Булган аймгийн Баяннуур сумын Засаг дарга эхнэрээ музейн тайлбарлагчаар томилжээ. Гэтэл сум нь музейгүй. Төрөөс мөнгө хумсалмаар санагдсан уу, эсвэл Засаг даргын сарын цалин нь амьдралдаа хүрэлцдэггүй юм уу. Хүрэлцдэггүй байлаа гэхэд огт байхгүй ажлын байранд тушаал гаргаж, эхнэрээ цалинжуулахаар ч яадаг юм. Сумын Засаг даргын Тамгын газар, ИТХ нь гэж ямар алиа нөхдүүд суудаг юм.
Сумын Засаг даргын Тамгын газар бүр нягтлантай, Төрийн сан хариуцсан албан тушаалтантай. Сум музейгүй хэр нь Засаг даргын эхнэр сар бүр цалин авч, татвар төлөгчдийн мөнгөөр “гараа угаасан” байхад нэг нь цалин бодоод, нөгөө нь хяналт тавих ёстой атал ногоон гэрлээр гарсан байгаа юм даа. Энэ тухай УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр “Манай Баяннуурын Засаг дарга эхнэрээ музейн тайлбарлагчаар томилжээ. Сум музейгүй. Төсвийн мөнгө ингэж л үрэгдэж байна даа. Гэрээсээ ажилладаг гэнэ” хэмээн твиттер хуудсандаа жиргэжээ.
Ё. Отгонбаяр
@OtgonbayarY Манай Баяннуурын ЗД эхнэрээ музейн тайлбарлагчаар томилжээ. Сум музейгүй. Төсвийн мөнгө ингэж л үрэгдэж бн даа. Гэрээсээ ажилладаг гэнэ
Эрх мэдлээ хэтрүүлсэн сумын Засаг даргыг огцруулах эрх ИТХ-д нь бий. Гэвч өдийг хүртэл чимээгүй байж, хэл ам хийгээгүйгээс үзэхэд сумын ИТХ нь Засаг даргынхаа атганд багтсан бололтой. Ядаж л энэ явдал аймгийнх нь Засаг даргын чихэнд хүрч, цалинг нөхөн төлүүлээсэй билээ дээ. Өөр ямар ч аргаар төсвөөс мөнгө “идсэн” юм билээ.
Ер нь тэгээд илэрч байгаа нь энэ болохоос хөдөөд сумын Засаг дарга гэлтгүй сургуулийн захирал нь хүртэл төсвийн мөнгөнөөс яаж хумслахаа мэддэг нарийн аргатай болсон тухай дуулддаг. Санхүүгийн шалгалт, аудитын шалгалт суманд ирж, хонож өнжин ажилладаг ч зөрчил гэхээр зүйл илрүүлж чаддаггүй. Тэгсэн хэрнээ захирал цалингийн зээлээ хууль зөрчиж авсан төсвийн мөнгөөр төлөөд л суудаг. За тэгээд хичээлийн шинэ жил эхлэх болоход сумын сургуулийн захирал шиг үнэтэй хүнийг тэр дов жалгаас эрээд олохгүй. Их, дээд сургууль төгссөн хүүхдээ ажилд оруулах боломж хөдөөгийнхний хувьд зөвхөн сургууль л байдаг бололтой. Тиймээс сургуулийн захирлын өвлийн идшийг дааж, ажилтай болгодог гэх зэргийн жишээ бол наад зах нь.
Аудитынхан ур чадвараа дээшлүүлж, энэ төрлийн санхүүгийн хэрэгтэй тэмцэхгүй бол хэтрээд л байна даа. Хувийн хэвшлийнхэн цаг наргүй ажиллаж, сар тутам татвар төлөөд л байдаг. Төрд ажиллаж байгаа нь янз бүрийн аргаар хумслаад суухад татварт төвлөрсөн мөнгө яаж арив авч, юм болох вэ дээ.
Г.ХОРОЛ