-Хорин жилийн тэртээ яригдаж байсан хөгжлийн шийдлүүд өнөөдөр ч яриа төдийгөөс хэтрээгүй байгаа нь харамсалтай-
20 жил. Хоногоор тооцвол 7300 өдөр шөнө. Энэ бол хувь хүн болоод өрх гэр, албан газар, улс орны алинд ч чамлахааргүй урт хугацаа. Өргөө гэрийнхээ өрхийг хорин жилийн өмнө татсан хосууд өнөр олуул болж, үр хүүхдээ өсгөн торниулаад зогсохгүй хэдийнээ өвөө эмээ болчихсон байх вий. Нэгэн байгууллагад 20 жил тасралтгүй ажилласан хүн бол ажлаа арван хуруу шигээ таньчихсан бааварлаж суух хугацаа. Улс орны хөгжил дэвшил ч 20 жилд таниагдахааргүй өөрчлөгдөөд амжина. Хорин жилийн өмнө хорвоод мэндэлсэн балчир үрс өдгөө эрийн цээнд хүрч, улс орондоо хүчээ нэмээд эхэлжээ. Гэтэл 20 жилийн тэртээ яригдаж байсан хөгжлийн шийдлүүд өнөөдөр ч яриа төдийгөөс хэтрээгүй өнөөдөртэй золгосон нь юутай харамсалтай. Бүхэл бүтэн хорин жилийн турш ярихаас хэтрээгүй олон асуудал шийдэл хүлээсэн хэвээр өнөөдөртэй золгожээ. Хойшид яах вэ, ярьсаар л байх уу.
УСАН ЦАХИЛГААН СТАНЦУУД
Манай орны хувьд цахилгаан эрчим хүчний байнгын хомсдолтой явсаар ирсэн. Үүнийг шийдэх олон арван гарц хайсаар эрсээр яваагийн нэг нь усан цахилгаан станц. Бага оврын 11, дунд чадлын хоёр усан станцыг ашиглаж байгаа гэх ч үйлдвэрлэл тун ядмаг. Тиймээс Эгийн голын усан цахилгаан станцыг барьж байгуулахаар өнгөрсөн 24 жил ярьсан ч тоймтойхон үр дүн харагдахгүй байна. Хойд, өмнөд хөршөөс жил бүр 30 сая ам.долларын цахилгаан эрчим хүч импортлон авсан хэвээр байна. Зөвхөн ОХУ-аас л гэхэд 1977 оноос хойш импортлосон эрчим хүчний төлбөрт 311 сая ам.доллар буюу 451 тэрбум төгрөг төлөөд байгаа ажээ. Энэ их мөнгийг дотооддоо эргэлдүүлж байсан бол өгөөж нь ямархан байхыг таашгүй. Одоогийн байдлаар Монголд баригдахаар яригдаж буй 12 цахилгаан станц дотор ганцхан усан цахилгаан станц байгаа нь Эгийн голын станц юм. ОХУ манайд нийлүүлэх эрчим хүчний үнээ жил болгон нэмж 2015 онд нэг кВт нь 195 төгрөг болсноор манай улс ирэх жилд 13 тэрбум төгрөгний алдагдал хүлээх бөгөөд, жил ирэх тусам vнээ нэмэхээс багасахгvй нь ойлгомжтой.
Эгийн голын Усан цахилгаан станцыг Улаанбаатар хотоос авто замаар 450 км гаруй зайд Булган аймгийн Хутаг өндөр сумын нутагт, Эг-Сэлэнгийн бэлчрээс дээш 2.5 км зайд Эгийн гол дээр барьж байгуулахаар ажлаа эхэлсэн. Суурилагдах хүчин чадал 315 МВт, жилд дунджаар 606 сая кВт.ц цахилгаан үйлдвэрлэх бөгөөд 5.7 тэрбум куб метр эзэлхүүнтэй цэвэр усны сан үүсэх юм. Төслийн ТЭЗҮ-г боловсруулж дууссан, нийт өртөг 827 сая ам.доллар гэж тооцоолжээ. Төслийн удирдагчаар УИХ-ын гишүүн асан Д.Одхүү ажиллаж байгаа бөгөөд голын усны болон загасны судалгаа, археологийн нарийвчилсан судалгааг хийж байгаа. Ийнхүү тэртээх 1990-ээд онд ч халуухан сэдвийн нэг байсан Эгийн голын станцын асуудал өдгөө биеллээ олоогүй л дуншиж байна.
