“Марко Поло”-гийн нээлт өнөөдөр болно

Хуучирсан мэдээ: 2015.03.26-нд нийтлэгдсэн

“Марко Поло”-гийн нээлт өнөөдөр болно

Дэлхийн сая сая хүмүүсийг байлдан дагуулаад буй АНУ-ын Netflix компанийн бүтээл “Марко Поло” олон ангит киноны Монгол Улс дахь албан ёсны нээлтийн ажиллагаа өнөөдөр “Хүннү” кино театрт 18.00 цагаас болох гэж байна. Уг арга хэмжээнд Марко Поло киноны зохиолыг бичсэн, Холливудын нэрт кино зохиолч Жон Фуско, найруулагч Дан Минахан, ерөнхий менежер Ричард Шарки, жүжигчин Б. Амарсайхан нар оролцох ажээ.

Мөн албан ёсны нээлтийн ёслолд Монголын соёл урлаг, бизнес, улс төр, хэвлэл мэдээллийн салбарын нэр хүндтэй зочид урилгаар оролцох бөгөөд бүх зочид улаан хивсэн дээгүүр алхана. Киноны зохиогчийн болон өргөн нэвтрүүлгээр цацах эрхийг нь эзэмшдэг Нетфликс компани нь тус киноны эхний хоёр ангийг нь зөвхөн ганц удаа монгол тайлбартайгаар гаргах эрхийг МетаСтори ТББ-д эрхийг олгож, жүжигчин Б. Амарсайхан нээлтийн үйл ажиллагааг зохион байгуулж байгаа юм. Италийн аялагч Марко Пологийн Юань гүрнээр аялсан аяллын тэмдэглэл дээр үндэслэн Netflix компанийн бүтээсэн 10 ангит кино нийтдээ 90 сая ам.долларын өртөгтэй боссон ч төлөвлөж байснаас хамаагүй том амжилт олсон тул цувралын дараагийн бүлгүүдийг бүтээхээр шийдээд байгаа билээ. Энэ цувралд 60 гаруй монголчууд туслах болон олны хэсэгт тоглох болсон бөгөөд үүний дотор Хубилай хааны ээж Сорхагтани хатан, Жаха Хамбу, Наян хунтайж зэрэг түүхэнд чухал үүрэг гүйцэтгэсэн хүмүүсийн дүрийг Монголоос сонгон шалгаруулах гэж байгаа юм.

Т.ДАРХАН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж