Ямар ч бизнесийн үйл ажиллагаа явуулдаггүй хэрнээ хотын төвд хэдэн арван тэрбумаар олон давхар ордон бариулсан төрийн бус байгууллага бол МАН.
Ардын хүүхдүүдэд цэцэрлэг олдохгүй цоожтой хаалганы цаана өнжиж, иргэд нь эмнэлгийн хонгилд гудас дэвсээд хэвтэж байхад татвар төлөгчдийн 11 тэрбумаар Улаанбаатарын “А” зэрэглэлийн бүсэд тансаг ордон бариулж, тарвалзанхан байгаа Ардын намынхан “Алтан загас”-ын эмгэн шиг эвдэрхий тэвштэйгээ үлдэж магадгүй нь бололтой.
Хэд хоногийн өмнө Ардчилсан намын гишүүд дэмжигчдийн холбооны тэргүүн С.Хасбаатар тэргүүтэй нөхөд хэвлэлийн бага хурал хийлгэж, “МАН-ынхан татвар төлөгчдийн 11 тэрбум төгрөгийг төлөх”-ийг шаардсан. Тухайн үеийн Ерөнхий сайд асан С.Баяр төсвийн мөнгөнөөс 11 тэрбумыг гаргаж, шатсан байшингийнхаа туурин дээр өмнөхөөсөө ч сүрлэг ордон бариулсан талаарх баримтыг хүртэл дэлгэсэн юм. Үүний дараахан Ардын намынхан “Ичсэн хүн хүн ална” гэгчээр бантсандаа ч юм уу гэнэтхэн засгаас гарна хэмээн “айлгаж” эхэлснийг Тусгаар тогтнолын ордон бариулсан 11 тэрбумын асуудалтай холбож үзэх хүмүүс цөөнгүй.
Улсын дээд шүүхэд өнөөдөр 22 нам бүртгэлтэй байгаа. Гэтэл тэднээс ганц нь баялаг бүтээгчдийн мөнгөөр том, тансаг ордон бариулна гэдэг шударга бус. Тиймээс л жижиг намууд ч МАН-ынхантай барьцан татвар төлөгчдийн мөнгөөр нэг бол намын байр барьж өг, эсвэл МАН-аас 11 тэрбумыг нь төлүүл гэдэг шаардлага тавихаар бэлтгэж байгаа гэсэн яриа хүртэл гарч эхлэв.
Мөнгөө төлөх үү, байшингаа улсад тушаах уу хэмээн ацан шалаанд орчихоод байгаа Ардын намынхны толгойны өвчин үүгээр зогсохгүй Г.Алтан хатагтай хүртэл тэднийг дарамталж эхэлсэн гэх мэдээлэл байна.
“Цагтаа цалгиж, цалингаа буухаар наргиж” гэгчээр засгийн эрх барьж байх үедээ улсын аль өөдтэй өнгөтэй болгоныг өөрийн мэдэлд авсан МАН-ынхан Ленины музейг барьцаалж Г.Алтангаас нэг сая доллар зээлсэн аж. Гэтэл барьцаанд тавьсан байрыг нь Төрийн өмчийн хорооны шийдвэрээр төрд эргүүлэн авснаар МАН-ыхан “Тусгаар тогтнолын ордон”-оо Г.Алтангийн барьцаанд тавихаас өөр аргагүй болжээ. Учир нь Г.Алтан хатагтай сая долларын зээлийн барьцаанд “Тусгаар тогтнолын ордон”-г авах хүсэлтээ шүүхэд ирүүлсэн гэх.
Татвар төлөгчдийн 11 тэрбум дээр нэмээд Г.Алтангийн нэг сая долларыг өнөөдрийн ханшаар тооцвол Ардын намынхан 13 тэрбумын өрөнд унаад байна.
Өрөө төлөхийн тулд Ардын намынхан байшингаа зарах эсвэл тушаах, бүр барьцаанд тавих магадгүй нь. Орох оронгүй хоцрох дөхөөд байгаа Ардын намынхныг АН-ынхан "Өртэй хүн өөдөлдөггүй" гэж өрөвдөж суугаа гэнэ лээ шүү.
М.ЯЛАЛТ