Эгийн голын станцын араас барьж байгуулахаар товлосон “Шүрэнгийн усан цахилгаан станц” төслийг Дэлхийн банкны Уул уурхайн дэд бүтцийг дэмжих төслийн хүрээнд эхлүүлнэ гэсэн итгэл олны дунд байгаа. Гэвч Шүрэнгийн станцыг барих нь байгаль орчинд халгаатай гэж нутгийнхан болон олон нийтийн зүгээс эсэргүүцээд эхэлсэн. Тэд “Сэлэнгэ мөрөн бол Монголчууд биднийг үеийн үед ундаалан тэтгэсээр ирсэн ахуй амьдралын маань гол эх сурвалж, манай орны хамгийн том ганц мөрөн төдийгүй хүн төрөлхтний цэвэр усны нөөцийн 22 хувийг дангаар бүрдүүлдэг Байгаль нуурын хамгийн том үндсэн цутгал билээ. Монгол улс НҮБ-ын суурь буюу Риогийн 3 конвенци болох Биологийн төрөл зүйл, Цөлжилттэй тэмцэх, Уур амьсгалын өөрчлөлтийн тухай конвенцид нэгдэн орсон орны хувьд Сэлэнгэ мөрний сав газрын байгалийн тэнцвэрт байдлыг хадгалан хамгаалах үүрэг амлалтаа биелүүлэх учиртайн зэрэгцээ байгаль хамгаалах асуудал зөвхөн өөрийн орноор хязгаарлагдахгүй бүс нутаг, тив дэлхийн түвшинд авч үзэгддэг зүй тогтолтойг хүлээн зөвшөөрч амиа бодсон атгаг сэтгэлээр хандахгүй байх нь зүйтэйг онцлон анхааруулж байна” гэсэн агуулга бүхий эсэргүүцлийн бичгийг гаргаад амжсан. Яг үүнтэй утга дүйх атакас хойд хөршөөс илгээсэн сурагтай. Ийн дотоод гадаадаас хавсайдсан түрлэг Шүрэнгийн станцыг хааш эргүүлэхийг урьдчилан хэлэх боломжгүй юм.
ЧӨЛӨӨТ БҮС
Түүх сөхвөл яалт ч үгүй 20 жил болж асуудал бол Чөлөөт бүс. УИХ-ын 1995 оны 87 дугаар тогтоолоор эдийн засгийн чөлөөт бүс байгуулах үзэл баримтлалыг баталж байжээ. Харин дараа нь 2002 онд Алтанбулаг худалдааны чөлөөт бүс, 2003 онд Замын- Үүд эдийн засгийн чөлөөт бүс, Цагааннуур худалдааны чөлөөт бүсийн эрх зүйн байдлын тухай хуулиуд тус тус батлагдсан байна. Тэр үед төсөөлж байсанчлан ажил эрчимтэй урагшилсан бол бид хойд урд хил дээрээ худалдаа эдийн засгийн чөлөөт бүсээ хэдийнэ байгуулж, эрээд олдохгүй эрдэнэ болчихоод байгаа ам.долларыг сая саяар нь эргэлдүүлж байх байлаа.
20 жилийн турш яриа төдийгөөс хэтрээгүй төсөл хөтөлбөр, зорилго зорилтын биелэлтийг үргэлжлүүлэн жагсаавал хичнээн хуудас ч хүрч мэдэх нь…
Гэтэл өнөөдөр нэр бүхий чөлөөт бүсүүдээс нээлтээ хийсэн ганц чөлөөт бүс нь Алтанбулаг. Тус худалдааны чөлөөт бүсэд 2014 оны арваннэгдүгээр сарын байдлаар гадаад дотоодын 130 аж ахуйн нэгж хөрөнгө оруулалтын гэрээ байгуулан газар эзэмшиж байгаа гэсэн мэдээ бий. Тэднээс 21 нь л хөрөнгө оруулалтаа эхлүүлжээ. Шинэчлэлийн Засгийн газрын тогтоолоор өнгөрсөн оны зургадугаар сараас Алтанбулаг чөлөөт бүс албан ёсоор байнгын дэглэмд шилжин ажиллаж байгаа.
