-Тавантолгойг хэдэн хэсэг хуваагаад, дахиад л төрийн мэдэлд аваачих гэсэн улстөрчдийн явуургүй үйлдэл эндээс үнэртээд байх шиг. Үүнийг л жинхэнэ “Чөтгөрийн тойрог” гэх байх даа-
Улс төрийн хямрал нь эдийн засгаа сүйрүүлж унагаадаг хамгийн сүүлийн үеийн тод жишээ Тавантолгой болж байна. Хэлэлцээнийхээ гурав дахь шатанд орсон Тавантолгой яван, явсаар буцаад эхлэл цэг рүүгээ ирж магадгүй нь бололтой. Өнгөрсөн долоо хоногт өөрсдийгөө судлаач, эдийн засагч гэж танилцуулсан хэсэг нөхөд “Урагшаа Тавантолгой” нэртэй санаачлага гаргаснаа дуулгав. Уг санаачлагад гурван асуудлыг дэвшүүлснийг сонирхуулбал,
Нэгдүгээрт, Тавантолгой дахь иргэдийнэзэмшлийн 1072 ширхэг хувьцааг нийт төслийн 26 хувь, "Эрдэнэс ТТ" компанийн 51 хувь хэлбэрээр оруулж өгөх,
Хоёрдугаарт, Тавантолгой төсөлд ашиглах төмөр замыг анхнаасаа Монголын Төмөр Зам болоод улсын өмч давамгайлсан ТТ төслийн компанийн мэдэлд байхаар тусгах,
Гуравдугаарт, ордын асуудлыг УИХ нь хэлэлцэхгүйгээр шийднэ гэдэг боломжгүй асуудал болохыг онцолж.
Үүнээс харахад Тавантолгойн төсөл буцаад яг гарааныхаа цэгт ирж байна. Энэхүү санаачлага үндэсний эрх ашигт хамгийн их нийцсэн гэж тэд өөрсдийгөө дүгнэж байгаа. Энэ мэтээр Тавантолгойг дагасан улс төрөөс ашиг хонжоо харсан санаачлага бишгүйдээ л нэг гарах биз. Үүний ардТавантолгой төслийг тасчиж идэх гэсэн улс төр, эдийн засгийн бүлэглэлүүд байгаа гэж хардахаас аргагүй нь. Яагаад гэвэл төдийгөөс өдийг хүртэл яваад, тендэр нь шалгараад, 2-3 дахь шатны хэлэлцээрт орж байгаа асуудлыг дахиад эхнээс нь эхлэх нь үндэсний эрх ашигт нийцэж байна гэж хэлэхэд үнэндээ хэл нугарахгүй байна.
Хэлэлцээнийхээ гурав дахь шатанд орсон Тавантолгой яван, явсаар буцаад эхлэл цэг рүүгээ ирж магадгүй нь бололтой.
Монголын төр өмнө нь олборлолт, тээвэрлэлт, боруулалтаа өөрөө хариуцах гэж үзсэн. Гэвч, төмөр зам нь нэг километр ч тавигдаагүйгээр барахгүй овоолсон далан нь өнөөдөр салхи, шуурганд тараад дуусч байгаа гэх юм билээ. Чингис бондын мөнгөнөөс 200 тэрбумыг зарцуулаад хэнд ч хэрэггүй ТЭЗҮ-тэй хоцорсон нь тэгээд хэний буруу вэ. Хятадын “Чалко”-д гэхэд 350 сая долларын өртэй л үлдлээ. Өөрөөр өнгөрсөн хугацаанд Тавантолгой төрд байлаа гээд ард түмэн юу хожив. Хүн болгонд амалсан 1072 ширхэг хувьцаа өнөөдөр ч үхмэл цаас хэвээр байна. Цаашдаа Тавантолгой төсөл таг гацвал цаас хэвээрээ л үлдэнэ. Тавантолгой гэх нэг том сэдвийг олон жижиг асуудал болгон хувааж, төрийн оролцоог нэмэгдүүлснээрээ хуучин дугуй, бэлгэвч, үсний хавчаар, ариун цэврийн цаасны шахааны газар л болж хувиргана шүү дээ. Үнэндээ өмчтэй төр биш хувийн хэвшлийнхэн нь баян төр л хүчтэй байдаг.
“Урагшаа Тавантолгой” иргэний санаачлага гэдэг байгууллагын ажлыг сайн өнгийгөөд харах юм бол “хойшоо Тавантолгой” л болоод байх шиг санагдлаа. Иймэрхүү төрийн бус байгууллага, судлаачдаар дамжуулаад хийж заншсан юмаа л хийж байх шиг байна манай олигархи улстөрчид. Тавантолгойгоос өөрийн хувийг хүртэх гэсэн сонирхол хэдий болтол энэ төслийг гацааж, эдийн засгийн элгээр нь хэвтүүлэхийг хэлэхэд хэцүү боллоо.
Дахиад Тавантолгойг хэдэн хэсэг хуваагаад, дахиад төрийн мэдэлд аваачих гэсэн улстөрчдийн явуургүй үйлдэл эндээс үнэртээд байна. Бас хажуугаар нь өөрсдөө хувь хүртэж чадаагүй үндэсний бизнесийнхэн нэмэгдээд. Үүнийг л жинхэнэ “чөтгөрийг тойрог” хэлэх байх даа. Тавантолгойг унагаах улс төр стратегийн хөрөнгө оруулагчийг тодруулах мөчтэй зэрэгцэн саарал ордонд өдөлсөн бөгөөд УИХ-ын хаврын чуулган эхлэх мөч ойртох тусам энэ нь улам хүчээ аван томорсоор л.
Тавантолгой Монголын улс төр, эдийн засгийн бүлэглэлүүдэд эн тэнцүүхэн ашиг хонжоо авчирч чадахгүй бол эдийн засагт хэдэн арван тэрбумын ашигтай байлаа ч нэмэргүй, цааш явахгүй гэж эдийн засагчид нь хүртэл ил тод мэдэгдэх болсон.
МАН-ын дарга М.Энхболд гэрээ шаардлага хангахгүй байгаа тохиолдолд Тавантолгойг цааш явуулах боломжгүй гэж хэвлэлээр мэдэгдэв. Ардын намын даргын амнаас нь гарсан үг хувь улс төрчийн үзэл бодол гэхээсээ МАН-ын байр суурь гэж харагдаж байна. Ардчилсан намын дарга З.Энхболд Тавантолгойн гэрээг заавал парламентаар хэлэлцэнэ гэж мэдэгдээд зогсохгүй тодорхой анхааруулгыг М.Энхсайхан сайд болон Ч.Сайханбилэг нарт илгээсэн. Түүний үгийг эрх барьж байгаа Ардчилсан намынхаар тогтохгүй УИХ-ын байр суурь гэж хүлээж авах хүн цөөнгүй байна.
Гэхдээ АН-д ч, МАН-д ч Тавантолгойг түлхүүрдэх сонирхолтой улстөрч олон бийг хэлэх нь зөв биз. Эрдэс баялгаа эдийн засгийн эргэлтэд оруулахыг дэмжигчид парламентад олонх болж чадах уу гэдэг нэг асуудал. Хэрэв Тавантолгой энэ хаврын чуулганы гол сэдэв байж, УИХ-ын олонхи эсэргүүцвэл Шийдлийн Засгийн газар орших уу, эс орших уу гэдэг асуудал ч хөндөгдөж болзошгүй юм.
Монголд нүүрлэсэн улс төрийн энэ мэт хямралууд эдийн засгаа хорлон сүйтгэсээр дуусах нь.
Ж.НЯМСҮРЭН