Новак Жоковичийн амжилт үргэлжилсээр

Хуучирсан мэдээ: 2011.05.31-нд нийтлэгдсэн

Новак Жоковичийн амжилт үргэлжилсээр

Францын нийслэл Парис хотноо талбайн теннисний спортын “Их дуулга” ангилалд багтах чансаа өндөр Францын нээлттэй тэмцээн үргэлжилж байна.

Хамгийн түрүүнд Сербийн Новак Жокович, Италийн Фабио Фониниг тоглолт хийлгүй хожлоо. Өрсөлдөгч нь гэмтэл авч тоглох боломжгүйгээ мэдэгдсэнээр дэлхийн №2 теннисчин нэг ч бөмбөг цохилгүй Францын нээлттэй тэмцээний хагас шигшээд шалгарчээ. Өчигдрийн тоглолтууд эхлэхэд Хятадын Ли На, Чехийн Петра Квитоваг 2-6, 6-1, 6-3-аар хожсоноор French Open тэмцээний шөвгийн наймд шалгарсан анхны хятад теннисчин боллоо. 21 настай, Хятад теннисчин шийдвэрлэх сетэд зургаан гейм дараалан авч, ялалт байгуулсан байна.

Эрэгтэй ганцаарчилсан төрөлд аваргаа хамгаалан оролцож байгаа Рафаэль Надаль, Хорватын Иван Любичич нар таарсан. Ахмад теннисчний эгнээнд зүй ёсоор нэрлэгдэх болсон Любичич энэ тулааны эхний сетийг эрчтэй эхлүүлж тай-брек хүргэх дөхсөн ч 12 дахь геймд алдаа гаргаснаар 7-5, 6-3, 6-3 харьцаатай дэлхийн тэргүүн теннисчинд ялагдсан байна.

Аргентиний Хуан Игнасио Челла, Колумбын Алехандро Фалла нарын тулаан энэ өдрийн хамгийн урт тоглолт болж, бараг дөрвөн цаг орчим үргэлжилжээ. Өгөө, аваатай тоглож байсан хоёр теннисчин шийдвэрлэх тав дахь сетэд ялагчаа тодруулахад чансаа илүү Аргентин теннисчин ялалт байгуулсан байна.

Зохион байгуулагч орны гол найдвар Гейл Монфильс дөрөвдүгээp шатанд Испанийн Давид Феррертэй өрсөлдөж, мөн л таван сетийн өрсөлдөөнийг гаргасан юм. Энэ тулаанд Францын теннисчин илүүрхжээ.

Шведийн Робин Сёдерлинг энэ шатанд Францын Жил Симоныг 6-2, 6-3, 7-6 харьцаатай хожиж, шилдэг наймд үлдлээ. “Ролан Гаррос”-т хоёр ч удаа шигшээд шалгарч байсан тэрбээр шөвгийн наймд Рафаэль Надальтай тоглохоор болсон байна.

Эмэгтэйчүүдийн өрсөлдөөнд чансааны дөрөвт бичигдсэн Беларусийн Виктория Азаренка, Оросын Екатерина Макароваг 6-2, 6-3 хожиж, шилдэг наймд үлдлээ. Маргааш Хятадын Ли Наг хожиж чадвал Азаренка хагас шигшээд шалгарах юм.

Түүнтэй хагас шигшээд таарах магадлалтай Мария Шарапова, Польшийн Агнешка Радванскаг 7-6, 7-5 харьцаатай хожсон байна. Тэмцээний чансааны долдугаарт бичигдсэн Оросын теннисчин шөвгийн наймд Германы Андреа Петковичтай тоглоно. 

Score Studio
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж