“Lilium” галерей, лаунжид залуу уран бүтээлч Б.Ундрамын өвөрмөц, содон бүтээлүүдийг дэлгэсэн үзэсгэлэн гарч байна. Үзэсгэлэнгийн нэр “Таталцал”. Уран зурагт шимтэгч болоод уран бүтээл хоёрын хооронд үүсэх тэр холбоосыг урлагийн хэлээр ийн нэрлэдэг аж. Аливаа урлагийн бүтээлээс авах мэдрэмж, сэрэл, сэтгэгдэл хүн бүрт харилцан адилгүй өөр байдаг. Тиймээс “таталцал” хэмээн нэрлээд буй тэр мэдрэмжийг авахыг хүсвэл та “Lilium” галерейг зориорой. Амьдралд байдаг өчүүхэн, дэндүү энгийн, хэн хүний анзаарамгүй эгэл жижиг зүйлст хүртэл хичнээс гоо сайхан оршин буйг илэрхийлсэн түүний үзэсгэлэн ирэх дөрөвдүгээр сарын 3-ныг дуустал үргэлжлэх ажээ.
Street art-ын нэг онцлог төрөл болох 3D зураг болон Optical illusion хэмээх сонирхолтой хэлбэрээр уран бүтээлээ туурвидаг Б.Ундрамын хувьд Туркийн Анкара хотын “Hacettepe” их сургуулийн Урлагийн факультетэд уран зургийн дээд мэргэжил эзэмшжээ. Өдгөө тэрбээр СУИС-ийн харьяа Радио, телевизийн сургуульд багшаар ажилладаг байна.
С.МАША