“Дусал ус-Амьдрал” аян үргэлжилж байна

Хуучирсан мэдээ: 2011.05.31-нд нийтлэгдсэн

“Дусал ус-Амьдрал” аян үргэлжилж байна

БОАЖЯ-наас 2011 оныг “Усны жил” болгон зарласантай холбогдуулан Өмнөговь аймгийн БОАЖГ “Дусал ус-Амьдрал” сарын аян өрнүүлж байна. Аяныг зохион байгуулагчид Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газраас мэргэжилтэн урьж, “Усны үнэ цэнэ, зөв зохистой хэрэглээ” сэдвээр орон нутгийнханд сургалт явууллаа. Иргэд, сурагчид, албан байгууллагуудын төлөөлөл 100 гаруй хүнийг сургалтад хамруулж, гарын авлага материалаар хангажээ.

Аяны хүрээнд Даланзадгад сумын ерөнхий боловсролын дөрвөн сургуулийнхан болон Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн Уул уурхайн нөхөн сэргээлтийн ангийн сурагчдын дунд “Усны үнэ цэнэ” сэдэвт АХА тэмцээн явуулав. Нийт 50 гаруй хүн оролцсоноос эхний 5 байр эзэлсэн сурагчдад Монголын хүүхдийн ордны алтан медаль, өргөмжлөл гардуулсан байна.

Өмнөговь аймгийн ЗДТГ-ын хамт олонтой хамтран суултуурын ус хэмнэх арга нэвтрүүлэх, иргэдэд таниулах зорилгоор орон нутгийн “Төв” телевизээр “Суултуурын усаа хэмнэцгээе” нэвтрүүлэг гаргаж, нийтийн хүртээл болгосон нь үр дүнтэй ажил боллоо. Энэ аргачлалтай танилцсанаар иргэд гар доорх материалаар усаа хэмнэх бүрэн боломжтой болох юм. Мөн, усны сэдвээрх багц мэдээлэл багтаасан тусгай нэвтрүүлгийг орон нутгийн “Алтан говь”, “Төв” телевизүүдтэй хамтран бэлтгэж, олон нийтэд хүргэлээ.

Усны газрынхан Өмнөговьд ажиллах хугацаандаа тус аймагт үйл ажиллагаа явуулдаг усны мэргэжлийн байгууллагуудын ажилтай танилцаж, цаашид хийх ажлын чиг үүрэг өглөө. Энэ үеэр аймгийн БОАЖГ-ын мэргэжилтэн О.Мөнхзаяаг Нийслэлийн хүүхэд залуучуудын тэргүүний алтан медалиар шагналаа гэж Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газраас мэдээллээ. 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж