Олон нийтийн сүлжээнд өөрийн үзэл бодлоо илэрхийлдэг жиргээчид нэгдэн нийлж сайн үйлсийн төлөө үйл ажиллагаа явуулдаг “Хүнлэг Монгол” төрийн бус байгууллагатай болох гэнэ. Энэхүү санаачлагыг жиргээч, УИХ-ын гишүүн С.Бямбацогтын санаачлан зохион байгуулсан “Хүнлэг нийгмийн төлөө Хамтдаа” уулзалтанд оролцсон жиргээчид гаргасан байна. Тэд “жиргээчид зүгээр нэг уулзалт хийгээд өнгөрөх биш тогтмол үйл ажиллагаа явуулдаг байх, тэр дундаа сайн үйлсийг дэмжиж түгээдэг, эхлүүлдэг, хэрэгжүүлдэг байх хэрэгтэй” хэмээн санал нэгджээ. Тэд мөн анхны уулзтаараа Н.Нандинхүслэн охинд туслах уриалгыг гаргасан байна. Жиргээчдийн дундаас гарсан бас нэгэн санал нь төрийн бус байгууллагынхаа үйл ажиллагааны хүрээнд handiv.mn вэб сайт ажиллуулж, нэг талаас сайн үйлс хийх хүсэлтэй байгууллага, хувь хүн, нөгөө талаас хандив тусламж хэрэгтэй болсон хүмүүсийг холбож өгөх ажлыг эхлүүлэхээр болжээ.
Мөн тэд хүмүүнлэгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудаа дэмжих, татвараас чөлөөлөх, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг УИХ-аар цаг алдалгүй батлахад дуу хоолойгоо нэгтгэхээр санал нэгдсэн байна.
Г.ДАРЬ