Нийгмийн даатгалын сангаас банкуудад бага хүүтэй байршуулж байгаа мөнгөнөөс тэтгэврийн зээл олгож болох тухай санал сүүлийн үед ихээр яригдаж, ахмад настнуудын дэмжлэгийг аваад байгаа билээ. Зээл олгоход эх үүсвэр маш чухал.
Тиймээс “Нэгэнт нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг хадгаламжаас ч бага хүүтэй /жилийн 10.7 хувь/ байршуулж байгаа бол тэтгэврийн зээлээс гадна ипотекийн зээлд барьцаа болгох зэрэг өөр зүйлд ч ашигладаг байж яагаад болохгүй гэж” гэсэн асуудлыг олон хүн дэвшүүлэн тавьж байна.
Өөрөөр хэлбэл, нийгмийн даатгалын тогтолцоогоо эрс өөрчилж, хуваарилалтын тогтолцооноос хагас хуримтлалын, эс бөгөөс хуваарилалтын тогтолцоонд шилжих ажлыг эхлүүлэх цаг нь болсон гэцгээж байгаа юм.
- Дэлхийн улс орнуудын туршлагаас харахад, нийгмийн даатгалыг хэрэгжүүлэхдээ
- Эв санааны нэгдлийн буюу орлогоороо зарлагаа нөхдөг хуваарилалтын тогтолцоо
- Хагас хуримтлалын тогтолцоо
- Бүрэн хуримтлалын тогтолцоо гэсэн гурван зарчмыг баримталдаг юм байна.
Эв санааны нэгдлийн гэдэг нь орлогоороо зарлагаа нөхдөг хуваарилалтын тогтолцоо. Энэ тогтоцооны үед залуу үеийн төлсөн нийгмийн даатгалын шимтгэлийг тэтгэвэрт хуваарилдаг.
Бидний өвөө, эмээ одоо бидний төлж байгаа шимтгэлээр амьдарч, бид харин үр хүүхдийнхээ төлсөн шимтгэлээр амьдралаа залгуулна гэсэн үг. Хагас хуримтлалын буюу хуримтлалын тогтолцоо нь даатгуулагчийн төлсөн шимтгэл нэрийн дансанд нь хуримтлагдаж байх бөгөөд захиран зарцуулах эрх нь даатгуулагчид өөрт нь байдаг.
Өөрөөр хэлбэл, насаараа хуримтлуулсан хөрөнгөө олон жил хувааж хүртэнэ үү, нэг мөсөн аваад үрж дуусгана уу, тухайн даатгуулагчийн эрх байдаг аж. Мэдээж, хагас хуримтлалын тогтолцооны үед бүх мөнгийг нь өгөхгүй тодорхой хэмжээ заана. Хэрвээ энэ тогтолцоонд шилжсэн тохиолдолд нэрийн дансан дахь мөнгө жинхэнэ утгаараа тухайн хүний хөрөнгө болж, ипотекийн зээлийн барьцаа болгох гэх мэт санаа бодитоор хэрэгжих нөхцөл бүрдэнэ.
Монгол Улсын хувьд эхний буюу нийгмийн даатгалын орлогоороо зарлагаа нөхдөг хуваарилалтын тогтолцоогоор явж байгаа. Өнөөдөр хөдөлмөр эрхэлж буй хүмүүсийн шимтгэлээр ахмад настны тэтгэврийн эх үүсвэрийг бүрдүүлж байгаа гэсэн үг.
1999 онд манай улс нийгмийн даатгалын тогтолцоондоо шинэчлэл хийж “Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тухай хууль”-ийг баталсан. Энэ хуульд 1960 оноос хойш төрсөн даатгуулагчдын шимтгэлийг нэрийн дансанд төвлөрүүлэх, төвлөрүүлсэн мөнгөнд хүү тооцохоор зохицуулсан байдаг. Гэвч нэрийн данстай болсон ч гэсэн үзэл баримтлал нь хуваарилалалтын тогтолцоогоо хадгалж байгаа учраас бүрэн утгаар нь шинэчлэл хийсэн гэж үзэж болохгүй юм.
Яагаад гэвэл, даатгуулагч тэтгэвэрт гараагүй байхдаа юм уу, тэтгэвэрт гараад удаагүй байхдаа нас барлаа гэхэд нэрийн дансан дахь мөнгө нь тэтгэврийн сандаа үлдэнэ. Нэг, эсвэл таван жил тэтгэвэр аваад үлдээсэн хүний мөнгө нөгөө рүү шилжинэ л гэсэн үг.
Хүүхэд болоод ар гэрийнхэнд нь өвлүүлэх, хөрөнгө оруулалтын эргэлтэд оруулах зэрэг зүйл заалт огт байхгүй. Нэрийн дансанд шилжинэ гэдэг тэтгэвэр тогтоох аргад л өөрчлөлт орсон гэсэн үг. Тэгэхээр нэрийн дансны хууль гарлаа гээд тэтгэвэр тогтоох аргыг л өөрчилсөн хэрэг болохоос тогтолцоог өөрчилсөн гэсэн үг биш.
Нэрийн дансанд шилжсэн нь төр зөвхөн ирээдүйд үүсэх эрсдлээс өөрийгөө хамгаалж л байгаа болохоос иргэндээ илүү боломж олгож байгаа хэрэг биш гэдгийг энд хэлэх хэрэгтэй болов уу. Учир нь, Эв санааны нэгдлийн зарчим нь хөдөлмөрийн насны иргэд тэтгэврийн насны иргэдээсээ тооны хувьд их байсан тохиолдолд л ашигтай байдаг.
Манай Улс харьцангуй залуу хүн амтай ч гэсэн ажлын байрны хангамж муу байгаа зэрэг шалтгаанаас үүдэн Нийгмийн даатгалын шимтгэл, тэтгэврийн баланс алдагдалтай гарч байгаа юм. Харьцаа нь нөгөө тал руу хэлбийгээд ирэхээр алдагдал улам л ихэснэ.
2020, цаашлаад 2030 он гэхэд тэтгэвэр авагчдын тоо эрс нэмэгдэж, улмаар нийгмийн даатгалын шимтгэл нэмэгдэх, тэтгэвэр, тэтгэмж буурах байдал харагдаж байгаа учраас нэрийн данстай болгосон гэж хэлж болох юм.
Тиймээс нэрийн данстай болгох нь ирээдүйд үүсэх эрсдэлийг багасгах нэг шийдэл мөн. Гэвч харамсалтай нь нэрийн дансаа мөнгөжүүлэх ажлыг төр хийгээгүй.
Улсын төсөв 7.9 их наяд төгрөг байхад таван их наяд төгрөгийг нэгмөсөн санхүүжүүлнэ гэдэг боломжгүй.
Хууль ёсоор 1960 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш төрсөн иргэд энэ жилээс тэтгэвэрт гарч эхэлсэн.
Гэтэл нэрийн дансанд нь нэг ч төгрөг байхгүй. Холбогдох албан тушаалтнууд нь “Нэрийн дансыг мөнгөжүүлэхэд таван их наяд төгрөг шаардлагатай байгаа” гэж ярьж байна. Улсын төсөв 7.9 их наяд төгрөг байхад таван их наяд төгрөгийг нэгмөсөн санхүүжүүлнэ гэдэг боломжгүй.
Харин эхний ээлжинд тэтгэвэрт гарч байгаа иргэдийнхээ дансыг мөнгөжүүлээд явах бололцоо бол бий. Төр энэ ажлаа хурдан хийж эхлүүлэх хэрэгтэй байна. Учир нь тэтгэврийн насыг нэмдэггүй л юм бол 1960 оноос хойш төрсөн иргэд ялангуяа эмэгтэйчүүд хуулийн дагуу энэ жилээс тэтгэвэрт гарч эхэлнэ.
Зөвхөн эхний ээлжинд гарч байгаа иргэдийн гэлтгүй бусад бүх иргэдийнхээ нэрийн дансыг мөнгөжүүлэх ажлыг хийхгүй бол хуулийн утга учир алдагдах аюулд ороод байна. Халаасандаа мөнгөтэй, түүнийхээ хэмжээг яг таг мэддэг хүн бусдаас арай өөдрөг, сэтгэл санаа тэнгэр явдаг бичигдээгүй хуультай.
Түүн шиг ядаж л “Нэрийн дансандаа мөнгөтэй хүн шүү би” гэж тайвшрах бололцоог иргэддээ олго л доо. Хэрвээ нэрийн дансыг мөнгөжүүлчих юм бол цаашлаад хагас хуримтлалын тогтолцоонд шилжих нөхцөл бүрдэнэ шүү дээ.
Иргэдийн мөрөөдөөд байгаа “Нэрийн дансан дахь мөнгөний ядаж тал нь /тэтгэврийн хөгшдийг мөнгөө нэгмөсөн аваад цаашдаа гуйлгачин байдлаар амьдар гэх нь яаж ч байсан хүнлэг бус хэрэг учир хагас хуримтлалын тогтолцоо нь л манай улсад илүү тохирох болов уу/ ипотекийн зээлийн баталгаа болох” боломж ингэж бүрдэнэ.
Нийгмийн даатгалын тогтолцоотой холбоотой мэдээлэл цуглуулж байхад хоорондоо зөрүүтэй, эргэлзмээр мэдээлэл нэлээд байсныг хэлэх хэрэгтэй. Тухайлбал, “Шударга хүү” хөдөлгөөний тэргүүн С.Зоригтбаатар энэ сарын 10-ны өдөр “Өнөөдөр Нийгмийн даатгалын санд нэг их наяд орчим төгрөг эргэлдэж байна. Үүний 815 орчим тэрбум төгрөгийг арилжааны банкуудад хадгаламж хэлбэрээр жилийн 10.7 хувийн хүүтэйгээр байршуулдаг.
Тухайлбал, Төрийн санд 84 тэрбум, Төрийн банкинд 157 тэрбум, ХААН банкинд 59 тэрбум, Капитал банкинд 209 тэрбум, Улаанбаатар хотын банкинд 178 тэрбум, Голомт банкинд 29 тэрбум, Худалдаа хөгжлийн банкинд долоон тэрбум, Капитрон банкинд 13 тэрбум, Чингис хаан банкинд 54 тэрбум, ХАС банкинд 918 сая, Үндэсний хөрөнгө оруулалтын банкинд 15 тэрбум төгрөг хадгалуулсан байгаа” хэмээн ярьсан бол маргааш нь буюу 11-нд ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ “Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө Төрийн санд байршдаг.
Тэр сангаас тэтгэвэр тэтгэмж олгоод, үлдсэн чөлөөт үлдэгдэлд Төрийн сан хүү тооцдоггүй. Энэ нь НДС-ийн хөрөнгийг үнэгүйдүүлж байх магадлалтай” гэж хэлсэн тухай мэдээлэл хэвлэлд гарсан байна.
Х.БАТСАЙХАН
Эх сурвалж: "МОНГОЛЫН МЭДЭЭ" сонин