Улаанбаатар хотын төв номын сан “Номын сангийн онлайн систем, цахим уншлага үйлчилгээ”-г өчигдрөөс шинээр нэвтрүүллээ. Номын сангийнхаа үйлчилгээний чанарыг сайжруулах, үйлчлүүлэгчдийн тоог нэмж, сэтгэл ханамжийг нь дээшлүүлэх зорилгоор өнгөрсөн оны арван хоёрдугаар сараас эхлэн зургаан сарын хугацаанд 31500 ам.долларын санхүүжилтээр хэрэгжүүлсэн төслийн хүрээнд уг үйлчилгээг бий болгожээ. Төслийг “КОЙКА”-гийн сайн дурын мэргэжилтнүүд санаачлан, тус байгууллагаас 22000 ам.доллар, бусад эх үүсвэрээс үлдсэн санхүүжилтийг авч, Монголын номын сангуудын консорциумтай хамтран хэрэгжүүлсэн байна. Улаанбаатар хотын номын сангийн номын санч Л.Гантулга “Номын сангийн үйлчилгээнд онлайн систем ашиглах туршилтын 20 хоногт дэлхийн 30 гаруй улсаас 3600 орчим уншигч хандсан. Цахим уншлагын танхимд бага насны хүүхдэд зориулсан хоёр, цахим сонин хэвлэл уншиж, ашиглахад зориулсан 16 компьютер суурилуулсан” хэмээн “Өнөөдөр” сонинд мэдээлжээ.