Европын аваргын урьдчилсан шатны D хэсгийн тавдугаар тойргийн тоглолтууд өнгөрсөн шөнө боллоо. Энэ хэсгийг тэргүүлж байсан Польшийн шигшээ баг тавдугаар тойрогт Ирландын талбайд зочилж, 1:1-ээр тэнцлээ. Ингэснээр 11 оноотой болж, хэсгийн тэргүүн байрт хэвээр үлдлээ.
Тоглолтын 26 дахь минутад Пешко оруулж, зочид тэргүүлж эхэлсэн. Гэвч 90 дэх минутад Шейн Лонг гоолдож, Польшийн хоёр оноог хулгайлсан. Хэрвээ Польшийн шигшээ хожсон бол 13 оноотой болж, араасаа нэхэж байгаа багаас гурван оноогоор тасрах байлаа.
Тэгвэл хүснэгтийн хоёрдугаар байрт бичигдэж байгаа Германы шигшээ баг энэ тойрогт Гүржийн талбайд зочилж, 0:2-оор хожсоноор 10 оноотой болж, Польшийн шилэн дээр дарж ирлээ. Тоглолтын 39 дэх минутад Ройс гоолдож, тооны харьцааг нээсэн бол 44 дэх минутад Мюллер гүйцээж, багтаа хожил авчирсан юм. Гүрж энэ тойрогт хожигдсоноор ердөө 3 оноотой хэвээр үлдэж, тавдугаар байрт бичигдэж байна.
Энэ хэсгийн гурав дахь тоглолт Шотланд болон Гибралтарын хооронд болсон. Шотландын шигшээ сулхан өрсөлдөгчөө 6:1-ээр бутниргэж, 10 оноо болж ирлээ. Тоглолтын 18, 34 дэх минутад Мэлоуни торгуулын цохилтоос хоёрыг оруулсан. Тэгвэл Стевен Флетчер 29, 77, 90 дэх минутад гурвыг хийсэн бол Нейсмит 39 дэх минутад нэгийг оруулжээ. Харин зочдоос нэр төрийн ганц гоолыг 20 дахь минутад Кассиаро оруулжээ. Тавдугаар тойрогт Гибралтарын шигшээ хожигдосоноор ганц ч оноогүй сүүл мушгиж байна.
Эх сурвалж: www.mminfo.mn