-Монгол-БНХАУ-ын тоглолт гуравдугаар сарын 27-ны өдөр болно.-
Монголын хөлбөмбөгийн залуучуудын шигшээ баг Лаос улсыг зориод байгаа билээ. Манай шигшээ баг өчигдөр Лаосын үндэсний төв цэнгэлдэх хүрээлэнд эхний бэлтгэлээ хийжээ.
2016 онд болох 23 хүртэлх насны Азийн аварга шалгаруулах тэмцээний сонгон шалгаруулалтын “J” хэсгийн тоглолт Лаос улсын Вьентьян хотноо гуравдугаар сарын 27-31-ний өдрүүдэд болох юм. Энэ хэсэгт Монгол, БНХАУ, Лаос, Сингапур улсын багууд багтсан бөгөөд нэг, хоёрдугаар байраар шалгарсан багууд шигшээ тэмцээнд оролцох эрхийг авна.
Азийн 43 улсын баг урьдчилсан шатанд 10 хэсэгт хуваагдсан бөгөөд хэсэг бүрийг тэргүүлсэн 10, дэд байр эзэлсэн хамгийн өндөр үзүүлэлттэй тав, нийт 15 улсын баг ирэх жил болох шигшээ тэмцээнд оролцох эрхийг авах юм.
Тэмцээн ирэх баасан гаригт эхлэх юм.
Тэмцээний хуваарийг танилцуулья:
III.27 (Баасан) Монгол-БНХАУ
III.29 (Ням) Монгол-Лаос
III.31 (Мягмар) Монгол-Сингапур тус тус тоглоно.
Залуучуудын шигшээ багийн ахлагчаар МХБХ-ны дэд ерөнхийлөгч, ОУХМ Б.Буман-Учрал, ахлах дасгалжуулагчаар “Эрчим” клубын дасгалжуулагч, спортын мастер Д.Батнасан, туслах дасгалжуулагчаар мөн клубын тоглогч З.Баттулга, хаалгачийн дасгалжуулагчаар спортын мастер Ш.Баянжаргал нар ажиллаж байна.
Шигшээ багийн бүрэлдэхүүнд нийт 23 залуу тоглогчид багтсан бөгөөд тэдний дунд Монгол-Зүүн Тиморын тоглолтод оролцсон зургаан тамирчин байна. Тодруулбал М.Төгөлдөр, А.Цолмон, А.Улсболд, Г.Гандэлгэр, Б.Төгсбилэг, С.Гал-Эрдэнэ нарын тамирчид 2018 оны ДАШТ-ий урьдчилсан шатны тоглолтод Үндэсний шигшээ багт багтан тоглосон байна.
Ч.БОЛОР