Түлшний хомсдолоос шалтгаалж нийтийн тээвэр зогсоход хүрээд байна

Хуучирсан мэдээ: 2011.05.31-нд нийтлэгдсэн

Түлшний хомсдолоос шалтгаалж нийтийн тээвэр зогсоход хүрээд байна

Дархан-Уул аймгийн хэмжээнд нийтийн тээврийн үйл ажиллагаа явуулдаг бага оврын автобуснууд түлшний хомсдолоос зогсоход хүрээд байна. Зөвхөн хот доторх нийтийн тээвэр бус хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлдэг автобуснуудын тоонд хязгаарлалт хийжээ. ТАЗГ-ын мэдэгдэж байгаагаар нөхцөл байдал хүндхэн байдалтай байгаа төдийгүй аймгийн хэмжээнд түлшний нөөц гэхээр зүйл бараг байхгүй болсон гэнэ. Нийслэлд шатахууны хомсдолоос үүдэн нийтийн тээвэр үнээ нэмсэн ч Дархан-Уул аймгийн хэмжээнд хомсдол үүслээ гээд хот доторх нийтийн тээврийн үнийг нэмэхгүй. Дархан-Уул аймагт бага оврын автобус нийтийн тээврийн үйлчилгээг үзүүлэх нь эрс багасчээ. Нийтийн тээврийн үйлчилгээ бүрэн зогсохгүй харин суудлын автомашин нийтийн тээврийн үйлчилгээг хүргэж байгаа аж. Түлшний хомсдлыг далимдуулан нийтэд үйлчилж байгаа иргэд үнээ нэмж магадгүй гэж нутгийхан ярилцаж байгаа ч “үнийг нэмүүлэхгүй” гэж холбогдох албаны хүн мэдээлжээ. Мөн ойрын 10 хоногийн хугацаанд энэ байдал үргэлжилэх гэнэ. Түлшний хомсдолоос болж хүндэрч байгаа салбар нийтийн тээвэр гэхээсээ илүүтэйгээр газар тариалангийн салбар юм. Сум бүр тариалалтанд шаардагдах түлшний тооцоогоо гаргасан байсан. Харин аймгийн комисс хуралдаж, тодорхой шийд гарган, дараагийн шатанд мэдэгдэнэ гэв.

М.Дэлгэржаргал
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж