Монгол ковбой киноны эхлэлийг тавих хүсэлтэй

Хуучирсан мэдээ: 2011.05.31-нд нийтлэгдсэн

Монгол ковбой киноны эхлэлийг тавих хүсэлтэй

“Кино код” төслийн найруулагч Б.Баатартай төслийнх талаар хөөрөлдлөө.

Кино кодыг төслийг хэн санаачилсан юм бол, яагаад ийм төсөл хийе гэдэг бодол төрөв?

  Анх энэ санаачлагыг гаргасан хүн нь манай төслийн продюссер М.Есөнмөнх л дөө. Ингээд Боловсрол суваг телевизийн захирал А.Амундра бид гурав кино бол хүмүүст хамгийн амархан хүрдэг зүйл учраас түүгээр дамжуулж боловсрол олгож болох юм байна гэж яриад, ард түмэнтэйгээ нийлж, ард түмний хүсэл эрмэлзлийг шингээсэн кино бүтээвэл хүмүүст илүү хүрэх юм болов уу гэж бодож л энэ төслийг хийхээр шийдсэн.

Уг нь киног продюссер, зохиолч, найруулагч нар нийлж хийдэг. Харин энэ удаа ард олны санаа бодлыг тусгаж хийх нь байна. Тэгэхээр саналаа өгсөн тэр олон хүний санаанд хүрэхгүй байхвий гэдэг айдас байна уу?

     Энэ бүхнийг нэгтгэж нэг юм болгоно гэдэг өөрөө том зүйл л дээ. Кино уул нь найруулагчийн бодол, сэтгэл, амбициар бүтдэг эд. Бид энэ шоугаараа нэгэнт тогтсон энэ дүрмийг зөрчиж байгаа. Гэхдээ би эндээс олон сайн тал олж хараад байна. Шоу өөрөө асар том нээлттэй проб болно. Шоунаас маш олон дүр төрх, авъяас чадвар төрж гарна. Найруулагч өөртөө маш баялаг сантай болно. Энэ шоунаас шинэ, авъяаслаг жүжигчин төрж, алдаршихыг үгүйсгэх аргагүй. Монгол үзэгчдийн сэтгэлд хоногшсон олон сайхан дүрийг энгийн хүмүүс бүтээсэн байдаг. Яг тийм авъяаслаг жүжигчин энэ шоунаас гараасай, төрөөсэй гэдэг хүслээр энэ шоуг хийж байгаа юм.

 

Кино код шоу жанр болон сэдвээ ард түмний санал асуулгаар сонгочихлоо. Түүхэн, тэр дундаа Шилийн сайн эрсийн сэдэвт бүтээл хийх нь гарцаагүй болжээ. Сонголтоос харахад үзэгчид адал явдалт бүтээл хийлгэх хүсэлтэй байх шиг?

 

          Шилийн сайн эр гэхээр мэдээж эрч хүчтэй, хурц үйл явдалтай бүтээл байж таарах байх, хүмүүс адал явдалтай кино хийлгэх сонирхолтой байх шиг байна. Гэхдээ бид энэ сэдвийг Монголын түүхэн үетэй холбож хийвэл илүү сайхан болно. Түүнээс биш, орчин үеийн хэллэгээр малын хулгайч залууг харуулбал огт сонин биш. Шилийн сайн эрс яагаад тэмцлийн тийм хэлбэр сонгоход хүрэв? Тэд Манжийн ноёрхлын эсрэг хэрхэн тэмцдэг байв гэдгийг харуулбал сонирхолтой.

 

Энэ сэдвийг сонсоод л уртын дуу аялсан баргил хоолотой залуу, түүний дурлалт хүүхэн хоёр сэтгэлд шууд бууллаа л даа. Найруулагчийн хувьд сэдэв хэтэрхий явцуу санагдахгүй байна уу?

 

          Ямар ч сэдвийг шинэлэгээр хийж болно шүү дээ. Хамгийн ойрын нэг жишээ гэвэл Аватар байна. Манай гаригийн залуу өөр нэг гаригийн бүсгүйд дурлаж байгаа үйл явдал гардаг шүү дээ. Гол нь сэдэв энгийн байлаа ч өгүүлэмж, хийц нь өвөрмөц болж чадвал кино маань сонирхолтой болно гэж бодож байгаа. Бас нөгөө талаар шилийн эр гэдэг “сайхан эр” биш л дээ. Миний бодлоор монгол эр хүний зан ааш, ёс суртахуун, мөн чанарыг шингээсэн залуус их ховордож байгаа. Эр хүн гэдэг ямар сайхан ноён нуруутай байдаг юм, ямар үнэтэй байдаг юм, ямар ханштай байдаг юм гэдэг өөр ойлголт. Энэ бүхэн эрчүүдийн дунд алдагдсан юм болов уу гэж боддог. Гаднаас нь харахад хэдий сайхан эр ч, хийж байгаа, ярьж байгаа нь үзэшгүй муухай хүмүүс байна. Тэгвэл сэдэв сонгогдсоноос хойш монгол эр хүний мөн чанарыг харуулсан нэг сайхан бүтээл хийе гэдэг бодол төрсөн дөө.

 

Монголчууд ерөнхийдөө шилийн сайн эрийг Тунгалаг тамирын Төмөрөөр төсөөлдөг, тэр дүр нь ч хүмүүст их хүрсэн. Тэгэхээр чиний шилийн эр хүмүүст хүрэхгүй байхвий гэдэг айдас чамд байна уу?

