Дэлхийн аль ч улс орноос гар утас болон таблет компьютр ашиглан интернэт орчноос эрдэнэт хотын гудамж талбайг харах боломжтой болж байна. Учир нь дэлхийн мэдээллийн хамгийн том сүлжээ болох “Google map”-т эрдэнэт хотын зургийг оруулах гүүгл стрийт вийв төсөл манай аймагт хэрэгжиж байна. Өнөөдрөөс эхлэн эрдэнэт хотоор “Google maps”-т зориулсан 360 градус зураглал цуглуулах “street view” машин явж эхэллээ. Тодруулбал Монгол улсыг дэлхий нийтэд таниулах, аялал жуулчлалыг дэмжих зорилгоор хэрэгжүүлж байгаа google maps төслийн хүрээнд манай аймгийн гудамж талбай болон түүхэн дурсгалт газруудын зураглалыг авч байна.
Ингэснээр эрдэнэт хотыг сонирхож буй бүхий л хүмүүс дэлхийн аль ч өнцгөөс интэрнэт ашиглан эрдэнэт хотын ерөнхий зураглалыг харах боломжтой болж байна. Байгаль орчин ногоон хөгжил аялал жуулчлалын яамнаас E tech ХХК-тай хамтран хэрэгжүүлж байгаа google maps төслийн хүрээнд 3-р сарын 25-аас 3-р сарын 28-ны өдрүүдэд Эрдэнэт хотын зураглалуудыг цуглуулах юм. 2014 оны 10-р сард Улаанбаатар хот Google street view-т нэгдсэн. Ингэснээрээ манай улс тус технологид нэгдсэн 61 дэх улс болж байгаа бөгөөд Google street view-д зураглалаа оруулсан төв азийн хамгийн анхны улс болсон юм. Дэлхийн мэдээллийн хамгийн том сүлжээ болох гүүгл мап-т зүураглалаа оруулснаар манай улсын аялал жуулчлалын хөгжил, эдийн засагт ч томоохон хувь нэмэр оруулах юм хэмээн үзэж байгаа юм.
Түүнчлэн дан ганц аялал жуулчлал ч гэлтгүй хотын аюулгүй байдалд нөлөөлж гэмт хэргийн нөхцөл байдлаас урьдчилан сэргийлэх чухал нөлөөтэйг албаны хүн онцолж байна. эхний ээлжинд манай аймгийн гудамж талбай болон найрамдлын өндөрлөг зэрэг хөшөө дурсгал, мөн зарим зочид буудал, ресторан зэргийн зураглалуудыг оруулах юм байна. “Google Street View” төсөл анх 2007 онд АНУ-ын хэд хэдэн хотуудад хэрэгжиж эхэлсэн бөгөөд өдгөө Дэлхийн 60 орчим улсын 4000 орчим хот, 8 сая км зам, гудамж хадгалаастай байдаг ажээ.
Эх сурвалж: http://erdenetinfo.mn