Алтанбулаг чөлөөт бүсэд нэн түрүүн хийхээр төлөвлөсөн ажил нь Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар сумаас чөлөөт бүс хүртэл бараа тээврийн зориулалттай 25 км-ын урттай төмөр зам тавих ажил юм байна. “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Сүхбаатар өртөөнөөс салаалан Алтанбулаг хүрэх төмөр замыг тавьчихвал Манжуур, Читийн чиглэлд явж байгаа бараа бүтээгдэхүүн Алтанбулагийн чөлөөт бүсээр дамжин ОХУ-ын Москва хот дахь Дубнагийн чөлөөт бүх хүртэл тээвэрлэх боломж бүрдэнэ гэсэн гэрэлтэй сайхан мөрөөдөл байгаа юм. Мөрөөдөл хэзээ биелэхийг хэн ч таашгүй. Уг нь 25 км төмөр замыг Польшийн “TINES” капитал групп хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэхээр болсон гэнэ. Амжвал, уг төмөр замыг энэ онд концессийн гэрээгээр байгуулах төлөвлөгөөтэй байгааг тус бүсийн удирдлагууд онцлох юм билээ.
Бусад улс орнуудын хувьд эдийн засгийн болоод худалдааны чөлөөт бүсийг хэдийнэ бий болгож, амжилт олоод эхэлсэн байна. Чөлөөт бүсийг дориун ажиллуулж буй улс орнуудын дунд социалист нийгмээс манай улстай хамт зах зээлийн системд шилжсэн улсууд ч цөөнгүй байгаа. Одоогийн байдлаар Румын, Турк, Белорус, Косто Рика, Молдав, Эквадор, Латви зэрэг орнуудад чөлөөт бүсийг утгаар нь ажиллуулаад эхэлжээ. Эдгээр орнуудад худалдааны чөлөөт бүсийн газрын түрээсийн төлбөр манайхаас хэд дахин өнөдөр байдаг байна. Пакистан болон Туркэд нэг ам метр талбайн түрээс хоёр ам.доллар бол Египетэд 3,5 ам.долар, Арабын нэгдсэн Эмиратад 7,6 ам.доллар, БНХАУ-д 25 ам.доллар байх жишээтэй. Гэтэл манай Алтанбулагт нэг ам метр талбайгаа 0,20-0,27 ам.доллараар үнэлж байгаа ч гадныхан тоож харьцахгүй байгаа нь харамсалтай.
ТӨМӨР ЗАМ
Жар гаруй жилийн өмнө манай улс 1110 км урт төмөр замтай болсон. Түүнээс хойш нэг ч км-ээр уртсаагүй. Уул уурхайн компаниудын өөрсдийн хүчээр барьж байгуулсан багахан төмөр замыг эс тооцвол шүү дээ. Төмөр зам барьж байгуулах нь 20 жилд амжихааргүй нүсэр ажил уу гэвэл бас үгүй.
Гэтэл манайхан төмөр зам нь барина барихгүй, цариг нь өргөн нарийн байна, үүгээр түүгээр барина гэхчилэн маргалдсаар төмөр замаа өргөтгөж амжсангүй. “Маргалдаж байгаа сэдэв нь бол үнэндээ царигийн тухай биш, төмөр замын чиглэлийн тухай ч биш. Угтаа бол Монгол Улсын хөгжлийн тухай асуудал. Гэхдээ төмөр замын асуудлыг уул уурхайн бүтээгдэхүүний маркетинг, уул уурхайгаас орж ирэх орлого гэх мэт асуудлуудтай хольж хутгаж, зарим асуудлаар эрх баригчид санаатай юу, санамсаргүй юу худал мэдээлэл өгч, хүмүүсийн бодлыг өөртөө татах бодлого явуулж байгаа нь энэхүү сэдвийг улам ээдрээтэй болгож орхисон” гэж судлаач Л.Даваапил бичсэн нь голыг нь гогдсон дүгнэлт. Монголын төмөр зам компани байгуулж “Шинэ төмөр зам” төсөл боловсруулан ажиллаж байгаа ч барьж байгуулсан төмөр зам одоогоор алга.
20 жилийн турш яриа төдийгөөс хэтрээгүй төсөл хөтөлбөр, зорилго зорилтын биелэлтийг үргэлжлүүлэн жагсаавал хичнээн хуудас ч хүрч мэдэх нь. Тавантолгой, тавдугаар цахилгаан станц гээд шийдлийн олон төсөл биеллээ олоогүй төслүүдийн талаар дараагийн удаа хөндөх болно.
Д.ЦЭЭПИЛ