Европын аварга шалгаруулах тэмцээний В хэсгийн тавдугаар тойргийн тоглолтууд өнгөрсөн шөнө явагдаж өнгөрсөн. Энэ тойрогт хэсгийг тэргүүлэгч хоёр баг хоорондоо тулсан бөгөөд Израйлийн шигшээ талбайдаа Уэльсийг хүлээн авч тоглосон ч 3-0 харьцаатай хожигдол хүлээлээ. Ингэснээр Уэльс 11 оноотой болж хүснэгтийг тэргүүлж эхэлсэн бол Израйлийн шигшээ 9 оноотой хэвээр үлдсэнээр хоёрдугаар байрт бичигдсэн.
Тоглолтын тухайд гэвэл "Реал Мадрид" клубын довтлогч Гарэт Бэйл болон "Арсенал"-ын хагас хамгаалагч Аарон Рэмзи нар энэ өдөр гялалзсан бөгөөд нэгдүгээр үеийн 45 дахь минутад Бэйлийн дамжуулалтаар Рэмзи гоолдсоноор тооны харьцааг нээсэн. Харин уг гоолоос ердөө 5 минутын дараагаар эхний гоолын дамжуулалтыг өгсөн Бэйл тооны харьцааг 2-0 болгон холдуулсан. Улмаар эхний гоолын эзэн Рэмзигийн дамжуулалтаар Бэйл дахин гоолдсоноор тоглолтын эцсийн цэгийг тавьсан юм.
Тэгвэл нөгөө талд Андоррын шигшээ баг талбайдаа Боснийн шигшээ багийг хүлээн авч тоглосон ч 3-1 харьцаатай хожигдол хүлээсэн бөгөөд "Манчестер Сити" клубын довтлогч Эдин Жеко хеттрик хийснээр багаа хожилд хөтөлсөн юм. Ингэснээр Босни 5 оноотой болж хэсгийн тавдугаар байрт хэвээр үлдсэн бол Андорра нэг ч оноогүй хэсгийн сүүл мушгисан хэвээр үлдлээ.
Харин энэ хэсгийн сүүлчийн тоглолт болох Бельги болон Киприйн шигшээ багуудын тоглолтод талбайн эзэн баг болох Бельгийн шигшээ багийн давамгайлал дор өрнөсөн бөгөөд "Улаан чөтгөрүүд" өрсөлдөгчөө 5-0 харьцаатай бутниргэсэн юм. Тоглолтын 21 дэх минутад Феллайни тооны харьцааг нээсэн. Улмаар тоглолтын 35 дахь минутад Бентеке нэгийг нэмсэн бол 66 дахь минутад Феллайни дахин гоолдсоноор тооны харьцаа 3-0 болсон юм. Харин уг гоолоос ердөө ганц минутын дараагаар "Челси" клубын од Азар тоог дахин холдуулсан бол 80 дахь минутад Батшуайи тоглолтын эцсийн цэгийг тавьж, талбайн эзэд ээлжит гурван оноогоо халаасаллаа. Ингэснээр "Улаан чөтгөрүүд"-ийн хувьд 8 оноотой болж хүснэгтийн гуравдугаар байр руу дэвшсэн бол Киприйн шигшээ тэдний ард бичигдэж эхэллээ.
Эх сурвалж: www.mminfo.mn