхгүй явдал.  Үйл ажиллагаа нь дампуурлын байдалтай, замын дарга нь “даам” явж ирсэн Монгол Улсад сохор зоосны татвар төлдөггүй ганц байгууллага бол "УБТЗ".

Орос даргыг монголоор, монгол даргыг оросоор солиод ч нэмэгдэхүүний байрлалыг өөрчлөхөөс нийлбэр дүн нь өөрчлөгдөж байгаагүй юм.  Үүний учир нь “Готов, Мятав нь байна уу хамаагүй” гэгчээр үе, үеийн дарга нар энэ байгууллагад хоноцын сэтгэлээр хандаж ирсэнтэй холбоотой. Ийм ч учраас Л.Пүрэвбаатарын оронд өөр нэгэн очлоо гээд ямар ч ялгаагүй. Яагаад гэвэл энэ байгуулагад шинэ дарга биш шинэ менежмент хэрэгтэй болохоор тэр юм.

Орос, Монголын хамтарсан “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэг нь нийтдээ 1815 километр урт төмөр замыг эзэмшдэг, тэнд 17 мянган хүн ажилладаг, цэцэрлэг, эмнэлэг, их сургууль, сонин хэвлэл гээд харьяандаа 70 гаруй байгууллагыг нэгтгэсэн нүсэр том бүтэцтэй “ВАНТ УЛС”.

Гэвч жилээс жилд орлого нь хумигдаж, зарлага өссөөр байгаа нь тус нийгэмлэгийн салхивчаар агаар оруулах болсны нэг илрэл юм.  Энэ оны эхний хоёр сарын байдлаар гэхэд төмөр замын тээврийн салбарын орлого 53.1 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 2.3 тэрбумаар буурсныг Үндэсний статистикийн хорооноос гаргасан судалгаа гэрчилж байна. Төмөр замын тээврийн орлого  сар болгон буурч байгаа нь “УБТЗ”-ыг бүхэлд нь шинэчлэх, тус байгуулагад олон жилийн турш хуримтлагдсан идээ бээрийг нь шахаж гаргах шаардлага бий болсныг  харуулж буй юм.

Монголын төмөр зам, хэдэн галт тэрэгтэйгээ хамт дэлхийд бараг үзмэр болох шахтлаа хуучирсан гээд хэлчихэд бодит үнэнээс хол зөрөхгүй.  Учир нь сүүлийн арван жилд Монголд шинээр нэг ч километр төмөр зам баригдсангүй.  Хойд, урд хоёр хөрш маань хурдны төмөр зам тавихаар бэлтгэл ажилдаа аль хэдийнэ орчихсон байхад Монгол экспортын төмөр зам ч үгүй, “УБТЗ” нийгэмлэг нь ажилчдынхаа цалин мөнгийг цагт нь тавьж чадахгүй хэмжээнд очиж, нэг ёсондоо бараг дампуурчихаад сууж байна. Хэрэв хойд, урд хөршийг холбосон хурдны зам тавигдчихвал “УБТЗ”-ынханд  тээвэрлэх ачаа олдохоо болино.

Монгол Улсын хөгжлийн нэг салшгүй хэсэг бол төмөр зам. Далайд гарцгүй манай улсын хувьд төмөр замгүйгээр, дэлхийн төмөр замын сүлжээнд нэгдэхгүйгээр гуравдах зах зээлд нэвтэрч чадахгүй. Гэтэл  төмөр замын ганц байгууллагынх нь  үйл ажиллагаа, нүүр царай ямар байгааг хар л даа.  Оросоос өндөр үнээр шахсан хэдэн вагон, зүтгүүр, техник хэрэгсэл нь үеэ элээсэн, зарим  нэг нь төмрийн хог болох шахаад хашаанд нь хэвтэж байна.  Дээр нь “Монголын төмөр зам”-ын даргаар ажиллаж байсан Б.Батзаяагийн шахааны хэдэн зүтгүүр нар салхинд элэгдэж гүйцэн, “УБТЗ”-ын хог дээр хог болон хэвтэж байгааг шалгах хэрэгтэй.