 

          Мэдээж тийм айдас бий. Гэхдээ хүмүүст их ойрхон хийж чадвал таалагдана. Наад зах нь дүр төрх, ахуй амьдрал нь монголчуудын төсөөлөлтэй ойрхон байх ёстой. Тэгж чадвал таалагдана. Монгол хэв шинж, ахуйд нь багтаах учиртай байх аа. Адуучин залуус байдаг даа, гар хөл нь цаанаа л нэг өөр. Эмнэг хангал дээр бахархмаар ид хавтай, мориноос буугаад ирэхээрээ найз нөхөдтэйгөө эвсэг найрсаг, энгийн нөхөрсөг байдаг даа. Нэг тийм жинхэнэ амьд дүр гаргаж ирвэл монголчууд байтугай гадныхан ч сонирхоно гэж бодож байгаа. Социалист реализмын сайн талын баатар тэр чигээрээ сайн байдаг даа, манайхны дунд ч энэ талын ойлголт явдаг, тэрийг эвдэх ёстой. Тэгэхээр эхлээд хүмүүст их өөр харагдаж магадгүй. Гэхдээ хүмүүст аль болох ойрхон бүтээхийг л хичээнэ.

 

Уул нь найруулагч хүн өөрөө зохиолоо сонгодог байх л даа. Гэтэл энэ шоуны нөхцөл нь танд хэтэрхий явцуу санагдаж байна уу?

 

          Манай шоу 100 хувь үзэгчдийн санал бодол дээр үндэслэвэл илүү сайн бүтээл гарна гэдэг чиг хандлагаар зохиогдож байгаа. Гэхдээ би кино зохиолтой маш сайн танилцана гэдэг бодолтой яваа. Киноны хамгийн гол зүйл бол зохиол. Сонгогдсон зохиол дээр маш сайн ажиллана. Кино зохиол бүрэн дууссаны дараа кино зохиол дээр ажилладаг гадны мэргэжилтэн ажиллах юм. Тийм болохоор би нэг их эмээхгүй байгаа.

 

Нэлээдгүй кино зохиол  ирсэн сурагтай, мөн нэмж зохиол өгөх юм шиг байна. Тэгэхээр найруулагчийн хувьд ямар агуулгатай байгаасай гэж бодож байна?

          Хамгийн гол нь драматург. Кино зохиолд маш сайн сюжетүүд хэрэгтэй, бүх үйл явдал ямар нэг зөвтгөлтэй байх учиртай. Мөн дан ганц Монголын үзэгчид гэлтгүй дэлхийн бусад хүмүүст монголчууд гэдэг хэн юм бэ, ямар зан чанартай, ямар онцлогтой үндэстэн бэ гэдгийг харуулсан зохиол байгаасай гэж хүлээж байна. Түүхэн кино учраас философи сайтай байгаасай гэдэг хүсэлч бий. Монгол хүн байхын утга учрыг харуулсан байвал их сайн.

 

Түүхэн бүтээл болох учир манай түүхийн ямар нэг үетэй холбогдож таарна. Та найруулагчийн хуваарь чухам ямар үйл явдалтай холбоотой кино зохиол байгаасай гэж хүсч байна?

 

          Илүү их эгзэгтэй болохоор 1911 оны тусгаар тогтнолын үеийг харуулсан зохиол байвал гэдэг бодол надад бий. Бид 1911, 1921 оны хувьсгалын тухай үзүүлсэн олон бүтээл хийжээ. Тэгэхээр хамгийн гол нь тэр хувьсгалын угтвар нөхцөл ямар байсан бэ гэдэг илүү сонирхолтой. Монголын ард түмэн тэр түүхэн үйл явдлыг хэрхэн хүлээж авав гэдэг талаас нь хийвэл илүү сайхан бүтээл болох болов уу гэж бодоод байгаа. Түүнээс бус яг түүхэн үйл явдлаар бүтээл хийх бас хэцүү. Тиймээс болж өгвөл уран сайхан талдаа, түүхэн зурвас үеийг өгүүлсэн мөртөө жирийн ардын амьдрал руу шингэсэн кино зохиол дээр ажиллавал илүү гоё. Аливаа хувьсгалт тэмцэл жижиг зөрчил дээрээс үүддэг. Бид киногоороо тийм нэг жижигхэн зөрчлийг харуулбал аятайхан санагдаж байна.  Энэ шоугаараа монгол эр хүний ид хавыг харуулсан ковбой маягийн киноны загвар, дээр нь бас нэг сайн жүжигчин гаргаж чадвал энэ том проект хийсний хэрэг бүтнэ дээ.

 

 

Кинондоо ашиглах гэж байгаа техник, технологи чинь ямархуу эд байна даа?

 

          Бид киногоо дэлхийн зах зээлд гаргана гэдэг төлөвлөгөөтэй байгаа болохоор 35 мм-ийн хальсан дээр хийх бодолтой байгаа. Монгол туургатнууд маань ч бидний бүтээлийг үзээсэй гэдэг хүсэлтэй байгаа болохоор Кодак хальсаар хийнэ. Бүх монголчуудын санаа бодол, хүсэл эрмэлзэл шингэж байгаа бүтээлийг хальсаар хийхгүй бол хүндэтгэлгүй хандсан хэрэг болно.

 

Ярилцсан Д.Батбаяр

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж