Газрын тосны бүтээгдэхүүн импортлогч компаниуд ОХУ-ын “Роснефть” компанийн Ангарскийн үйлдвэрээс өөр бусад ОХУ-ын Саратов, Уфа, БНХАУ зэрэг эх үүсвэрүүдэс харьцангуй өндөр үнээр /1250-1400 ам.долллар/ гэрээ хийгдэж байгаатай холбогдуулан автобензин, дизелийн түлшний хангамжийг нэмэгдүүлэхэд төрөөс татварын дэмжлэг үзүүлэх зорилгоор автобензин, дизелийн түлшинд гаалийн татварыг чөлөөлсөн. Мөн дизелийн түлшинд ногдуулж байгаа Онцгой албан татварыг энэ сарын 25-нд чөлөөлсөн. Дулааны цахилгаан станцуудыг хангадгаас бусад нүүрсний уурхайд дизелийн түлш нийлүүлэх ажлыг 10 хоногийн хугацаагаар түр зогсоох зохицуулалтын арга хэмжээг авсан. Улаанбаатар хотын нийтийн тээвэрт хэрэглэх шатахууны хуваарилалт, хэрэглээнд хяналт тавин хязгаарлалт хийх болсон. Цаашид автобензин, шатахуун хадгалах агуулах барихад шаардагдах хөрөнгийг төсөвт тусгахаар болсон. Мөн нефтийн бүтээгдэхүүний хангалтыг зогсоохгүй байх үүднээс Эрдэс баялаг эрчим хүчний сайд Д.Зоригт БНХАУ-д ажилласан, Ерөнхийлөгчийн айлчлалын үеээр ОХУ-д мөн ажиллах болсон аж.
ОХУ-ын “Роснефть” компани нь ирэх зургадугаар сард Монгол Улсад нийлүүлэх А-80 автобензинээ 118 ам.доллараар, АИ-92 авто бензинээ 123 ам.доллараар, дизелийн түлшээ 68 ам.доллараар тус тус нэмнэ гэж мэдэгдсэн байна. Дээрх мэдээллийг сонссоны дараа байнгын хорооны гишүүд “Дан ганц ОХУ-аас хамааралтай байж болохгүй, Монгол Улс өөрсдийн гэсэн нефтийн үйлдвэртэй болох ёстой. Ер нь цаашид төр нефтийн экспортыг хариуцаад аж ахуйн нэгжүүд нь түүнийгээ зардаг байдлаар зохицуулалт хийвэл яасан юм бэ” гэсэн санааг ч хэлж байлаа.
Албаны хүний хэлснээр яамны зүгээс газрын тосны боловсруулах үйлдвэр байгуулах чиглэлээр сүүлийн дөрвөн жилийн турш ажиллажээ. Эхний ээлжинд Зүүнбаянд жилдээ 300 мянган тонн түлш, шатахуун үйлдвэрлэх үйлдвэрийг барихаар холбогдох зөвшөөрлийг олгон бэлтгэл ажилдаа орсон аж. Мөн Чойбалсанд 121 мянган тоннын чадалтай үйлдвэр барих бол, ОХУ-ын хөрөнгө оруулалттай үйлдвэрийг Улаанбаатарын бүсэд барихаар төлөвлөсөн. Тус үйлдвэр нь 200 мянган тонн түлш үйлдвэрлэх хүчин чадалтай байхаар төлөвлөгдсөн. Зунаас ажил эхлэх бөгөөд үйлдвэрийн эхнийх нь 2012 оны сүүл, дараагийн хоёр нь 2013 он, 2014 оны эхээр ашиглалтад орох боломжтой аж. Энэ гурван үйлдвэр улсын нийт хэрэгцээний 70-80 хувийг хангана. Ингэхдээ Чойбалсанд барих үйлдвэрийг Засгийн газрын дэмжлэгтэйгээр гүйцэтгэж, тодорхой хувийг улс эзэмших саналыг ирэх Засгийн газрын хуралдаанд оруулж шийдвэрлэхээр төслөө бэлтгэсэн байна. Нэг үйлдвэр барихад 38.3-53 сая ам.доллар шаардана, зөвшөөрөл авсан компаниуд хөрөнгийн тал дээр асуудал үүсэхгүй гэдгээ илэрхийлжээ.
Дашрамд сануулахад, АНУ түлшний 500 хоногийн, Хятад улс 90 хоногийн Япон улс зургаан сарын нөөцтэй байдаг аж. Монгол Улс Замын-Үүдэд барьж эхэлсэн 16 мянган метр куб багтаамжтай түлшний агуулахаа ашиглалтад оруулчихвал 30-40 хоногийн шатахуун нөөцлөх боломжтой болох гэнэ. Ингэхийн тулд хөрөнгийг нь төсөвт суулгах шаардлагатай юм байна.