Өмнөд Африкийн Ерөнхийлөгч Якоб Зума, Ливийн удирдагч хурандаа Муаммар Каддафи нарын энхийн хэлэлцээр ямар нэгэн мэдэгдэлгүйгээр өндөрлөж буй нь мухардалд хүрснийг харууллаа. Якоб Зума хурандаа Каддафийг гал зогсооно гэж итгэж байсан авч тэрбээр НАТО болон босогчдын тавьж буй шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүйгээр барахгүй байр сууринаасаа нэг ч алхам ухрахгүй гэж гөжүүдэлсээр байгаа ажээ. Якоб Зума Африкийн орнуудын холбооноос гаргасан гал зогсоох шаардлагыг мөн хурандаа Каддафид өнгөрсөн сард тавьж байсан юм. Италийн Гадаад хэргийн сайд Франко Фратинни өчигдөр мөн Ливийн босогчдын байрлаж буй Бенгази хотод очиж Каддафийг эсэргүүцэгч сөрөг хүчний Үндэсний зөвлөлийн гишүүдтэй уулзсан байна. Энэ уулзалт хурандаа Каддафийн армийн дээд тушаалын найман оффицер сөрөг хүчний талд орох болсноо мэдэгдсэний дараа болж буй юм. Даваа гаригт НАТО Өмнөд Африкийн Ерөнхийлөгч Якоб Зумагийн агаарын хүчнийхэнийг Триполи хотоос холгүй орших Цэргийн баазад газардахыг зөвшөөрч Ливийн агаарын хилийг түр нээсэн юм. Якоб Зума "Бид Ливийн ард иргэдэд хямралыг өөрсдийнхөөрөө шийдэх боломж олгох тухай хэлэлцсэн” гэжээ. НАТО болон Ливийн босогчид Африкийн холбооноос гаргасан гал зогсоох саналыг эрс үгүйсгэсэн хариу өгсөн төдийгүй Муаммар Каддафийг эсэргүүцэгчид удахгүй түүнд зориулан шинэ дайралтад бэлтгэж буйгаа зарласан байна. Ливид байрлаж буй олон улсын сэтгүүлчдийн мэдээлж буйгаар Триполи хот дахь НАТО-гийн цэргийн хүчин хүчээ зузаатгаж, агаарын довтолгоо хийхээр бэлтгэж буй ажээ. НАТО-гийн цэргийн хүчин Триполи хотоос 460 км зайд орших цөлийн Аль Жуфра хотод дайралт хийхээр төлөвлөж буй тухай эх сурвалжууд мэдээлжээ.
Н.Энх