Орос даргыг монголоор, монгол даргыг оросоор солиод ч нэмэгдэхүүний байрлалыг өөрчлөхөөс нийлбэр дүн нь өөрчлөгдөж байгаагүй юм.  Учир нь “Готов, Мятав нь байна уу хамаагүй” гэгчээр үе, үеийн дарга нар энэ байгууллагад хоноцын сэтгэлээр хандаж ирсэнтэй холбоотой. Ийм ч учраас Л.Пүрэвбаатарын оронд өөр нэгэн очлоо гээд ямар ч ялгаагүй.  Яагаад гэвэл энэ байгууллагад шинэ дарга биш шинэ менежмент хэрэгтэй болохоор.

Өнгөрсөн хоёр жил Зам тээврийн сайдаар ажиллаж байсан А.Гансүх ноёнтон төмөр замчидтай хийсэн уулзалт бүртээ "УБТЗ"-ыг дарга нарын вант улс бус төмөр замчдын вант улс болгоно" гэж амалсан. Гэтэл хаана байна. Энэ байгууллагад өнгөрсөн хоёр жилийн хугацаанд яг юу өөрчлөгдсөн юм бэ? Юу ч өөрчлөгдсөнгүй, нөгөө л албан тушаал тойрсон хэрүүл үргэжилсэн хэвээр, ард нь үлдсэн үйл ажиллагаа дампуурлаа зарлахад ойртсон сурагтай.

Монгол Улс  нэг тэрбум долларын нүүрс Хятададад экспортлох асуудал одоо ид хөндөгдөж байна. Ийм хуучирсан техник хэрэгсэлтэй, хэзээ мөдгүй таг зогсох вагон, зүтгүүртэйгээр бид хичнээн тонн нүүрс экспортолж чадах вэ. Яаж "УБТЗ"-ыг улс орны хөгжлийн зүтгүүр болгох вэ. Өндөр өртөгтэй, зардал ихтэй энэ байгуулагад хэрхэн агаар салхи оруулах вэ. Энэ мэт олон асуудалт салбарын сайдын хувьд чухал асуудал байх учиртай.  

 Ядах нь аа тал, талаас нь зулгааж амьдардаг харъяа байгууллагуудыг нь хувьчлахгүй бол “УБТЗ”-аас ашиг олно гэдэг бухын доодохыг харж үнэг турж үхнэ гэдэгтэй ялгаагүй юм. Өөрөөр хэлбэл, н энэ байгууллагын үйл ажиллагаа болон менежментэд шинэчлэл хийхгүйгээр нэг сайдын хүнийг нөгөө сайдын хүнээр солилоо гээд юу ч өөрчлөгдөхгүй гэдгийг  өнгөрсөн жилүүдээс хангалттай харсан.

Хэдэн жилийн өмнө АНУ-ын Мянганы сорилтын сангаас  Монголын  төмөр замын үр ашигтай ажиллагаа, “УБТЗ”-ын хүчин чадлыг сайжруулахад 188 сая ам.долларын хөрөнгөөр туслахаа илэрхийлсэн ч  В.Якунины “Үнэгүй талх зөвхөн хавханд байдаг” гэх эсэргүүцэлтэй тулгарснаар монголчууд өөх ч үгүй, булчирхай ч үгүй хоцорч байлаа. Уг нь тэр мөнгө орж ирсэн бол "УБТЗ"-ын хувьд томоохон шинэчлэлтийг авчрах байв.

Чухамдаа “УБТЗ”-ын дэд бүтэц, техник, тоног төхөөрөмж нь хоцрогдож, жилээс жилд орлого нь буурч байгаагийн хохирогчид нь эцсийн эцэст зөвхөн монголчууд.  Тиймээс “УБТЗ” ашигтай, ашиггүй ажиллах нь ноён Якунинд, салбарын сайд Н.Төмөрхүүд хамаагүй ч Монголд хамгийн хамаатай билээ.

Ж.ЭРХЭС

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж