Б.Очиржав: Усан цахилгаан станц баригдаагүй нь бидний буруу

Хуучирсан мэдээ: 2015.03.30-нд нийтлэгдсэн

Б.Очиржав: Усан цахилгаан станц баригдаагүй нь бидний буруу

-2020 онд Төвийн эрчим хүч­ний системийн их ачаалал 1325 МВт хүрэх бөгөөд Эгийн голын усан цахилгаан станц ашиглалтад орсноор их ачааллын 24 хувийг хангана-


Засгийн газрын хуралдаанаас Эгийн голын усан цахилгаан станц барих хөрөнгийг  БНХАУ-аас авч буй хөнгөлөлттэй зээлээс гаргахаар шийдвэрлэсэн.  Сүүлийн 20 жил шийдлээ хүлээж,  бодит ажил болж чадаагүй усан цахилгаан станцыг Засгийн газар хөдөлгөхөөр  болж байна. Үүнтэй холбогдуулан  Эийн голын усан цахилгаан  станцын зөвлөх Б.Очиржавтай ярилцлаа.

-Эгийн голын усан цахилгаан станц барих хөрөнгийг Засгийн газар хоорондын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр барихаар  шийдвэрлэсэн. Олон жил хүлээгдсэн энэ ажил одоо хэрэгжих   шатанд ирлээ. Ажлын явц  ямар байна вэ?

-Аливаа юм цаг үе нь ирэхээр шийдэгддэг гэдэг. Эгийн голын УЦС баригдах цаг нь үнэхээр ирчихлээ. Техник-эдийн засгийн үндэс­лэл, Байгаль орчны нарийвчилсан үнэлгээ зэрэг төслийн үндсэн баримт бичг­үүд нь шинэч­­лэгдэн батлагдчихлаа. Санхүү­жил­тийн асуу­дал үндсэндээ шийдэгд­лээ. Одоо төслийн тал­барт хүрзээ бариад төслийн барилгын ажлын эхэлснийг зарлах үе тун ойртлоо гэж бодож байна.

-Усан цахилгаан станц манай орны хувьд хэр оновчтой шийдэл вэ. Улирлын чанар­­тай гэдгээрээ үр ашиг өндөр байж чадах уу?

-Манай улсын Эрчим хүчний ажил­лагсдын анхны их хурал 1987 онд болж хот, хөдөөгийн олон төлөөлөгчид оролцон санаа бодлоо чөлөөтэй ярилцаж уриалга гаргасан байдаг. Тэнд манай эрчим хүчнийхэн улс орныг хамарсан томоохон чадлын усан цахилгаан станц байгуулахыг чухалчлан гар өргөж шийдэж байсныг тод санаж байна. Тэгэхээр усан цахилгаан станц манай орны хувьд хэр оновчтой шийдэл вэ гэж эргэлзэх биш энэ бол манай эрчим хүчнийхний мөрөөдөл гэдгийг хэлмээр байна. Төр засгаас эрчим хүчний талаар гаргасан бүх хөтөлбөр барим бичигт энэ нь тусгалаа олсон байдаг.

Дэлхий нийтийн чиг хандлага ч сэргээгдэх эрчим хүч рүү чиглэж байна шүү дээ. Өнөө үед сэргээгдэх эрчим хүчний 90 гаруй хувийг усан цахилгаан станц эзэлж ,үлдсэн 10 хувийг нар салхиных байгааг анхаарч үзвэл хариулт тодорхой болно. Нөгөө талаар Эгийн голын УЦС нь жилийн  дөрвөн улиралд ажиллах том оврын цахилгаан станц юм. Улирлын чанартай гэсэн ойлголт байхгүй.

-Станц Эг-Сэлэнгийн бэлчирээс 2.5 км зайд байрлана гэсэн. Сэлэнгэ мөрөн бол цэвэр усны нөөц, ихээхэн ундаргатай газар. Цэвэр усны нөөцөд нөлөөлөх байдлыг хэр судалсан бэ?

-Эгийн голын УЦС-ын усан сан нь өөрөө 5.7 тэрбум шоо метр цэвэр усны эх үүсвэрийг бүрдүүлнэ. Барилгын үеийн технологи, менеж­мент чанд мөрдөгдөх учраас Сэлэнгэ мөрний талаар санаа зовохгүй байж болно.

-Эдийн засагт ашигтай гэдгээр нь асууд­лыг хараад байх шиг байна. Гэтэл оросууд  Байгаль нуурт  сөргөөр нөлөөлнө  гэж үзэж байсан гэдэг шүү дээ. Байгаль орчны үнэл­гээ чухам яаж гарсан юм бэ?

-Байгаль нуурт нөлөөлнө гэж Эгийн голын УЦС-тай холбогдуулан оросууд хэлсэн баримтыг би үзээгүй. Харин Эгийн голын УЦС Байгаль нуурт ус зүйн талаас нөлөө үзүүлэхгүй гэдэг судалгаатай танилцсан. Түүнтэй санал нэг байдаг.

Эгийн голын УЦС Байгаль нуурт ус зүйн талаас нөлөө үзүүлэхгүй гэдэг судалгаатай танилцсан. Түүнтэй санал нэг байдаг.

-Архиологийн болон загасны нарийв­чил­сан судалгаа хийх ажил ямар  түвшинд явж байна?

-2014 онд төслийн нөлөөллийн бүсэд илэрсэн түүх соёлын дурсгалыг авран хам­гаа­лах ажлыг Монгол Улсад археологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бүх байгууллагууд болох ШУА-ийн Археологийн хүрээлэн, Түүхийн хүрээлэн, Улаанбаатар их сургууль, ШУТИС, Монголын үндэсний музей, Нүүдлийн соёл иргэншлийг судлах ОУ-ын хүрээлэнгийн хамтарсан багууд орон нутгийн иргэдийн төлөөллийн хамт гүйцэтгэж, нийт 210 дурсгалыг авран хамгаалаад байна. Эдгээр дурсгалуудаас илэрсэн олдворуудын дээжээр өнгөрсөн оны арваннэдүгээр сард Монголын Үндэсний музейд архелогийн нээлттэй үзэс­гэлэн зохион байгуулж, олон нийтэд танил­цуул­сан. Энэ онд дээрх багууд Эгийн голын хөндийд үлдсэн 83 дурсгалыг авран хамгаалах малтлагын ажлыг үргэлжлүүлэн хийж, усан сан үүсэх талбайг бүрэн чөлөөлөх юм.

-Загасны нарийвчилсан судалгаа бий. Эгийн голыг загасгүй болгох нь гэх бол­гоомж­лол бий шүү дээ?

-Загасны нарийвчилсан судалгааны хувьд барилгын өмнөх үе, барилгын үе, ашиглалтын үе гэсэн үндсэн гурван үе шаттайгаар нийт 5-7 жилийн хугацаанд явуулахаар төлөвлөн ажиллаж байгаа. Судал­гааны ажлыг Эг-Үүрийн голд судал­гаа явуулж байсан туршлагатай, ШУА-ийн Гео экологийн хүрээлэнгийн загас судлаач, эрдэмтэд, АНУ-ын Рүтгерсийн их сургуу­лийн эрдэмтэд судлаачдын удирдсан “Байгаль хамгаалах Монголын Тул сан” ТББ хамтран гүйцэтгэж байгаа. Судалгааны ажлын үр дүнд Эгийн голын усан цахилгаан станцын загас өнгөрүүлэх байгууламжийн технологийн сонголтыг хийж ТЭЗҮ-д тусган батлуулсан нь өмнөх ТЭЗҮ-тэй харьцуулахад том амжилт болсон гэж хэлж болно.

-Усан цахилгаан станц үнэхээр ашигтай юм бол яагаад өнгөрсөн 20 жил энэ ажил урагшлаагүй  юм бол. Шалтгаан нь зөвхөн хөрөнгө мөнгөнд байсан гэдэгт эргэлзэж байна?

-Эгийн голын усан цахилгаан станцын ТЭЗҮ-ийн төслийн судалгааны ажил Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжаар 1992 онд эхэлж байсан. Би мэргэжлийн хүний хувьд орж ажилласан. Гадаад дотоодын олон хүнтэй уулзаж санал солилцож байхад анзаарагдсан нэг зүйл бол ардчилалын замд хөл тавьсан Монгол Улсад тусалж дэм­жих зорилт тавьж, эдийн засгийн хувьд юунаас эхлэх вэ гэдгийг  эрчим хүчний сал­бар анзаарч байсан үе. Тэр дундаа усан цахилгаан станц тэргүүн ээлжинд тавигдаж, 100 сая ам.долларын зээл олгох шийдвэр Азийн хөгжлийн банк гаргасан байдаг. Энэ юу хэлээд байна гэхээр бие даасан, хараат бус эрчим хүчний системтэй болоход Монгол Улс усан цахилгаан станцтай болохгүйгээр хол явахгүй гэдэг нь одоогоос 20 гаруй жилийн өмнө тодорхой байж. Харин хэрэгжүүлж чадаагүй нь өөр хэний ч буруу биш зөвхөн бидний өөрсдийн буруу. Үүнээс бид сургамж авах ёстой. Энэ алдаагаа засах боломж байна.

-Эгийн голын усан цахилгаан станц ашиг­­лалтад орсноор эрчим хүчний хэрэг­цээ­ний хэдэн хувийг хангах тооцоо  байна вэ?

-Манай Яамны Диспетчерийн үндэсний төвийн тооцоогоор сүүлийн 10 жилийн дунд­жаар эрчим хүчний хэрэглээний ердийн өсөлт  5,5 хувь гарч байгаа юм. Энэ тооцоонд тул­гуур­лан тооцоход 2020 онд Төвийн эрчим хүч­ний системийн их ачаалал 1325 МВт хүрэх бөгөөд Эгийн голын усан цахилгаан станц ашиглалтад орсноор их ачааллын 24 хувийг хангана.

-Энэ ажлыг хэдий  хугацаанд хэрэг­жүүлж, станцыг  ашиглалтад хүлээлгэн өгөхөөр төлөвлөж байгаа  вэ? 

-Далангийн барилгын ажлыг 3.5 жилд гүйцэтгэхээр төлөвлөж байгаа. Тав дахь жилээс эхний агрегатыг ашиглалтад оруулна гэж тоо­цож байна. Хэрэв энэ жилээс барилгын бэлтгэл ажлыг эхлүүлчихвэл Эгийн голын УЦС-ыг 2022 оноос бүрэн хүчин чадлаар нь ашиглалтад оруулах боломжтой.

-Цаашдаа  усан цахилгаан станцыг хаана, хаана байгуулах боломж байгаа вэ. Шүрэнгийн цахилгаан станц л гэхэд бас л байгаль орчны асуудлаас болж тодорхойгүй байна шүү дээ. Бидэнд өөр ямар нөөц, боломж байна?

-1964-1965 оны үед ЗХУ-ын  (хуучин нэрээр) “Энергосетьпроект” институтын боловс­руулсан судалгаагаар манай улсын гол мөр­нүүдэд нийт 28 усан цахилгаан станц бай­гуу­лах боломжтой гэсэн тооцоо байдаг. Үүний дотор Эгийн голын УЦС ордог. Манай улсын усны эрчим хүчний нийт нөөц 65 тэрбум кВтцаг гэж үнэлэгддэг. Шүрэнгийн УЦС-ын ТЭЗҮ боловсруулах тендер зарлагдсан. Ажил нь үргэлжилж байгаа. Ер нь Канад, Норвеги , ОХУ зэрэг орны туршлагаас харахад  цаашдаа манай улсад УЦС-ыг хөгжүүлэх нь зүйтэй гэсэн бодолтой байдаг  юм билээ.

-Ярилцсанд баярлалаа.

С.ОТГОНСҮРЭН

Эх сурвалж: "NEWS WEEK" сонин

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж