Олон улсын уул уурхайн үзэсгэлэн болох "Mongolia Mining-2015" үзэсгэлэн тав дахь жилдээ зохион байгуулагдах болсон талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
Хэвлэлийн бага хуралд "Minex Mongolia" комппанийн захирал Т.Баттулга, бизнес хөгжлийн асуудал хариуцсан мэргэжилтэн П.Чимэдням болон "Эрдэнэс Монгол" ХХК-ийн дэд бүтэц, үйлдвэрлэл, технологийн газрын дарга Ж.Төмөрпүрэв нар оролцсон юм.
"Mongolia Mining-2015" олон улсын уул уурхайн үзэсгэлэн салбарын техник технологийн хамгийн чухал арга хэмжээний хувьд Уул уурхайн яам, Ашигт малтмалын газар, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим дэмжин ажиллаж байгаа бөгөөд уламжлал ёсоор Майнэкс Монгол ХХК, Эрдэнэс Монгол ХХК хамтран зохион байгуулж байна.
Энэ удаагийн үзэсгэлэн уул уурхай ба газрын тосны техник технологи гэсэн үндсэн хоёр хэсгээс бүрдэх ба 15 орны нийт 120 компани оролцоно. Үзэсгэлэнгийн үеэр гадаад дотоодын оролцогчдын хамтын ажиллагааны уулзалт, уул уурхайн компаниудын төслийн танилцуулга, салбарын хөгжил хэтийн чиг хандлага сэдэвтэй ярилцлага илтгэл тавих юм.
“Mongolia Mining-2015” үзэсгэлэн дөрөвдүгээр сарын 1-3-ны өдрүүдэд Буянт Ухаа спортын ордонд болно. Үзэсгэлэн гаргагч болон зочдод зориулан Улаанбаатар, Баянгол, Рамада зочид буудлуудаас цаг тутам үнэгүй автобусаар үйлчлэх байна. Minex Mongolia комппанийн бизнес хөгжлийн асуудал хариуцсан мэргэжилтэн П.Чимэднямаас үзэсгэлэнгийн талаарх зарим зүйлийг тодруулан асуусан юм.
-Энэ жилийн үзэсгэлэнгийн онцлог юу вэ?
-Энэ жил газрын тосны техник технологийн бүтээгдэхүүнийг дэлгэн танилцуулна. Мөн дэлхийн томоохон хамгийн сайн бүтээгдэхүүн нийлүүлдэг компаниуд ихээр оролцох ба эрдэс баялагийг их хэмжээгээр худалдан авах түнш байгууллагуудын хүмүүс өөрсдөө зорьж ирж байгаагаараа онцлог юм.
-Үзэсгэлэнд оролцож байгаа компаниудад зохион байгуулж байгаа талаас ямар туслалцаа үзүүлдэг вэ?
-Бид аль болох олон хүмүүсийг үзэсгэлэнд хамруулахын тулд зар суртачилгааг чадах хэмжээгээрээ хийж өгдөг. Тиймээс үзэсгэлэнд оролцож байгаа компаниуд өөрсдөө бүтээгдэхүүнээ бусдаас онцолж танилцуулж чадвал гэрээ хэлэлцээр нь амжилттай болж бүтээгдэхүүнүүд нь зарагдах бүрэн боломжтой .
-Үзэсгэлэнг зохион байгуулахад хүндрэлтэй асуудал байсан уу?
-Зохион байгуулах явцад хүндрэлтэй асуудал бараг байгаагүй. Хамтарч ажилласан байгууллагууд биднийг маш сайн дэмжиж ажилласан. Харин өмнөх жилүүдэд их талбай түрээслэн авдаг, их тоног төхөөрөмж нийлүүлдэг байсан байгууллагууд энэ жил хямрал болж байгаатай холбогдуулан түрээслэх талбайгаа жижигсгэж байна. Гэхдээ үзэсгэлэнд оролцох оролцоо нь сайн хэвээрээ байна гэлээ.
Б.БИЛГЭЭ