Орон сууцнаас татвар авъя

Хуучирсан мэдээ: 2015.03.31-нд нийтлэгдсэн

Орон сууцнаас татвар авъя

-Гэхдээ нэг гэм нь үл хөдлөх хөрөнгөөс татвар авах тохиолдолд түрээсийн үнэ нэмэгдэх эрсдэл бий. Үүнийг зохицуулахын тулд түрээсийн тухай хуулийг ч давхар баталж өгөх хэрэгтэй юм-


Энэ сэдвийг хөндөх цаг уг нь болсон.  Гэвч,саарал ордонд суугаа улстөрчдөд ийм эдийн засгийн ухаан байгаа эсэхийг мэдэхгүй юм. Магадгүй өөрсдөө ч үл хөдлөх хөрөнгө ихтэй болохоор энэ тухай ярих сонирхол байхгүй байж ч болох юм.

Төсөвт тодотгол хийх үеэр Шийдлийн Засгийн газар хэд, хэдэн татварыг нэмэх хүсэлтээ УИХ-д оруулсан ч олонхын дэмжлэг авч чадаагүй  зарим нь унасан бол зарим нь хаврын чуулган болтол хойшлогдсон.  Засгийн газрын авахаар төлөвлөсөн зарим татвар эдийн засагт хэрэгтэй байсан уу гэвэл байсан.  Даанч, сонгууль дөхөж байгааг ч хэлэх үү, саарал ордоны популистуудад эдийн засгаас илүүтэйгээр иргэдээс санал зулгаах чухал байсан хэрэг.

Монголын нийгэмд баян, ядуугийн ялгаа гарахын хэрээр шинээр зарим нэг татварыг бий болгох зайлшгүй шаардлага гарч ирж байна.  Үүнийг хямралаас гаргах бодлого гэхээсээ  эдийн засгийн шахалт, шаардлага гэж харж болохоор.  

Нэг хэсэг нь орон сууц худалдаж авахын тулд үхэх ч эрхээ хасуулж байхад нийтдээ 81 байр эзэмшиж, түүнийгээ түрээслэн хөнгөхөн, хялбархан аргаар баян тансаг амьдарч байгаа хүн ч байна.  Нэгэн сонирхолтой тоо баримтыг Улсын бүртгэлийн ерөнхий газраас гаргасан талаар хэвлэлийнхний мэдээлснээс иш татвал “Монголын Улсын хэмжээнд хамгийн олон орон сууц эзэмшдэг хүмүүсийн тоог гаргатал  нийт 81 орон сууц эзэмшдэг нэг хүн,  67 орон сууцтай нэг, 57 орон сууц эзэмшдэг нэг, 39 орон сууц эзэмшдэг нэг, 33 орон сууц эзэмшдэг нэг гээд улсын хэмжээнд 20-иос дээш орон сууцтай найман иргэн байгаа бол 10-20 орон сууц эзэмшдэг 80 хүн байгаа “ гэнэ.

Хэн хичнээн орон сууц худалдан авах нь хүний эрхийн асуудал. Чадаж байгаа хойно, энэ гэм нүгэл биш.  Тэгээд ч бид өнөөдөр зах зээлийн нийгэмд амьдарч байна.  Хүн өмчтэй байх эрхгүй социалист нийгэмд бол асуудал арай өөрөөр харагдах байсан биз.  

Сүүлийн жилүүдэд орон сууц худалдан аваад түүнийгээ түрээслэн ашиг олдог шинэ бизнес ид цэцэглэж байна.  Эрэлт байгаа тохиолдолд мэдээж нийлүүлэлт байж таарна. Гол нь энэ төрлийн бизнес эрхлэгчид улсад нэг ч төгрөгийн татвар төлдөггүй нь хөндөх сэдэв болоод буй хэрэг.  Энэ хэрээр хэдэн арван тэрбум доллар гудсан дор “нуугдаж”, Монголын эдийн засаг тэлж томорч чадахгүй байгаа юм.

Мэдээж, нэг ширхэг талх худалдсан ч уг нь татвараа та улсдаа төлөх ёстой. Гэхдээ хууль нь байхгүй байхад хэн ч “би орон сууц түрээсэлдэг, түрээсийнхээ татварыг төлье” гэж шударга царайлахгүй нь лав.  Тийм учраас л   үл хөдлөх хөрөнгөнөөс, малын хөлөөс, тансаг хэрэглээнээс, өв залгамжлалаас, түрээсээс татвар авах цаг болсон байна.
Грааш дүүрэн машинтай, улсад нэг ч төгрөгийн татвар төлдөггүй баячууд саарал ордонд олон. Чухам тийм л шалтгаанаар татварын асуудал хөндөгдөх бүр давхар шалтаг гаргаж ирээд л унагадаг биз.

“Монголын Улсын хэмжээнд хамгийн олон орон сууц эзэмшдэг хүмүүсийн тоог гаргатал  нийт 81 орон сууц эзэмшдэг нэг хүн,  67 орон сууцтай нэг, 57 орон сууц эзэмшдэг нэг, 39 орон сууц эзэмшдэг нэг, 33 орон сууц эзэмшдэг нэг гээд улсын хэмжээнд 20-иос дээш орон сууцтай найман иргэн байгаа бол 10-20 орон сууц эзэмшдэг 80 хүн байгаа “ гэнэ.


Дэлхийн хотуудын татварын ихэнх нь үл хөдлөх хөрөнгийн түрээсийн орлогоос бүрддэг бол Улаанбаатар хотынх ердөө л цалин хөлс хүн амын хувийн орлого дээр л тогтдог аж.

Үл хөдлөх хөрөнгөнөөс татвар авдаг байсан бол хотын төдийгүй улсын татварын бааз өргөжиж, эдийн засагт ч нэмэртэй байлаа.

Засгийн газраас санаачлан УИХ-д өргөн барьсан Хөрөнгийн албан татварын тухай хуулийн төсөлд “Иргэний хувийн өмчлөл дэх хоёр орон сууцыг татвараас чөлөөлж  гурав буюу түүнээс дээшх орон сууцанд татвар ногдуулахаар тусгажээ. Татварын хэмжээг тухайн аймаг, нийслэлийн ИТХ нь иргэдтэйгээ зөвшилцөж тогтоох”-оор тусгажээ.  Энэ бол боломжийн хувилбар. Хаврын чуулганаар хэлэлцэх асуултад Хөрөнгийн албан татварын тухай хуулийг багтаажээ. Хууль батлагдсан тохиолдолд сүүлийн жилүүдэд орон сууцны салбарт бий болсон үнийн зохиомол хөөс хагарах боломжтой.

Гэхдээ нэг гэм нь үл хөдлөх хөрөнгөөс татвар авах тохиолдолд түрээсийн үнэ нэмэгдэх эрсдэл бий. Үүнийг зохицуулахын тулд түрээсийн тухай хуулийг ч давхар баталж өгөх хэрэгтэй юм.   Энэ бол өнөөдрийн зайлшгүй хөндөх, ярих нэг чухал сэдэв мөн юм.

 

Ж.ЭРХЭС

Эх сурвалж: "NEWS WEEK" сонин


 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж