Их Британи Фолклэнд арлын хамгаалалтыг нэмэгдүүлнэ

Хуучирсан мэдээ: 2015.03.26-нд нийтлэгдсэн

Их Британи Фолклэнд арлын хамгаалалтыг нэмэгдүүлнэ

Их Британи Фолклэнд арлын хамгаалалтыг шинэчилж, нэмэгдүүлэхэд ирэх 10 жилийн хугацаанд нийт 280 сая фунт-стерлингийг зарцуулах төлөвлөгөөг танилцууллаа. Энэ нь ОХУ-аас Аргентинд 12 ширхэг холын зайн бөмбөгдөгч түрээслүүлэхээр төлөвлөж буйтай холбоотой хэмээн “Sun” сонинд мэдээлжээ. Гэхдээ Аргентинтай хийх зэвсгийн гэрээний талаар ОХУ-ын албаныхан батлаагүй байна. Гэсэн ч Их Британийн албаныхан Фолклэнд арлын оршин суугчдыг болзошгүй аюулаас хамгаалах зорилгоор хамгаалалтыг нэмэгдүүлж буйгаа тайлбарлажээ. Их Британи  эхний ээлжинд яаралтай нөхцөлд нүүлгэн шилжүүлэлтэнд ашиглах зорилгоор хоёр ширхэг “RAF Chinook” нисдэг тэргийг Фолклэнд арал руу илгээсэн байна. Тус арал дээр Их Британийн 1200 орчим цэрэг байнга байршиж, “HMS Clyde” хөлгөөр эргийн харуул, хамгааллыг гүйцэтгэдэг аж.


Аргентин, Их Британийн хооронд Фолклэнд арлын маргаан сүүлийн жилүүдэд нэлээд хурцадсан юм. Үүний зэрэгцээ Фолклэнд арал 2013 онд өөрийн гэсэн удирдлагатай болох эсэх талаар санал асуулга явуулж эцэст нь Их Британийн харъяанд хэвээр үлдсэн билээ.


Өмнөд Атлантын тэнгист орших Фолклэнд арал 1982 оны дөрөвдүгээр сарын 2-нд Аргентины цэргүүд газардсанаар Их Британитай багахан дайн өдүүлж байжээ. Гэвч Фолклэндийн дайн зургадугаар сарын 14-нд Их Британийн ялалтаар өндөрлөсөн байна. Богино хугацааны дайнд Аргентин 655,  Их Британи 255 хүний  хохирол амсчээ. Аргентин тус арлыг 1800 оны үед Испанийн хаанчлалаас өвлүүлэн авсан газар нутаг хэмээн үздэг байна.

Эх сурвалж: ВВС
Б.АНХТУЯА

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж