Улсад дизель түлшний хомсдол нүүрлэсэн өдрүүд үргэлжилсээр байна.
Өнөөдөр л гэхэд ШТС-ууд жижиглэнгийн борлуулалтаа өмнөх өдрүүдийнхээ
эрс багасгачихаж. Түүнчлэн шатахууны хомсдол нийслэлд зам засварын
ажлыг зогсоож дөнгөв. Харин орон нутагт уул уурхай, газар тариалангийн
ажилд хүндрэл учруулсан хэвээр байгаа ажээ. Улсын онцгой комисс өнгөрсөн
долоо хоногийн баасан гарагт энэ асуудлаар хэдэн цаг хуралдсан. Энэ
үеэр зөвхөн тариалангийн салбарт л гэхэд 986 тонн дизель түлш
шаардлагатай байгааг танилцуулсан билээ. Ямартай ч Эрдэс баялаг, эрчим
хүчний яам, Газрын тосны газрынхан нефтийн бүтээгдэхүүн авах шинэ эх
үүсвэр хайсаар байгаагаа ОХУ-аас дизель түлш нэмж авах тухай гэрээ
хэлэлцээр хийж эхэлсэн гэдгээ мэдэгдээд байна. Гэхдээ “Дизель түлшний
борлуулалт удахгүй жигдэрнэ” гэсэн хариултыг хоёр долоо хоногийн
өмнөөс өгч эхэлсэн харьяа яамныхаа болон Газрын тосны газрынхны
амлалт одоог хүртэл биелээгүй байгааг хэлэхэд илүүц байх.
Манай
улс энэ онд төмс, улаанбуудайны хэрэгцээгээ дотоодоосоо бүрэн
хангах зорилт дэвшүүлсэн. Энэ нь Хүнсний аюулгүй байдал хөтөлбөрийн
хүрээнд хийх хамгийн том ажил ч гэж хэлж болно. Хүнс, хөдөө аж ахуйн
яамны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын
хэлтсийн дарга Д.Есөн-Эрдэнээс газар тариалангийн салбарт тулгарсан
бэрхшээлийг хэрхэн зохицуулж байгааг тодруулсан юм. Тэрбээр “Дизель
түлштэй холбоотой асуудлыг эхнээс нь шийдэж байна. Хүнс, хөдөө аж ахуй,
хөнгөн үйлдвэрийн яам болон холбогдох байгууллагууд хаана, хаанаа
үүнд анхаарлаа хандуулж байна. Шатахуун импортлогч компаниуд “Түлш
нийлүүлье” гэсэн хариу өгсөн. Томоохон аж ахуйн нэгжүүдэд эхнээс нь
нийлүүлж байгаа. Тиймээс тариалалтыг технологийн хугацаанд дуусгаж
чадах байх” гэсэн хариултыг өгөв. Тус яамнаас тариалалтыг энэ сард
багтааж дуусгана хэмээж байсан билээ. Ямартай ч зургадугаар сар
гарахад ганцхан өдөр үлдээд байгаа энэ үед тариалалт дуусах хараахан
болоогүй байна.Хэзээ бүрэн дуусах вэ гэдэгт ч албаны хүмүүс хариулт өгч
чадсангүй.
Одоогийн байдлаар үр тариа тариалалт улсын хэмжээнд
88 хувьтай үргэлжилж байгаа. Харин төмснийх 60, хүнсний ногооны
тариалалт 50 хувьтай байгаа ажээ. Ерөнхийдөө төмс, хүнсний ногооны
тариалалт харьцангуй удаашралтай байгаа нь эндээс харагдсан.
Тариалалтын үйл явц ийнхүү удаашрах нь ургацыг төлөвлөсөн хэмжээгээр
хураан авах боломжийг хумих юм.
Төв аймгийн Засаг дарга Ц.Энхбатаас дараах зүйлийг тодрууллаа.
-Төв аймагт тариалалт хэдэн хувьтай үргэлжилж байна вэ?
-Одоогийн
байдлаар улаанбуудайн тариалалт 87 хувьтай үргэлжилж байна. Харин
төмс хүнсний ногоо тариалах ажил 60 орчим хувьтай үргэлжилж байна гэсэн
мэдээ ирүүллээ.
-Дизель түлшний хомсдол тариалалтад хэрхэн нөлөөлж байгаа вэ?
-Нөлөөлж
байна. Тариалалтын ажил удааширсан гэж ойлгож болно. Гэхдээ одоо
томоохон аж ахуйн нэгжүүдийн хувьд байдал харьцангүй сайжирсан. Том
компаниуд нефть импортлогч компаниудтай хийсэн гэрээний дагуу түлшээ
авч байгаа. Харин жижиг аж ахуйн нэгж, өрхийн тариалан эрхлэгчдийн хувьд
байдал хүнд хэвээр байна. Манай аймагт уул уурхайн зарим компаниуд үйл
ажиллагаагаа зогсоосон. Энэ нь эргээд аймгийн эдийн засагт сөргөөр
нөлөөлж магадгүй.
-Жижиг компани, өрхийн тариалан эрхлэгчид аймгийн үр тариа, төмсний хэдэн хувийг нь тариалдаг юм бэ?
-Үр
тарианы 22 орчим хувийг тариалдаг. Харин төмс, хүнсний ногооны
дийлэнхийг тариалдаг юм. Жижиглэнгээр түлш олгохгүй байгаа болохоор үйл
ажиллагаа нь зогсонги байдалд хүрсэн байна.
Сэлэнгэ аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Бодлого зохицуулалтын албаны дарга Ж.Хүдэрбаатараас дараах асуултад хариулт авлаа.
-Танай аймгийн хувьд дизель түлшний хомсдол тариалалтад хэрхэн нөлөөлж байгаа вэ?
-Тариалт
бага зэрэг удааширсан. Одоогийн байдлаар манай аймагт улаанбуудай,
төмс, хүнсний ногооны тариалалт нийт 92 хувьтай үргэлжилж байна. Энэ
долоо хоногтоо багтаагаад дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Жижиг
аж ахуйн нэгж, өрхийн тариаланчдад дизель түлш олдохгүй байгаа. Одоог
хүртэл аймгийн хэмжээнд түлшийг бага хэмжээгээр олгож байгаа учраас тэр.
Тэд төмс, хүнсний ногооны дийлэнхийг тариалдаг юм.
-Тариалалтад шаардагдах дизель түлшийг холбогдох газруудаас хэр нийлүүлж байна вэ?
-Одоо
Сэлэнгээ аймгийн хэмжээнд тариалалтад 350 тонн түлш шаардлагатай
байна. Авах захиалгаа өгсөн. Үүний 320 тонныг нь нийлүүлнэ гэсэн
хариуг өглөө. Өнөө, маргаашдаа багтаад өгчихвөл хүндрэл гарахгүй болов
уу.
"Улс төрийн тойм" сонин