Хөрөнгө, орлогоо мэдүүлэхдээ хууль зөрчсөн нь тогтоогдсон албан тушаалтнуудад хариуцлага тооцуулах асуудлыг Авлигатай тэмцэх газраас хуульд заасан үндэслэл, журмын дагуу Гаалийн ерөнхий газарт тавьжээ. Үүний үр дүнд Гаалийн ерөнхий газрын даргын 238 дугаар тушаалаар Гаалийн ерөнхий газрын гаалийн улсын байцаагч П.Түвшинзаяа, Улаанбаатар дахь гаалийн газрын албаны дарга Н.Уранчимэг, Улаанбаатар дахь гаалийн газрын гаалийн улсын ахлах байцаагч Ч.Энхтуяа нарт зэрэг дэвийг гурван сарын хугацаагаар буруулах, Буянт-Ухаа дахь гаалийн газрын гаалийн улсын байцаагч С.Дамбажав, Л.Энхболд, Улаанбаатар дахь гаалийн газрын гаалийн улсын байцаагч Б.Цэен нарт сануулах сахилгын шийтгэл тус тус ногдуулсан байна.
Хөрөнгө, орлогоо худал мэдүүлжээ
Авлигатай тэмцэх газраас төлөвлөгөөт хяналт шалгалтын дагуу Гаалийн ерөнхий газар, Улаанбаатар дахь гаалийн газар, Буянт-Ухаа дахь гаалийн газар, Олон улсын шуудан илгээмжийн гаалийн хорооны гаалийн улсын байцаагчдын хөрөнгө, орлогын мэдүүлэгт хяналт шалгалт явуулжээ. Шалгалтаар Гаалийн ерөнхий газрын гаалийн улсын байцаагч П.Түвшинзаяа, Улаанбаатар дахь гаалийн газрын албаны дарга Н.Уранчимэг, Улаанбаатар дахь гаалийн газрын гаалийн улсын ахлах байцаагч Ч.Энхтуяа, Буянт-Ухаа дахь гаалийн газрын гаалийн улсын байцаагч С.Дамбажав, Л.Энхболд, Улаанбаатар дахь гаалийн газрын гаалийн улсын байцаагч Б.Цэен нарын зургаан мэдүүлэг гаргагч хөрөнгө, орлогоо мэдүүлэхдээ хууль зөрчсөн нь тогтоогдсон байна. Тэд хөрөнгө, орлого мэдүүлэхдээ Авлигын эсрэг хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-т заасан “мэдүүлэг гаргагч хөрөнгө, орлгын мэдүүлгээ өөрөө, үнэн зөв гаргах үүрэгтэй”, Авлигын эсрэг хууулийн 13 дугаар зүйлийн 13.6-д заасан “мэдүүлэг гаргагч хөрөнгө, орлогынхоо эх үүсвэрийг бодитой, үнэн зөв тайлбарлах үүрэгтэй” гэсэн заалтыг зөрчсөн байна.
С.Отгон