“УБТЗ” нийгэмлэгийн ажилчид үндсэн цалин болон шагналт цалингаа авалгүй удсан, үүнээс болоод ажил хаялт зарлах гэж байгаа талаарх мэдээлэл манай сайтад ирсэн юм.
Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад, “Төмөр замын байгууллагын ажилчид ажил хаялт зарлахгүй гэж хуулинд заасан байдаг. Тэгэхээр ажил хаялт зарлабал хууль бус үйлдэл болно. Цалин, мөнгөний хувьд цагтаа тавьж чадахгүй асуудал гарсан нь үнэн. Гэхдээ энэ нь удирдлагуудаас шалтгаалаагүй гэдгийг хэлье. Эдийн засгийн хүндрэлтэй холбоотойгоор манай байгууллагын орлого багассан. “УБТЗ” бол тээвэрлэлтийн орлогоосоо цалинждаг байгууллага. Төсвөөс нэг ч төгрөг авдаггүй. Сүүлийн үед дотоод, болон гадаад зах зээлийн хямралаас болоод тээврийн орлого эрс буурсан. Уул уурхайн компаниудын үйл ажиллагаа зогсинго байдалд орлоо, Хойд, урд хоёр хөршийн транзит тээвэр багассан гээд орлого муудсанаас цалингаа тавьж чадахгүй хоёр, гурав хоног хойшлуулсан явдал бий” гэлээ.
Үндэсний статистикийн газраас гаргасан мэдээгээр он гарсаар төмөр замын ачаа тээвэрлэлтийн хэмжээ буурсан байна. Тодруулбал, төмөр замын тээврээр 2015 оны эхний хоёр сард 2714.9 мянган тонн ачаа, давхардсан тоогоор 480 мянган тонн зорчигч тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеийнхээс тээсэн ачаа 144.4 мянган тонн буюу 5.1 хувь, зорчигчдын тоо 55.0 мянган хүн буюу 10.3 хувиар буурчээ.
Төмөр замын байгууллагын ажилчид ажил хаялт зарлахгүй гэж хуулинд заасан байдаг. Тэгэхээр ажил хаялт зарлабал хууль бус үйлдэл болно. Цалин, мөнгөний хувьд цагтаа тавьж чадахгүй асуудал гарсан нь үнэн. Гэхдээ энэ нь удирдлагуудаас шалтгаалаагүй.
Төмөр замын нийт ачаа тээвэрлэлтэд дотоодын ачаа тээвэрлэлт 52.4 хувийг эзэлж, өмнөх оны мөн үеийнхээс 1.5 пунктээр буурахад төмрийн хүдрийн тээвэрлэлт 58.1 мянган тонн буюу 11.1 хувь, нефть, нефтийн бүтээгдэхүүнийх 18.3 мянган тонн буюу 46.1 хувь, цементийх 17.7 мянган тонн буюу 52.7 хувь буурсан нь голлон нөлөөлжээ. Нийт ачаа тээвэрлэлтэд импортын ачаа 10.2 хувийг эзэлж, өмнөх оны мөн үеийнхээс 1.4 пунктээр өссөн бол дамжин өнгөрсөн ачаа 11.1 хувийг эзэлж, өмнөх оны мөн үеийнхээс 1.2 пунктээр буурсан байна.
Судлаачид “УБТЗ” өөрийгөө тойрсон олон жижиг охин компаниудаа хувьчлах хэрэгтэй гэж үздэг. Сургууль, эмнэлэг, цэцэрлэгтэй гээд “УБТЗ”-ийг улс доторх “улс” болсон гэх шүүмжлэл ч дагалддаг. Энэ “вант улс”-ыг ашигтай ажиллуулахын тулд олон зүйлийг шинэчилж, өөрчлөх хэрэгтэй байгааг сануулах хүмүүс цөөнгүй байна.
Төмөр замын тээврээр зорчигчдын тоо тээсэн ачаа, жил бүрийн эхний хоёр сарын байдлаар: