Ратко Младичийн өмгөөлөгч ноён Младичийн биеийн байдал доройтсоноор шалтаглаж, хэргийг нь НҮБ-ын олон улсын шүүхэд шилжүүлэхийг эсэргүүцсэн зарга мэдүүлсэн байна. Заргыг Сербийн шүүх хүлээн авч, хэлэлцэхээр болсон бөгөөд гурван өдрийн дотор шийд гаргах юм.
Гэхдээ Младичийн биеийн байдлыг өнгөрсөн баасан гаригт үзсэн эмч нар хэвийн гэж оношилсон тул мэдүүлсэн заргыг хүчингүйд тооцох магадлал өндөр байгаа аж. Генерал Младичийг Боснийн дайны үеэр 7500 гаруй Мусульман шашинтай залуусыг хоморголон устгасан хэргийн гол буруутан хэмээн үзэж, 1995 оноос хойш эрэн сурвалжилж байжээ. Харин Младичийг тавдугаар сарын 26-ны өдөр Бельградын хойд хэсгийн Лазарева тосгоноос баривчилсан юм. Младичийг баривчилсан явдал нь Сербийг Европын Холбоонд элсэхэд түлхэц өгөх шийдвэрлэх хүчин зүйл болох аж.
Б.Энхцэцэг